Самар “цөмөгчид” буюу улсын мөнгө халааслагчдыг эрэн сурвалжилна
Энд юуны өмнө эх орны минь байгалийн баялаг хуш модны самрыг дагасан бизнес, түүнээс улсад орж буй ашиг, орлого, татварын гүйцэтгэл хэрхэн явагдаж буй тухай дурдана. Нөгөө талаар самрын бизнест төрөөс зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага хэрхэн ажиллаж байгааг, энэ байгууллагын нэрээр дарга, мэргэжилтнүүд нь хэрхэн самар “цөмөгчид” болж хувирсан тухай эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд эхний цувралаа хүргэж байна.
1990-ээд оны үеэс Хятад улс манайхаас их хэмжээгээр хуш модны самрыг авч эхэлсэн байдаг. Иймээс Байгаль орчин хариуцсан чиглэлийн яам хушны самрын идээг экспортлох зөвшөөрлийг зохих дүрэм журмын дагуу олгож иржээ. Энэ зөвшөөрлийг авсан компаниуд самрыг түүхдээ килограмм тутамд 800 төгрөг, хилээр гаргахдаа килограмм тутамд 3000 төгрөгийн татварыг улсад төлдөг байна. Энэхүү татвар нь тухайн бизнесийг эрхэлж байгаа компаниудад ашиггүй ч улсад подхийсэн орлого оруулж, хувь нэмрээ өгөх тооцоо харагддаг юм. Гэсэн ч энэ мөнгөний нэлээд хувь нь улсад ордоггүй, зөвшөөрөл олгосон хүмүүсийн халаас руу урссан байж болзошгүй баримтууд гарч ирж байна.
Тухайлбал, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-ийг хууль дүрмийн дагуу авсан компани бүтээгдэхүүнээ хилээр гаргах гээд гааль дээр саатуулагджээ. Гаргаж байгаа самрандаа килограмм тутамд нь 3000 төгрөгийн хураамж төлсөн компани 900 сая төгрөгөөр хохирч, энэ мөнгө улсад биш “цөмөгчид”-ийн гарт орсон байж болох ганц л сэжиг таавартай үлдсэн байх юм. Зөвхөн нэг л компанийн хувьд ийм байхад цаана нь буй зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн татвар, төлбөрүүд зохих журмаараа улсын орлогод төвлөрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Эргэлзэхээс ч аргагүй мэдээлэл бидэнд ирсэн. БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар гадаадад хушны самрын идээ гаргасан аж ахуйн нэгжүүдийн төлбөр барагдуулалтанд хоёр хүн нэгэндээ зээлээр гурил будаа өгчихөөд дараа увуулж цувуулаад өгчихөөрэй гэдэгтэй адил шахуу хандаж байна. Үүнийг хууль хяналтынхан ч шалгах ёстой гэдгийг дурдмаар байна. Ганц жишээ дурдахад л, бүр нэг жилийн өмнө 10 тонн самар гаргачихсан “Оюу цагаан барс” ХХК тэмдэгтийн хураамжаа огт төлөөгүй байдаг. Тэр байтугай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнийхээ үнийг ч төлөөгүй энэ компани яахаараа Монгол улсын хил гаалиар Монгол улсын ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн хуш модны самрын идээг гаргаад явж байдаг байна вэ? Бас нэгэн баримт бол “Эс Си интернэшнл” ХХК гурван сарын өмнө 420 тонн самар гаргасан хэрнээ 200 сая төгрөгийг л төлж, 1 тэрбум 60 сая төгрөгийг “30 хоногийн дотор төлнө” гэсэн нөхцөлтэйгөөр гаргаад одоог хүртэл нэг төгрөгний ч төлбөр хийгээгүй явж байна. Тэгсэн хэрнээ хураамж, татвараа төлчихсөн аж ахуйн нэгжийг зөвшөөрлийнхөө дагуу самраа гаргах гээд хил дээр очихоор төлбөр нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихдог нь ямар учиртай вэ? Хуулийн дагуу төлсөн мөнгө болон журмандаа захирагдалгүй “зээл” маягаар гаргачихсан самрын татвар гээд энэ их хэмжээний мөнгө хаачсан бэ? Самрын идээ гаргах энэ бизнесийг дагаад төрийн албан хаагчид, тэдний хамсаатнууд оролцсон орооцолдоон үүссэн үү? Энэ бүх орооцолдооны ард Тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурдаг П.Бүнчинжав, Х.Оюунбилэг нарын хүмүүс бий юу? Тэд “самар цөмөгчид” мөн үү? Ийм олон асуулт ар араасаа урган гарч байгаа бөгөөд бид энэ талаар олдсон баримтууд дээрээ түшиглэн цааш эрэн сурвалжилж ойрын үед дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Г.Баяр
URL: