Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарч гуайгаас уучлалт хүсэж байна
Манай fact.mn сайт өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, телевизийн нэрт найруулагч Го.Бадарчийн тухай “Го.Бадарч МҮОНТ-ийн найруулагчийг зоджээ” гэсэн гарчиг бүхий мэдээг нийтэлсэн юм. Улмаар уг мэдээнд дурьдсан үйл явдал бодитой гэдэгт эргэлзсэн олон уншигч манай редакцид хандсан бөгөөд энэ мөрөөр асуудлыг нягтлан тодруулахад, ийм үйл явдал болоогүй, өөрөөр хэлбэл манай сайт баталгаагүй эх сурвалжийн баримт нотолгоогүй мэдээг шүүрэн авч олон нийтэд хүргэсэн нь тодорхой болсон билээ.
Мэргэжлийн ёсзүйн үүднээс бол энэ нь туйлын хариуцлагагүй үйлдэл төдийгүй сайтын хамт олны хувьд үнэхээрийн ичгэвтэр хэрэг болсон билээ. Үүнээс хамгийн ноцтой нь, хүний нэр төрд бүдүүлгээр халдсан явдал бөгөөд энэ нь бидний санааг юу юунаас илүү зовоож байгааг үүгээр илэрхийлэхийн хамт, дээрх мэдээнд нэр дурьдагдсан Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарчаас бид уучлал гуйн мэхийж байна.
Мэргэжлийн тулгуур зарчим, ёсзүйн хэм хэмжээгээ зөрчин Таны нэр хүндэд халдсан үйлдэл гаргасандаа бид туйлаас гэмшин харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье.
Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх өндөр алдарт хүртлээ зүтгэж, Монголын сэтгүүлзүй, телевизийн урлагт таны бүтээсэн их үйлс, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйд гаргасан тодоос тод зам мөрийг бид цаашид ч хүндэтгэж, замнал дуурайллаа болгосоор байна гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ, мэргэжлийн ёсзүйн зарчим төдийгүй хүний ёсзүйн зарчмыг аль ч үед умартал үгүй сахин биелүүлж явахыг үзэг нэгт нөхөддөө уриалж байна
Fact.мн сайтын редакц
URL: