Монголын өрийн менежмент ба Тажекстанаас суралцахуй…
Сүүлийн үед Тажикстаны газар нутгийг Хятад улс өрөндөө авахаар зэхэж цэргээ оруулсан талаар цахим ертөнцөөр шуугиад буй. Чухам юуны учир Тажикстан ийм байдалд хүрэв ?
Үүний тулд түүхийн хуудсыг товчхон сөхье.
Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Киргизстан, Казакстан, Тажикстан улсуудыг 19-р зууны үед Манж чин гүрэн эрхшээлдээ оруулах хүсэлтэй байсан. Гэвч тухайн үед Манж чин гүрний хүч нь суларсан үе байсан бөгөөд хаант Орос улсын давамгайллаар өндөрлөсөн гэдэг. Энэ асуудал тухайн үед ч бүрэн шийдэгдэж чадаагүй бөгөөд 1990-ээд оны үед ЗХУ бутарснаар олон салангид тусгаар улс болж задарсан байна. Энэ нь БНХАУ-ын хувьд газар нутгийнхаа бүрэн, бүтэн байдлыг хадгалахын тулд хамгийн тогтворгүй бүс нутаг болох Шинжаантай залгадаг хилийнхээ асуудлыг тодорхой болгох сонирхолтой байв. Иймээс Казакстан, Киргизстан улсын маргааныг шийдвэрлэсний дараа 2011 оны нэгдүгээр сард Тажикстан улстай 1877 оноос хойш тодорхойгүй байсан Памирын уулсын бүс дэх хилийн зурваст тохиролцож чадсан аж.
Энэхүү тохиролцооны үр дүнд 1158 км газар нутаг БНХАУ-ын харьяанд орсон түүхтэй. Харин Тажикстан улсын гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нутаг нь Хятадтай маргаантай байсан нийт газрын 5.5 хувийг эзэлж байгаа аж. Гэвч дээрх бүс нутагт багтаад буй Горно Бадахшан нь Тажикстан дотроо засгийн эрхтэй, өрх тусгаарлах үзэлтэй бүс нутаг учраас “маргаантай” гэх үг байнга дагалдаж байдаг. Ийнхүү Тажикстаны эрх баригчид Горно Бадахшаныг хэдийнэ дундын газар гэж үздэг тул Хятадад байгалийн баялаг олборлох эрхийг олгоод олон жил болсон гэх мэдээлэл мөн байдаг аж.
Үнэгүй бяслаг хавханд байдаг
Харин манай орны хувьд Хятад улсад төлөх ёстой их хэмжээний өрийн асуудал байдаг боловч нэгнийхээ газар нутаг, аюулгүй байлыг хүндэтгэн үзнэ гэсэн үүрэг хүлээсэн НҮБ-ийн гишүүн орон гэдэг. Гэхдээ үнэгүй бяслаг хавханд байдаг гэгчээр ураны нөөц ихтэй манай орны хувьд их гүрнүүдийн зүгээс туслаж буй мэт дүр үзүүлээд эцсийн мөчид газар нутгаас нь хумслах сонирхол байгааг үгүйсгэх аргагүй.
Ер нь манай улсын өрийн менежментийн асуудал түгшүүртэй байгаа. Улс төрөөс гадна эдийн засгийн шийдэл дээр тулгуурлах ёстой боловч тэр шалгуур нь алга болчихсон. Наад захын жишээнээс харахад Чингис бондыг ямар зорилго, шалгуураар авч юунд зарцуулсан нь тодорхойгүй баахан маргасан. Энэ өрийн өгөөж, үр ашиг, хэзээ яаж, юугаар төлөх нь тодорхойгүй. Бид сар, жил бүр мөнгө төлж байна. Энэ нь эцэстээ манай улсын өрийн менежментийг тодорхойгүй, учир нь олдохооргүй болгочихсон. Монгол улс цаашдаа дахин зээл авах нөхцөл нь нэн тааламжгүй болсон. Үндсэндээ арван хувиас доошоо буух санхүүгийн эх үүсвэр манайд олдохгүй. Тэгэхээр өнөөдөр арав гаруй хувийн хүүтэй зээл авах гэж байгаа, ийм шийдвэр гаргаж буй хүмүүс бол улсынхаа эсрэг гэмт хэрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж буй.
Одоо улсын төсвийн бүрдүүлэлт, орлого зарлагын тухай тодорхой ярих цаг нь хэдийнэ болсон. Төрийн эрх баригчид “миний дараа юу ч болсон яадаг юм” гэсэн хоноцийн сэтгэлгээгээр улс орондоо хандаж байгаад нь ард түмэн ихээр бухимдаж байна. Үнэхээр эх орон, газар нутгаа хайрлаж хамгаалдаг хүн бол мөнгөнд нүд, сэтгэлээ таглуулчихаад өр зээл гуйгаад явахгүй, өөрсдийн хүчээр хөгжүүлэхийг эрмэлзэх байсан биз.
Эдийн засаг нь өөрөө шууд утгаараа улс төртэй холбогддог
Эдийн засаг нь өөрөө шууд утгаараа улс төртэй холбогддог. Одоогийн энэ улс төрийн тогтворгүй байдал, улс төрчдийн харалган бодлого, төрийн жинхэнэ хүнийг гаргаж ирэх систем зэрэг зүйлс манайд ор тас хаягдсан байдаг. Одоо сар гаруйн дараа УИХ-ын сонгууль болох гэж байна. Өнөө л чихэнд сонсголонтой хэдэн үгсээрээ, гарт баридахуйц хэдэн халтар цаасаараа ард түмнээ хуураад сурчихсан “тахиан” толгойтнуудыг дахиад л дэмжинэ гэж үү…?
Хуучин монголд төрийн боловсон хүчний бодлого гэж бичигдсэн, бичигдээгүй хууль байсан гэлцдэг. Үүнд удам угсаа, нутаг ус, эрхэлж буй ажил төрөл, нэр хүнд, зан чанар, мэргэжил боловсрол, сэтгэлийн хат тэнхээ, хорио цээрийг мэддэг мэддэггүй, уян зөөлөн чанар, мөнгөний шунал гэх мэт олон шүүлтүүрээр төрийн хүнийг сонгодог механизм байсан аж. Хүмүүс үүнийг социализмийн, төвлөрсөн төлөвлөгөөт нийгэмд зориулагдсан гэж шүүмжилж болох ч одоо ийм хүн манай улсын хөгжлийг түүчээлэх хүнээр сонгогдох зайлшгүй хэрэгтэй юм. Алдаа байхгүй, дутагдалгүй мэт царайлж, эх орны эрх ашиг, эв нэгдэл гэх гоё нэр томъёогоор халхавч хийгээд өөрийн хариуцлагагүй, замбараагүй, мэдлэггүй, чадахгүй байгаагаа нуух байдлаар ажилладаг нөхдүүдээс ард түмэн залхаж, басхүү туйлдаж байна.
Бид одоогоор Хятадын ч юм уу, Японы ч юм уу буцалтгүй тусламж, удаан хугацааны хүүгүй зээл гэх мэт гоё чамин үгэнд хууртаад мөдхөн хэдэн жилийн дараа Тажикстан шиг “дундын газар юм аа, газрыг маань ух, ураныг минь ав” гээд матрын нулимс унагаад сууж баймааргүй л байна эрхэм төрийн түшээд минь!
Г.Хулан
URL: