“Арабын хавар”-ын таван жил

185173-17052016-1463460945-1408469461-arabЯг таван жилийн тэртээ “Арабын хавар” ид өрнөж байсан ба тэр үед би эх орноо төлөөлөн Каирт Элчин сайдаар ажиллаж байв. Тухайн үед тэнд ямар үйл явдал өрнөж байсан тухай төвдөө мэдээлэх үүрэгтэй. Миний тэмдэглэлд үлдсэн түүхэн баримтуудаас уншигчдад сонирхуулах зорилгоор дор ганцыг нь сийрүүлье.

Египетийн Цэргийн дээд зөвлөл болон Засгийн газраас Ерөнхийлөгчийн сонгуулийг наашлуулж, парламентын сонгуулийн өмнө хийх асуудлыг судлан үзэж байв. Улс төрийн нөлөө бүхий нам хүчнүүдээс ийм шаардлагыг босгож тавьсан гэж үзэж байлаа.

Египетэд Ерөнхийлөгчийн сонгууль гээд хөөрцөглөж байжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших журам, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг шинэчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоог үлэмж либералчилсан юмсанж. Ялангуяа нэр дэвшихдээ парламентын хоёр танхимын гишүүдийн олонхийн гарын үсэг цуглуулдгийг болиулснаас үүдэн ийнхүү улс төрийн намууд, “Тахрирын хувьсгал”-д оролцогчид сонгуулийг шавдуулж байх шиг байв.

Өмнөхөн нь 2011.04.24-нд Египетэд сонгуулийн кампани албан бусаар эхэлжээ. Эрх баригч Цэргийн дээд зөвлөлөөс энэ тухай ямар нэг албан ёсны тогтоол шийдвэр гараагүй ч хэвлэлүүд сонгуулийн кампани хэмээн нэрлэж байв. Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон Амр Муса, Мохамед эль-Барадей, Айман Нур нар сонгуулийн кампаниа эхэлжээ.

Энэ гурваас гадна исламист Абд аль-Монейм Абу-ль-Футтух, Нобелийн шагналт химийн ухааны эрдэмтэн Ахмед Зевайл, Арбитрын шүүхийн дэд дарга Хишам аль-Бастависи гэх мэт өрсөлдөх магадлалтай, эсвэл барууныхан (Олон улсын энх тайвны институт, Charney Research агентлаг гэх мэт) тандалт судалгаанд хамруулсан хэд хэдэн нэр дэвшигчийг нэрлэжээ.

“Аль-Гадь” (“Маргааш”) намын лидер Айман Нур нь сонгуулийн кампаниа Александриа хотоос эхэлсэн бол Амр Муса нь Дээд Египетээс (Нил мөрний эх авдаг өмнө зүгийн нутаг) эхэллээ хэмээн мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд би ялбал тэгнэ ингэнэ гэсэн амлалтаа хамгийн түрүүн илээр Айман Нур зарлалаа. Тэрбээр Александриа хотод томхон цуглаан зохион байгуулж, тэнд үгээ хэлжээ.

Улс төрийн бусад хүчнүүдтэй, давын өмнө “Лалын ахан дүүс”, салафитуудтай сөргөлдөхгүйгээр иргэний бүх нам хөдөлгөөнүүд нэг эвсэл болох хэрэгтэй. Хүлцэл тэвчлийн зарчмыг баримтлах аваас “Лалын ахан дүүс” ч тус орны улс төрийн үйл явцад оролцох бүрэн эрхтэй шүү дээ хэмээн Нур хэлжээ.

Тэрбээр Мубаракийн эрин үеийг “гэдрэг ухарсан цаг үе” гэж нэрлээд, улс төр, эдийн засгийн маш том реформ хийхийг египетчүүдэд уриалав. Түүний мөрийн хөтөлбөрт сарын цалинг 1200 фунтэд хүргэнэ, түшмэд дарга нарын цалинд хязгаар тавина, тухайлбал Ерөнхийлөгчийн цалин сарын 30 000 фунтээс (5000 орчим ам.доллар) хэтрэхгүй байх ёстой, сар бүр залуус улсаас 300 фунтын тэтгэлэг авч байх ёстой гэсэн амлалт байна. Түүнийгээ Александриа хотод уншиж сонсголоо.

Шариат бол Египетийн эрх зүйн үндэс нь мөн хэмээн Үндсэн хуулийн II зүйлд бичээтэй байдгийг Нур дэмжиж байгаагаа дахин нотлоод энэ заалт болон эрх чөлөө, тэгш эрхийн зарчмын хооронд зөрчилтэй зүйл алга гэж хэлэв.

Тэрбээр исламистуудын хаягаар элдэв мэдэгдэл хийж, либералууд исламистуудын хооронд холбоо байгуулах тухай ярьж явдаг болсон нь сонгогчдыг татах тактиктай нь холбоотой болов уу. 2005 онд Айман Нур Мубарактай халз өрсөлдөөд долоон хувийн санал авч байсан бол энэ удаа тэр хувиа ахиулаад үнэмлэхүй олонхийн санал авчихна гэх тооцоог хэн ч зориглон хийcэнгүй.

Нэг гол нэр дэвшигч Амр Муса Дээд Египетийн Асуан, Луксор, Кена, Сохаг, Асьют, Эль-Минь, Бени Сувейф хот мужуудаар хөдөлмөрчидтэй уулзахаар Нил мөрний эхээр морджээ. Хөгжлийн хувьд бусдаасаа үлэмж хоцорсон бөглүүд нутгийг зорьж тэнд л гол найдлагаа тавих бололтой. Дээд Египет бол улс орны бүтээн байгуулалтын гол нугас нуруу нь юм.

Хэвийн тайван амьдралаа зохиох, дарангуйллаас ардчилалд шилжих маш олон алхам Та биднийг хүлээж байна хэмээн Асуанд үг хэлж олон түмний дунд яваа бол Мохамед эль-Барадей нь нийслэлийн ядуусын хорооллоос сонгуулийн кампаниа эхлүүллээ. Каирт түүнийг дэмжигчид олон бий гэж үзэж болно. Барадейн дэмжигчид коммунист субботник маягийн ажил тэнд зохион байгуулж хог цэвэрлэх, суваг шуудуу ухах зэрэг ажил хийж байна. Бусад нэр дэвшигчээс ялгаатай нь эль-Барадейд маш хүчирхэг улс төрийн технологийн баг бий гэж үзэж байна.

Нэр дэвшигчдээс хамгийн өндөр магадлалтай нь хэн байх вэ? Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсээс хамгийн магадлалтай нь Амр Муса гэж ярих хүн бидэнтэй тааралдаж байна. Хэрэв цэргийнхнээс хэн нэгэн хүн дэвшчихгүй бол Амр Муса гарцаагүй гэж тэд үзэх юм билээ. Тэгж үзэх болсон шалтгаан нь Амр Мусагийн хувийн нэр хүндийнх биш, эх орондоо төрийн хамгийн өндөр албыг хашиж, байнга олны нүдэнд ил байдаг гэдгээрээ юм болов уу. Энд Арабын улсуудын холбоог олон жил нэр төртэй толгойлж байгаагаар нь хэлж байна. Бусад кандидатуудын хувьд төр улсад хашиж байгаа бодитой албан тушаал гэж байхгүй.

Нью-Йоркт байрладаг Олон улсын энх тайвны институтын захиалгаар Charney Research агентлаг гэдгээс 2011 оны гуравдугаар сард Египетэд явуулсан тандалтын дүнг дараахи байдлаар гарчээ. Египетчүүдийн 80 хувь нь Амр Мусад талтай, эерэг хандаж байгаа, ер нь одоогоор хамгийн нэр хүндтэй нь тэр болж байна.

Энэ шалгуураар жагсаавал: Нобелийн шагналт эрдэмтэн Ахмед Зевайл 76 хувь, Цэргийн дээд зөвлөлийн тэргүүн М.Taнтави 75, Ерөнхий сайд Э.Шараф 62, Дэд ерөнхийлөгч асан О.Сулейман 47, онлайнаар хувьсгалд уриалагч Ваэль Гоним 45, Айман Нур 32, Жанжин штабын дарга генерал С.Анан 26, эль-Барадей 23, экс-Ерөнхийлөгч Мубарак 17, исламист Мухаммед Бадиа 10 хувийн нэр хүндтэй байв.

Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өөр зургаан нэр дэвшигч тун ойрын үед сонгуулийн кампаниа эхлүүлнэ гэсэн мэдээ “Голос России” радиогийн портал- сайтад тавигдсаныг египетийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэн гэгч зургаан хүн болох, тэр талаар нэгд нэгэнгүй бичээгүй, ерөнхий тоо байна. Саудын Арабын нэг сониноос египетийн хэвлэлд эшлэснээр бол Ерөнхий сайд Э.Шараф нь нэр дэвшиж өрсөлдөж болохыг хэн ч үгүйсгэхгүй аж.

Улс төрийн жин нөлөө, ялангуяа хувьсгалч залуучуудын дунд өсч буй түүний нэр хүнд нь түүнийг дэвшүүлээд гаргаад ирэх боломжтой. Тус орны улс төрийн ирээдүй нь армийн элитээс нэн хамааралтай болсон өнөө үед Цэргийн дээд зөвлөл эцсийн бүлэгт нэг нэр дэвшигчийг гаргаад ирэх магадлалтай.

Тэр нь Египетийн армийн Жанжин штабын дарга, хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Сами Хафез Анан байж болно гэсэн хувилбарыг саудын арабынхан санал болгожээ. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн комадлагч явсан 63 настай энэ генерал 2005 оноос Жанжин штабын даргын алба хашиж байгаа, Мубаракийн итгэлийг олсон, Батлан хамгаалахын сайд Тантавийг залгамжилж магадгүй гэж тооцогдож ирсэн нэгэн ажээ.

Амр Муса гуайг Луксорт сонгуулийн уулзалт хийж байх үед “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалын төлөө залуучуудын хөдөлгөөн”-ий гишүүд, хориглогдсон ЕҮАН-ын гишүүдийн хооронд өнгөрсөн долоо хоногт томхон мөргөлдөөн болж, сандал ширээгээр шидэлцэж, цус нөжөө урсгаж, хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн ноцтой хэрэг дэгдсэн, уулзалт болж байсан танхимын гэрлийг хэргээр тасалж, тэр сиймхийгээр Амр Мусаг арын хаалгаар гаргаж дүрвүүлсэн тухай Al-Masry Al-Youm сонины сайтад мэдээлжээ.

Зодолдсон хүмүүсийг тараах, дараа нь тог өгөх, Амр Мусаг дахин урьж уучлан гуйн уулзалтаа эхлүүлэх гээд бөөн ажил өрнөжээ. Египетэд энэ хавар, зун, намар өрнөх сонгуулийн кампанийн ерөнхий өнгө төрх иймэрхүү л байх болов уу гэсэн аясаар Al-Masry Al-Youm сонин бичсэн байх нь анхаарал татаж байна.

Египетэд үлэмж нэр хүнд бүхий исламист ууган байгууллага “Лалын ахан дүүс” парламентын сонгуульд нийт суудлын 75 хувийг авах боломжтой хэмээн “Лалын ахан дүүс”-ийн дээд лидер Мухаммед Бадиа гэгч Al-Masry Al-Youm сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Бид Парламентын Ардын Ассамблейн суудлын гуравны нэгийг авахыг зорино. “Оролцоно, өрсөлдөнө, гэхдээ олонхи болохгүй!” гэсэн лоозонгийн дор бид өрсөлдөнө. Хэрэв нийт мандатын 75 хувийг “Лалын ахан дүүс” авъя гэж зориглох л юм бол бид тэр суудлыг авч өлхөн чадна хэмээн Бадиа хэлжээ.

Мухаммед Бадиагийн ярианаас үзвэл, “Лалын ахан дүүс” нь энэ удаагийн сонгуульд Эрх чөлөө, шударга ёсны намаа дэмжиж ажиллах ба намын удирдлагад нь улс төрийн талаар нөлөөлөх гэж оролдохгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэнэ.

Хэрэв “Лалын ахан дүүс”- ийн удирдлагаас хэн нэгэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлбэл тэр нь хувь хүний хэрэг болно, “Лалын ахан дүүс” ч, Эрх чөлөө, шударга ёсны нам ч тийм нэр дэвшигчийг дэмжихгүй гэв. Абд аль-Монейм Абу-аль-Футтух гэж реформист исламист Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдсэн нь “Лалын ахан дүүс”-ийнхний зүгээс дэмжлэг хүлээхгүй ээ гэсэн үг болж таарч байна.

Ийнхүү Египетэд улс төрийн халуухан хавар эхэлж, улс төрийн халуун зуныг өнгөрөөж, халуун намар үргэлжилж сонгуулиуд дээр тулж очих, энэ утгаараа энэ жилжингээ энэ улс орон бужигнах төлөв харагдлаа.

Египетэд улс төрийн сезон эхэлсэнтэй давхцаад Мубаракийн дэглэмийн баахан түшмэлийг золигт гаргах, экс-Ерөнхийлөгчийг гэр бүлээр нь шившиглэх хаврын халуухан өдрүүд үргэлжилж, түүгээр сонгуулийн шоу хийх үзэгдэл давхцав. Тахрирын талбайн босогчид ба “Лалын ахан дүүс”- ээс хэн сайн дэмжлэг авч чадна тэр хүн л Ерөнхийлөгч болох боломжтой хэмээн Charney Research агентлаг үзмэрдсэн нь яг нэг жилийн дараа нотлогдсон юм даа.

Олхонуд Баярхүү /Проф/

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих