ХӨДӨӨГИЙН ПРОКУРОРУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ
Улсын ерөнхий прокурорын газраас зарим аймгуудын прокурорын газарт шалгалт хийж байна. Улсын Ерөнхий Прокурорын газраас орон нутгийн прокурорын газруудад “шалган туслах ажил” гүйцэтгэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төлөвлөгөөт шалгалтыг Увс аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц.Бямбацогт, Дархан-уул аймгийн прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат, Хэнтий аймгийн прокурорын газарт Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд, Өмнөговь аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат нараар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж эхэллээ.
Прокурорын байгууллагын тухай болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, даалгавар, зааврын хэрэгжилтийн байдалтай танилцаж, улмаар прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гарч буй зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг судлах замаар шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Д.Эрдэнэ
URL: