ХОШНОГО МИНЬ УЛАЙЖ ЭЛЭГ МИНЬ ДОРДОЙВ
ИЛ ЗАХИДАЛ
УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболд,
Монгол улсын баатар, Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл болон АН-ын нийт гишүүд дэмжигчидэд.
Сайн байна уу.
Ардчилсан Монгол улсын эрх баригч Ардчилсан намын хамгийн том хоёр эрхэмийн энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилж байна.
Хошного минь улайж, элэг минь дордойв. 5 сарын 17-ноос 18-ны шилжих шөнө Гэрэлчулуун даргаар толгойлуулсан Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн 19 бие даагчид болон зарим нам эвсэлийг замаасаа зайлуулсанаа тэмдэглэж оргилуун дарс буудуулсан юм байх аа. Тэгээд дараагийн байгаа УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй бие даагчдын хандыг хага дарах хэмээн тодорхойлж ам өчигөө өчилцөж. УИХ-д бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан 90 гаран хүний мөрийг мөшгиж, мөчийг нь тоолж ямар нэг өө сэжүүр олох үүрэг бүхий нууц ажлын хэсгийг 100 орчим хүний бүрэлдхүүнтэй байгуулж ажилд нь оруулсан бололтой.
Бид цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар олдсон эрхээ эдлэх гэж өвчтэй солиотой, эрүүл галзуугаараа дуудуулан дуудуулан байж өчүүхэн муугаа үл чамлан төрөө төвшитгөх үйл хэрэгт өөр өөрсдийн оруулах хувь нэмэр байгаа хэмээн итгэж бяцхан зүрхэндээ өчүүхэн горьдлого тээн яваа цөөн хэдэн иргэд. Бид бас эрх чөлөөт, хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан Монгол улсын иргэд. Бас 3 сая навчны дундаас үр болон ургах гэж тэмүүлж буй эгэл жирийн нахиа. Шивэртэй гээд хөлөө тайрч хаядаггүй гэдэг үг байдаг. Бид муу байж болно. Муухай байж болно. Шивэртэй байж болно. Гэхдээ л ял эдэлж, ялгаварлагдан гадуурхагдамааргүй байна.
Бие дааж нэр дэвшин төрөө түших хүсэлд ял оноодоггүй болоод даруй 26 жилийн нүүр үзсэн хэмээн горьдож явсан минь буруу байж. 1990 онд төрсөн хүүхдүүд маань өсөж том болоод үрийн зулай үнэрлэсэн эцэг эхчүүд болж.
Манай нийгмийг, ардчилалыг амьд организм хэмээн үзвэл түүний дархлааны цагаан эсүүд нь “бие даахыг хүсэгчид” хэмээн тодорхойлж болно. Миний хувьд бие даагчид ингэж эрс олширсон явдалыг: “Монголын улс төр, нийгэм эдийн засгийн байдал өвчилж үгдэрсэн. Хүнд өвчнөөс салахын тулд цагаан эсүүд өөрийн мэдэлгүй хөдөлгөөнд орж идэвхжихээс өөр аргагүйд хүрдэг. Биеийн халуун буурахад тэд аяндаа цөөрнө” хэмээн дүгнэж байна. Та бүхэнд улс орныхоо хувь заяаны төлөө гэсэн эрүүл саруул сэтгэл зүрх байгаа бол бие даагчдыг алга ташин хүлээж авах учиртай юмсан. Бид дайсанууд биш. Бид комьпютерийн ард нуугдаж бусдыг муулан бухимдаж суугаагүй. Олон олон эрсдэлийг үл тоон, ах дүү хамаатан садандаа загнуулан загнуулан байж “цээжээ дэлдэн” гүйлдэж яваа хөх Монголын үрс. Бид бас эх орноо, элэг нэгт Монгол түмнээ өөр өөрсдийнхөө ухаанаар л хайрладаг. Энэ бодлуудаа зөв гэж итгэж явдаг. Өөрийн итгэлээ, дотоод бодлоо нуудаггүй хаа явсан газраа “ханхалуулж” явцгаадагийг минь буруу гэхгүй юм бол өөр хэнд ч гэм хийгээгүй.
Бидэнд олдсон мэдээллээр танай намын угшилтай төрийн албан хаагчид ингэж ажиллаа.
- Долоон буудалд байдаг “Должин эмээ”: “Гялалзсан хар машинтай сүржин, дээрэнгүй аястай яриатай хоёр хүн ирээд явлаа. Нэг хашаанаас хэт олон хүн гарын үсэг зурсан байна. Та нар яахаараа тэнэг юм шиг ингэж олуулаа бие даагчийг дэмждэг юм. Мөнгө төгрөг авсан биз, та нарыг сайн тэмдэглэж авлаа “ хэмээн та нарын тухай матаж байна.
- Салаанд нэг айлыг хайсаар байгаад олж очиж. Яахаараа утасаа тавиагүй юм. Өдий болтол гар утасгүй хүн гэж байдаг юм аа хэмээн багаггүй дүвчигнэцгээсэн байна.
- Баянзүрх, Чингэлтэй зэрэгт сонгуулийн хорооноос бие даагчийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүс рүү залгаж утсаар судалгаа авахдаа Чи аль намыг гишүүн бэ. Намын гишүүн байж тэнэг юм шиг бие даагчийг дэмиж гарын үсэг зурдаг хэн юм, намд чинь хэлж хариуцлага тооцуулна.
- Нэгэн бие даагч өөрийн биеэр явж 600 гаран хүний гарын үсэг зуруултал 480-ыг нь хуурамч хэмээн тогтоож,
гэх зэргээр маш няхуур, чамбай хүн нэг бүрээр тулж ажиллаж байж жагсаалт бүрээс ямар нэг “но” илрүүлэн газар дээр нь протокол үйлдэн тухайн хүмүүсээр нь гарын үсэг зуруулж баримтжуулж авсан байна. Бидэнд мэдээлэл өгсөн хүмүүс бүгд айж болгоомжлон өөрсдийг нь хэнд ч хэлэхгүй байх талаар баталгаа шаардаж гуйж байна.
Үйл явц иймэрхүү дарааллаар өрнөлөө. Үүнийг би хувьдаа хаа нэгтэй, магад хилийн чинадад жилийн өмнөөс бичсэн сценарын дагуу явагдаж байна хэмээн хардаж байна. Бүр сонгуулийн хуулийг боловсруулж байхдаа л түүнийг гуйвуулах, засварлах, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх төлөвлөгөө боловсруулагдсан байх. Эхлээд сонгуулийн хуулинд зургаан сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх заалтыг зориуд “мартсан”. Цэцийг дохио зангаагаар ажилладаг болгохын тулд эхлээд гишүүдийг айлгаж, дарамталж, дараа даргыг нь авч хаясан. Тэгээд цэцээр сонгуулийн хуулийг өөрчлөх шийдвэр гаргууллаа. Энэ хооронд Ганбаатар, ХҮН, МАХН, МҮАН, ИЗН зэргийг цавчихыг нь цавчиж, цохихыг нь цохиж цог жавхлантайгаар зүйл дуусгав. Сүүлийн бай болох бие даагчдыг одоо бүртгэл дээр “нугасалаж” зүйл дуусгав. Даанч босоо Ганбаа, Болорчулуун, Даваасүрэн нар гэнэтхэн намуудад хайр зарлаад унасан юм. Тэд ийм юм болно гэдгийг мэдэж байсан боловч хэнд хэлээгүй сэм сэмхэнээр амь амиа бодоод алга болчихож.
Одоо иймэрхүү юм болох магадлал өндөр байна. Нэг тойрог ойролцоогоор 20.0 мянган сонгогчтой. Тэр тойрогт дунджаар 10 хүн өрсөлдөнө. Хүмүүс ирж саналаа өгөхгүй бол 10.0 +1 саналаар тухайн тойргийн сонгууль хүчинтэйд тооцогдоно. Нэг нэр дэвшигч дунджаар 500-1500 хүний санал авах байх. 2012 оны УИХ-ын сонгуульд Сумъяабазар, Эрхэмбаяр, Арвин, Батзориг нарын урвалт шарвалт, дэгдээсэн хэрүүлээс болоод нэр дэвшигчийн авах саналын доод хязгаарлалтыг аваад хаячихсан. Сайндаа л 2000 хүний санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах нөхцөл бүрдсэн. Энэ нь тухайн тойргийн нийт сонгогчдын 10% орчим. Үлдсэн 90%-ийн санал гудманд хаягдана. Гээгдсэн 90% сонгогдсон гэх гишүүдээ үзэн ядсаар үлдэнэ. Манайханы зан хойно ялагдлаа хүлээн зөвшөөрөх хүн гарах болов уу. Яах бол. Мөнгө олж гавъяа байгуулах хүсэлдээ хатсан Засаг маань сонгуулийн дүйвээн дундуур Ноён-Уул/бороо гоулд/, Тавантолгой, Гутай/бурхан халдун орчим/, төмөр зам, Улаанбадрах/Арево уран/ Увсын хотгор /нефт/ зэргийг бүгдийг нь “хөдөлгөж” зарж орхино.
Баячуудын тараах 1 сая төгрөгийг нүдээ хөхөртөл ширтэж суусан ард түмэн хулихдуудсанаа гэнэт ухаараад уурсан дүнгэнэлдэж эхэлнэ. Гадны мөнгөөр угжуулж, ганган “zippo” барьж зүсээ хувиргасан Баярцогттонгууд, Баяртангууд энд тэндүүр гүйлдэж эхлэх байх даа. Үйл лайг нь сонгогчид бид л үүрэх болно. Бидэнд ямар оффшор дүүрэн мөнгө, хилийн чанадад эдлэн хаус байх биш.
Монголоо гэх итгэл, сэтгэлээ одоо зарах уу, хаях уу, яах вэ хэдүүлээ олон түмэн минь.
Эрхэм дарга нараа… Шампан дарс буудуулж луйвараа тэмдэглэж байгаа сонгуулийн хороодын гишүүд ээ… Монгол төрийн түшээд ээ… Өөрсдийгөө АН-ын эд эс хэмээн ойлгож явдаг нийт гишүүд дэмжигчид ээ. Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг сонсоод та нарын бодож байгаагаас ч олон хүн зүрхэндээ цусаар уйлж байна. Энэ нулимс ард түмний минь зовлон зүдгүүр болж урсах вий дээ. Зи дарга аа. Баатар дарга аа. Та нар бичсэн, найруулсан жүжгийнээ төгсгөлийг нь харж чадсан юм уу. Эсвэл мэдсээр байж зориуд улайраад зүтгээд байгаа юм уу.
Ардчилагчидаас ардчилалыг хамгаалах өдөр ирнэ хэмээн зүүдэлсэнгүй явж дээ.
Хүндэтгэсэн: УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийг горилогч Д.Уламбаяр
2016 оны 06 сарын 19
https://www.facebook.com/ulambayar.d/posts/887372798052163
URL: