Хуулийн хүчирхийлэл
Дэлхийн өмнөд хэсэг Арабын орнуудад голдуухан цэрэг зэвсгийн хүчирхийлэл хүрээгээ тэлж энгийн ард иргэд дайн самууны золиос болж байгааг бид байнга сонсдог. Яасан ч олон дайны хэнээтнүүдээр дэлхий дүүрсэн юм бэ дээ гэж сэтгэл зовдгийм.
Алдаа дутагдлыг нь түргэхэн олж харчихаад. Дараа нь..
Тэгвэл манай Монголд ямар хүчирхийлэл их байнав гээд бодоод үзлээ. Хөрөнгө, эрх мэдлийн бас гэр бүлийн хүчирхийлэл гээд л хөвөрнө. Эр, эмийн хоорондын хүчирхийлэл ч элбэг байдаг. Тэр бүхний дээр сүүлийн үед хуулийн хүчирхийлэл гэсэн том бүлэг нэмэгдлээ.Төр, засгийн үйл ажлын хүрээнд энэ хүчирхийлэл нэлээд газар авсан гэж болно.
Эхэндээ үүнийг арай өөр томьёоллоор ойлгоод байж. Улсын Их Хурал дээр гэхэд олонх нь цөөнхөө дарангуйллаа. Олны хүчээр түрээ барьж асуудалд хандлаа гэж л шүүмжлээд өнгөрдөг нь олонтаа байв. Гэтэл биш юмаа. Тэр дарангуйллын цаадах хэрэглүүр нь ямар нэг хууль байдаг болжээ. Энэ төрлийн хүчирхийллийг үйлдэхдээ хуулийг ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол хуулийн заалтыг гажуудуулж чаддаг. Ийм жишээ сонгууль дөхсөн үед ихсэж байна. Үнэнхүү шударга өрсөлдөөнтэй сонгууль болгоно гэж нэрэн дээрээ ярих ч нидэр дээрээ хуулиар халхавчилсан бусармаг бүхнийг нам, хүчнүүд үйлдэх юм.
Тэр дотор аль нэг намыг хүчгүйдүүлхийн тулд дөнгүүр боловсон хүчнүүдийг нь Авлигатай тэмцэх газраар баривчлуулж шоронд суулгадаг “шилдэг арга” бий болгосон. Ялих шалихгүй юмаар гэмт хэрэгтэн болгохыг хичээж байгаа. Хар л даа. МАХН-ыг яасан их хавчиж, хяхаж сонгуульд аль болохоор хүчгүй оролцуулах аргыг хайж байгаагаас бэлхнээ мэдэж болох юм. Бусад өрсөлдөхүйц шинэ намыг хүртэл бие даан сонгуульд оролцох эрхийг хасч байгаа. Аль нэг тойрогт хүчтэй өрсөлдөгч гарч ирэхээр бол тэр хүнийг бас шоронд хийгээд “намначихна”.
Сонгуулийн дараа “уучлаарай” гээд гаргадаг. Өмнөх сонгуулиар ч ийм жишээ олон байсан шүү дээ. Энэ нь хуулийн хүчирхийлэл хэрэглэж байгаад хэн нэгний сонгуульд ялах замыг засч байгаа нь тэр юм. Тийм бол одоо болох сонгуулийн өмнөх хуулийн хүчирхийлэл улам дэвэрч байна. УИХ-ын дарга З.Энхболдыг сүрхий дарангуйлагч, хорчин гэж бичээд л байна. Үнэндээ ч тийм арга барилтай хүн л дээ. Гэхдээ УИХ-д хэлэлцэж байгаа асуудлын эсрэг юм ярьсан хүний үгийг тасалж микрофоныг нь хаахдаа ямар нэг хуулийн заалт хэлж л дуулддаг. Тэр нь уул шугамандаа З.Энхболдын хийсэн хуулийн хүчирхийлэл болж таарч байна.
Сонгуулийн хуульд намуудад нэрсийн жагсаалт гэдэг юм үгүй болсноос үүдээд энэ жилийн сонгууль тун өрсөлдөөнтэй болох нь. Тэгэхлээр хүчтэйхэн өрсөлдөгч хэдэн хүнийг Авлигатай тэмцхийнхнээр ачуулж магадгүй л бололтой. Хамгийн сүүлчийн нэг жишээ татахад Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг тодруулахдаа урьд арбитрынхан материал чинь бүрджээ зөрчилгүй байна гээд хүлээгээд авчихсан бие даан нэр дэвшигч 19 хүнийг сонгуулийн хууль зөрчсөн гээд жагсаалтаас хасаад хаячихжээ.
Яахав зөрчил байж болох ч 19 хүн цөмөөрөө уг хуулийн ганцхан заалтыг бүгдээрээ зөрчсөн байна гэдэг нь сонин юм л даа. Энэ бол яах ч аргагүй хуулийн хүчирхийлэл мөнөөс мөн. Хэн нэгний эрхийг хязгаарлахын тулд хэрэглэдэг арга нь хуулийн хүчирхийлэл. Тэр хүчирхийллийг үйлдэхдээ бас өөр бусад хуулийг зөрчиж байна. Тиймээс хуулийн хүчирхийллийг зогсоох хууль санаачилмаар байна. Ийм эрхийг надад өгчихөөч!
Д.Бичээчхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: