“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Уг тогтоолын төслийг баталснаар “Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс болж, тухайн бүсэд амьтан, ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэх үндэс бүрдэх юм. “Халх гол” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа доорх 6 зарчмыг баримтлах аж. Тодруулбал:
1. “Халх гол” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх;
2. “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх;
3. “Халх гол” чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх;
4. “Халх гол” чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх;
5. “Халх гол” чөлөөт бүсэд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэх хуулийн этгээд нь 51-ээс дээш Монголын талын оролцоотой байх;
6. “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүний тоо “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах Монгол Улсын иргэдийн 3 хувиас илүүгүй байхаар тусгажээ.
Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэнээр ажиллаж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үүц болсон Халх гол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулах юм.
О.Баяр
URL: