Туркийн ерөнхийлөгчийн ноёрхол удаан үргэлжлэхгүй
-Туркийн “нео султан” Режеп Тайип Эрдоган Хар тэнгисийг “Оросын нуур” болгохгүйн тулд НАТО-гоос цэргийн дэмжлэг хүссэн гэнэ-
Ерөнхийлөгч Эрдоган Балканы орнуудын ерөнхий штабын дарга нартай уулзах үеэрээ Хойд атлантын альянсыг Хар тэнгист хүч нэмэгдүүлэхийг уриалжээ. Үнэндээ тэрбээр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенбергтэй уулзахдаа ч энэ сэдвийг хөндөж байсан юм. Султаны түүнд тайлбарласнаар НАТО Хар тэнгист байхгүй учраас тэр хэсэг “Оросын нуур” болон хувирсан гэнэ. НАТО-гийнхон энэ үед л арга хэмжээ авахгүй бол түүх биднийг өршөөхгүй гэж Эрдоган уриалсан байна.
Столтенбергийн хувьд Хар тэнгис дэх Туркийн ашиг сонирхлыг хамгаалж, альянсаа Оросын эсрэг тавихгүй нь ойлгомжтой. Амбиц ихтэй, өөрийнхөө зоргоор зүтгэдэг Эрдоган зөвхөн Оростой төдийгүй баруунтай харилцаагаа муутгасан. Тэрбээр Европыг дүрвэгсдийн урсгалаар шантаажилж, байнга мөнгө нэхэж зовоож байсан юм. Хэвлэлүүдээр түүнийг Европыг шахаанд оруулж байгаад туркуудээ Европын холбоогоор визгүй зорчуулах зорилгодоо бараг хүрсэн гэж бичиж байна. Гэхдээ үнэхээр тийм зүйл болсон уу.
Ууртай султан Европын холбоог яах ч аргагүй асуудалд тулгаж байгаад санасандаа хүрч чаджээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Европын шинжээчид Европын холбоо, Туркийн хооронд визгүй зорчих асуудлыг судлаад эхэлсэн гэнэ. Визгүй болох нь Анкара, Брюсселийн хооронд байгуулсан дүрвэгсдийн асуудлаарх гуравдугаар сарын зөвшилцлийн нэг хэсэг юм. Европын холбоо ч дүрвэгсдээр далайлган айлгаж байгаа Туркээс яаж ийж байгаад салах аргаа хайж ядаж байгаа гэж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сажин хэлж байна. Тэрбээр “Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Европын холбоотой чанга дуугаар харьцах боломж бүрдсэн. Тэгээд ч түүний гарт зөвхөн Сирийн төдийгүй Афганистан гээд олон орны хэдэн зуун мянган дүрвэгсэд байна шүү дээ. Эрдоган ч гарт нь ороод ирсэн олзыг маш сайн ашиглаж байна” хэмээн мэдэгджээ.
Гэхдээ Германы “Die Wielt” сонинд гарсан Нандо Зоммерфельдт, Хольгер Шепитц нарын нийтлэлд арай өөрөөр бичжээ. Эрдоган өдгөө хэнд ч ялагдашгүй нөхөр мэт санагдаж болох юм. Гэвч тийм биш. Турк улс эдийн засгийн томоохон асуудалд оржээ. Үнэхээр ч Ангела Меркель дүрвэгсдийн асуудлаар Туркийн Ерөнхийлөгчийн гарт орчихоод байгаа бөгөөд Европын холбоо туркуудыг нь визгүй зорчуулахаас өөр аргагүй байдалд орсон байж болох юм. Эрдогантай үе үе зөрчилддөг Ерөнхий сайд Давутоглу нь ажлаа хүлээлгээд өгчихлөө. Эрдоган бусад шиг Путины өмнө ч бөмбөгөнөж чичрэхгүй байна. Тэгэхээр “Европын шинэ хаан” гараад ирчихэв үү. Огт тийм биш.
Эрдоган улс төрийн ялалтынхаа ид үедээ унаж болзошгүй. Учир нь Туркийн цорын ганц сул тал нь эдийн засаг юм. Тус улс гадаад валютын байнгын урсгалаас хамаарсан эдийн засагтай. Валют орж ирэх тогтмол эх үүсвэр, ажлын байр нь аялал жуулчлал. Үүгээрээ тэд ДНБ-ий зургаахан хувийг олдог ч хүн амынхаа наймаас илүү хувийг ажлын байраар хангаж дөнгөдөг байв. Гэвч алан хядах аюул заналхийлэл, Эрдоганы этгээд бодлогын нөлөөгөөр аялал жуулчлал хөгжихөд нь саад учирчээ. Гуравдугаар сард л гэхэд гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар буурсан байна. Яг ийм бууралт сүүлийн найман сар дараалан үргэлжилж буй юм. Үүнээс гадна сүүлийн 10 жилд анх удаа маш цөөн тооны жуулчин хүлээн авчээ. Жуулчдын тоо буурсан гол шалтгаан нь хамгийн олон жуулчин ирдэг Орос, Германы талынхан бойкот зарласантай холбоотой гэнэ.
Аялал жуулчлалын уналттай холбоотойгоор нислэгийн компаниуд нь ч хүнд цохилт амсаж байна. Төрийн өмчийн “Turkish Airlines” л гэхэд 1999 оноос хойших хамгийн том алдагдалд орсон тухай өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Тус компани энэ зун хүчин чадлаа 14 хувиар нэмэгдүүлэхээр өмнө нь төлөвлөчихсөн байсан учраас нөхцөл байдал цаашид улам дордоно. Ерөнхий сайд Давутоглу гэнэт огцорсон нь зах зээлд мөн л сөргөөр нөлөөлөв. Туркийн лирийн доллартай харьцах ханш тавдугаар сард 5.5 хувиар, евро таван хувиар унажээ. Америкийн “JP Morgan” хөрөнгө оруулалтын банкны шинжээчид улс төрийн эрсдэлийн улмаас Туркийн хөрөнгө оруулалт хумигдана хэмээн дүгнэж байна. Германы нийтлэлчид эдгээр үйл явдлыг нэрлэснийхээ дараа “Тиймээс Эрдоган энэ том шоунуудаа хэр удаан үргэлжлүүлэх бол гэдэг асуулт үлдлээ” гэж тэмдэглэжээ.
politik.mn
URL: