Тэд 2012 онд ингэж орж ирж байлаа
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар 2012 онд МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байв. Тухайн үед “Бид МАХН-ыг итгэл үнэмшлээрээ сонгосон. Монгол Улсын хөгжлийн бүхий л үе шат МАХН-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир МАХН-ынхаа талд баттай зогсоно.
Үнэндээ МАН-ынхан шинэ батлахаа бүлгийн хурал дээр хүчээр тараасан” хэмээн МАХН-д орж ирж байсан төрийн түшээд дөрвөн жилийн дараа МАХН-аас гарч МАН-д элсэхээр болсноо мэдэгдсэн юм. МАН-д элсэх болсон шалтгаанаа “Сонгуульд амжилттай оролцохын тулд ийм шийдвэрт хүрлээ” хэмээн тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, сонгуулиас сонгуулийн хооронд хоёр намын дунд нүүдлийн шувуу шиг “амьдарч” байгаа гишүүд дөрвөн жилийн өмнө юу гэж хэлж, амлаад МАХН-ын үүдийг татаж байсныг уншигчид мартаагүй. Тэр дундаа Д.Тэрбишдагвын хэлж байснаар “Манай сонгогчид над руу утас улайтал ярьж МАХН-ын батлахаа сэргээх эсэхийг асуулаа” гэсэнчлэн сонгогчид бүр ч тод санаж байгаа нь лавтай. Гэсэн ч тэд 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН-д орж ирэхдээ юу гэж ярьж, амласныг эргэн сануулъя. Магадгүй эрхэм гишүүд өөрсдөө мартсан байж магад.
2012 оны тавдугаар сарын 02: “Бид итгэл үнэмшлээрээ МАХН-ыг сонголоо” ийм гарчигтай мэдээлэл хэвлэлүүдийн тэргүүн нүүрт гарч байв. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн бүлгээсээ гарсны дотор Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-аас гарч МАХН-д элсч буйгаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан албан ёсоор мэдэгдэж байлаа. Гишүүд МАХН-д орох болсон шалтгаанаа сэтгүүлчдэд ийнхүү тайлбарлажээ.
Ч.Улаан: ЭНЭ НАМЫН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ИЛТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ЗҮТГЭЖ ЯВАА
-“МАН-аас гараад өөр намд элсэнэ, элсэхгүй гэдэг асуудал биш. Миний хувьд анх элссэн намаа сэргээнэ. МАХН-д 1981 оны тавдугаар сарын 10-нд өргөдөл өгч гишүүнээр элссэн. Энэ намын төлөө тууштай илтгэл үнэмшлээрээ зүтгэж яваа. Би итгэл үнэмшлээрээ сонголтоо хийлээ.
Бидний итгэл үнэмшилд хамгийн ойр байгаа нам бол МАХН. Зүүний чиглэлийн нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай хоёр нам зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ буруу гэж бодохгүй байгаа. Гэхдээ үндсэн зорилго, суртал, хэрэгжүүлж байгаа арга хэлбэр, эцсийн зорилго энэ бүхнээ дүгнэж цэгнээд итгэл үнэмшлээрээ асуудлаа шийдвэрлэж байгаа юм шүү. Үнэний шалгуур бол амьдрал. Намаараа талцахгүй, улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө шударга хүмүүс, улс төрийн бүх хүчин хамтарч ажиллаасай гэж бодож байгаа”
Д.Тэрбишдагва: МАН-ЫН ШИНЭ БАТЛАХЫГ УИХ-ЫН БҮЛЭГ ДЭЭР ГИШҮҮДДЭЭ ШУУД ТУЛГАН ГАРДУУЛСАН
- “Хоёр удаа сонгуульд оролцсон бичиг баримтаа эргэж харлаа. Өчигдөр оройноос хойш манай сонгогчид утас улайтал ярьж анхны батлахаа сэргээх эсэхийг асуулаа. МАХН-ын батлах байгаа. Түүнийгээ сэргээнэ. 2004, 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулж байсан.
Миний бие одоо МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвших гэж байгаадаа баяртай байна. Ер нь хүн ямагт нэг зангаараа, ноёр нуруу нь нугарахгүй, амьдралынхаа турш баримталж ирсэн жанжин шугамаасаа хазайхгүй байх нь эрхэм юм. Энэ л миний зарчим. МАХН гэдэг нэр энэ зуунд Монголын бүх ард түмний чихэнд хоногшин үлдсэн учраас бидний өмнө үеийнхэн энэ намын гишүүн байж, улс орныхоо төлөө зүтгэж ирсэн түүхтэй.
Тиймээс Монгол Улсын хөгжлийн бүхий л үе шат МАХН-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир МАХН-аа сонгосон.О.Чулуунбат, Ч.Улаан бид гурав МАХН-д шинээр элсээгүй. Үнэндээ МАН-ын шинэ батлахыг УИХ-ын бүлэг дээр гишүүддээ шууд тулган гардуулсан шүү дээ. Ийм л учраас МАН-ын олон гишүүн МАХН-ын батлахаа сэргээсэн. Тэдний нэг нь би. Буруу гэж үү.
С.Уянга
Зууны мэдээ
URL: