МУБИС-ийн оюутны байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ
Энэ сарын 15-ны өглөө буюу өнгөрсөн ням гаригт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, МУБИС-ийн оюутны тавдугаар байранд Б гэх эмэгтэй оюутан бусдад хорлогдсон байдалтай амиа алдсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах оюутны байранд хүн нас барлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр ажиллан, шуурхай арга хэмжээ авсан. Одоо энэ хэрэгт хохирогчийн хамтран амьдрагч Т гэх 27 настай эрэгтэйг сэжигтнээр тооцон шалгаж байна” гэлээ.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Б нас барахаасаа өмнө оюутны байр руу нөхөр Т-ийн хамт жижүүрээс зөвшөөрөл авч өрөөндөө орсон байна. Гэвч таван минут бололгүй гурван давхраас хамаг хувцас нь цус болж, хүзүүндээ хутгалуулсан байдалтай бууж ирсэн ч удалгүй газар дээрээ амьсгал хураажээ. Нөхөр Т нь өрөөнд нь цусандаа будагдан хэвтэж байсан гэнэ. Тиймээс МУБИС-ийн багш, удирдлагууд хэргийн газар ирж, цагдаа, түргэн тусламж дуудан, нөхөр болох Т-г эмнэлэгт хүргэжээ. Одоо түүний биеийн байдал нь тун хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна.
Талийгаач Б МУБИС-ийн дизайны ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Саран
URL: