ТЭНЭГ АВЬЯАС /Хөрөг тэмдэглэл/
Авьяасыг заримдаа “Тэнэг” байдаг гэх. Тэр ч үнэн. Яагаад гэвэл авьяас ихэнхдээ учир шалтгааны ухааныг онхи тас мартаж орхидог юм. Бүр эсрэг байна гээч. Ер нь ч авьяас угаасаа тийм учир шалтгаанлаг биш л дээ. Ялангуяа орчлонгийн элдэв явдлыг учирзүйн үүднээс ойлгож хүлээж авахаасаа илүүгээр яруу эгшгээр, гоо сайхнаар, гэрэл гэгээгээр, баялхам их хайраар, хөөрөл догдлолоор, эсвэл гутрал гуниг, харуусал халаглал, үзэн ядалт, гаслант хашгичаанаар хүлээж авдаг яруу найрагчийн авьяас, төрөлх зөн үү. Үүндээ яг могойд хатгуулсэн мэт болдог ад биш ааш ариншин нь уу… Ээ дээ, ихээхэн асуудал, бэрхшээлийг ямагт үүсгэж, араасаа дагуулж, эзнийхээ зүрхэнд ямагт эцэс төгсгөлгүй мэт баяр, гуниг, жаргал зовлонг ээлж чөлөөгүй уудалж байдаг.
Учир шалтгаанч хүн тэнгэрийн хаяанаа солонго татаж буйг хараад, “Солонго татаад эхэллээ, бороо татарч, тэнгэр онгойх нь дээ, ашгүй” гэж бодно. За “Яасан сайхан харагдаж байна вэ” ч гэх байх. Бүр зарим шинжлэхүй ухаанчаар сэтгэдгүүд нь “Борооны бяцхан дуслууд дээр нарны гэрлийн цацраг хугардаг. Энэхүү хугарсан цацраг нь долоон өөр өнгийг ялгаруулахаар ингэж харагддаг байна” гэж бодох билээ.
Харин яруу найрагч бол огт өөрөөр төсөөлж, харж, сэрдэг.
Жишээлбэл,
Тэртээд солонго татуулна…
Тэнгэрийн хаяаны үүлс бороо тээсээр ирж яваа
Тэгэхэд чи минь бороон дундуур нүцгэн гарч нэг үзээрэй…
Тэвчээр алдсан тэр нулимсан дуслууд
Тэврээгүй биеийг чинь үл мэдэгхэн сэрүүцүүлээд
Тэсгэлгүй дотроо уйлмаар болбол
Нүглээс ангид миний сэтгэлийн ариухан хайр
Нүдний чинь өмнүүр тийнхүү бороо болсон гэж санаарай…
Сар жилүүд юутай хурдан өнгөрсний дараа гуниг минь
Сайхан хар үсэнд чинь аяндаа л зүүсгэл болон гялалзана аа…
Сарнайн илтэс шиг зөөлхөн алгандаа нуусан аз
жаргалыг минь чи тэгэхэд
Салхин дундаа сэмээрхэн цацчихаарай…
Зүгээр л нэг солонго татаж байгааг хараад, хэн нэгэн бүсгүйг хайрласандаа унагасан нулимснууд нь бүр бороо болчихоод хаа хол тэнгэрийн хаяанаас дахиад асгарахаар нүүгэлтэн ирж яваа гэж төсөөлж байгаа хүнийг эрүүл гэх үү. Тэгээд ч зогсохгүй гэртээ сууж тэвчээгүй бүсгүйг нүцгэн гараад гүйхэд нь нулимсан бороонд хувилсан найрагчийн хүсэл мөрөөдөл тэврээд авах нь.. Бүр мань эрийн гуниг хүүхний үсийг цайлгах бололтой. Сайхан мөрөөдөл шүү. Тас мартчихсан байвал яах вэ? Гуниг шаналандаа цайсан үгс яахаараа гоёлын зүүлт шиг сайхан гялалзаж харагдана гэж… гэх мэтээр учир шалтгаангүй юмс зөндөө. Зөндөө ч гэж яруу найрагчийн сэрж мэдэрсэн бүхэн бол учир шалтгаанч хүнд бүхэлдээ ямар ч утга учиргүй зүйл болно.
Өөрөөр хэлбэл, яруу найрагчийн мэдрэмж нь учир шалтгааны үүднээс алив үзэгдлийг хүлээн авч, дүгнэн боловсруулдаг чадвараасаа хэт хэтийдээд ирэхээрээ бараг эмгэнэл болж хувирна. Яруу найрагчийн мэдрэмж хичнээн хурц байна, бодит ахуйтай сөргөлдөх нь төдий хэрээр хурц болж, энэ нь бүр гарцгүй эмгэнэлд хүргэх нь олонтаа.
Тиймдээ ч ихэнх яруу найрагчид байнгад цаг үедтэйгээ зөрчилдөж, арсалдаж, цаг үедээ адлагдаж, тэнэг шизогоороо дуудуулж, хөөгдөж туугдаж…
Хөөрхий Ли Байг нуурын мандалд туссан сартай тэврэлдэх гээд живээд үхчихэд нь бусад үхтлээ шоолон хөхрөлдсөн. Хөөрхий Махтумкули нутгийнх нь булаг биесээ хядалцсан ахан дүүсийн цусаар үерлэхийг хараад зүрх нь хаагдахад бусад нь “Юун ч хөгийн эмзэг юм” гэж гайхацгаасан. Хөөрхий Пушкинийг ихэс дээдсүүд ад үзэж, аргыг нь барж, эрээгүй офицерүүд эхнэрээр нь оролдон, элбэж шахсаар байгаад дуэльд гарган буудчихсан. Хөөрхий Рубцовыг сургуулийнхаа коридорт байгаа зураачийн зурагт дурлачихаад, орныхоо ард өлгөчихсөнд “Хулгайч” гэж цоллоод, яллаж орхисон. Хөөрхий Лермонтов, хөөрхий Китс, хөөрхий Токүбокү… гээд л хөөрхийлөх хүмүүсийн тоо талийж өгнө дөө.
“Миний нутаг” шүлгээ 50 төгрөгөөр зарсан Их Нацагдоржийг гудамжны мухарт согтуу хэвтэж байгаад тэнгэрт одоход ашгүй нэг согтуу далд орлоо гэж бодсон нь олон биз. Дашбалбар найрагчийг нацистийн дүрэмт хувцастай УИХ-ын чуулганы индэр дээр гарахад мөн ч олон хүн шизо, мэдрэлээр нь дуудсан даа. Заримдаа яруу найрагчийн ухамсаргүй мэт тэнэг үйлдэл нийгмийн сэтгэлгээний мөн чанарыг яг голоор нь олоод дэлсэж орхих нь байх. Нацистийн дүрэмт хувцас бол тэр цагийн бидний оюун санаа, итгэл үнэмшил хэр зэрэг туйлдан доройтсоныг сануулан билгэдсэн үйлдэл ч байж болох.
Тийн дуудсан хүмүүсийг буруутгах гэсэнгүй, угаасаа ч учирзүйг тухайн зөвхөн юмс үзэгдлийнхээ хүрээн дотор хардаг хүмүүст ихэвчлэн яруу найрагчийн зөн совин, хилэнгийн шуурга, баясал хөөрөл нь хөгийн инээдэмтэй, учирзүйгүй, заримдаа бүр шал утгагүй тэнэг, шизо болж харагддаг зүй тогтолтойгоос хойш яая гэхэв.
Карл Чапекийн нэг өгүүллэг байдаг. “Яруу найрагч” нэртэй. Тэнд, гудамжинд нэг хөөрхөн бүсгүйг машин дайрчихаад зугтчихна. Хэрэг гарах үед ганцхан хүн тэр хавьд байж таардаг. Тэр нь шал согтуу найрагч. Цагдаагийн хэлтэс дээр авчраад мэдүүлэг авах гэсэн боловч “Хайран сайхан амьтан, хичнээн үзэсгэлэнтэй бүсгүй байв. Машин ирээд л дайрчихсан, няц дайрчихсан” гээд нулимсаа урсган ухилан орилохоос өөр ямар ч баримттай мэдээлэл өгч чадсангүй. Юу ч санадаггүй. Цагдаа зугтсан этгээдийг олох боломжгүй болж мухардана. Гэнэтхэн өнөөх найрагч, “Би харууслын шүлэг бичсэн” гэнэ. Жаахан найдвар төрсөн мөрдөгч тэр шүлгийг үзэхэд хүн ойлгох эцэсгүй юм байна. Хоёр мөөм, 7-ын тоо, бас өрөөсөн сэнж нь тасарсан хувин ч билүү, нэг тиймэрхүү эмх замбараагүй юм. Базаад тэр тэнэг шүлэгчийн нүүр өөд шидэж орхих. Орой нь орондоо элдвийг бодож хэвттэл өнөөх шүлэгт буй дүрслэлүүд яв явсаар болсон үйл явдлыг өвөрмөц мэдрэмжээр ямар уран болоод төгс илэрхийлснийг олж харна. Тэр ч бүү хэл дайрсан машины номер, өнгө ч яг гараад ирнэ. Сайхан бүсгүйн хэрцгий үхэл яруу найрагчид бол огт өөрөөр, яруу сайхнаар буужээ. Үхэл, эмгэнэлд хүртэл яруу сайхан гэж бас байх.
* * *
1994 оны хавар, яруу найрагч Цэндийн Доржсэмбэ ширүүн хүйтэн царайтай, нүүрэндээ сорвитой, ороодог улаан баагиулсан цонхигор залуу дагуулсаар манайд ирдэг юм. Цай аялгалж амжаагүй байтал надаас ч асуусан юмгүй, өөрийн юм шиг л номын санг маань онгичиж гарах нь тэр. Бүр хоймор маань нээг их шавхайтай том хар ботинктой хөлөө жийж ирээд тухалж байна. Ер би тийм бүдүүлэг, эрээгүй этгээдүүдэд дургүй. Сэмбээ рүү, ямар гээчийн хогийн гар дагуулаад ирэв дээ гэсэн янзтай харлаа. Харин ном яриад эхэлтэл тэр хүн хаа холын биш харин их ойрын хүн байж билээ. Тэр бүдүүлэг нөхөр бол яруу найрагч Цэвэгжавын Батбаатар болно. Ном, яруу найраг, хайр дурлал, баатарлаг явдал ярихаараа нүд нь гялалзаад, цонхигор царай нь гэрэлтээд ирнэ. Тэр цагаас хойш манайд байн байн ирсээр… Намар хүйтрэх үеэр орон байрнаасаа хөөгдсөн тэрбээр надтай хамт өвөлжихөөр боллоо. Тэр үед чинь одоотой адилгүй цагийн, өдрийн ажил олдоно гэж ёстой үгүй дээ. Мөнгөгүй, хоолгүй, түлшгүй бидэн хоёр тэр нэгэн их хүйтэн өвлийг яруу найргийн ертөнцийн халуун бүлээн, гэгээн сайхны хүчинд осгочихолгүй, тураалдаа орчихолгүй давж билээ.
Батбаатар орой бүр шүлэг бичнэ. Бичгийн цаасан дээр харандаагаар голдуу. Заримдаа дөрөв таван мөр, заримдаа бүр хэдэн арван хуудас байна. Тэр үед бид Төв музейн баруун хойт буланд байсан хуучин номын дэлгүүрээс усанд ороод захаасаа шарлачихсан II зэргийн бичгийн бор цаасыг бүтэн шуудайгаар нь бараг үнэгүй шахам авч билээ. Өвөлжин, хаваржин бичсэн Батбаатарын бичвэр нэлээд зузаан тэвхийсэн юм болсон байлаа. 500 гаруй хуудас. Ихэнх нь шүлэг. Бодрол, өгүүллэг ч байх. Шөнө бүр 3 болтол сууна. Гэрэл байсан ч түүнийг хэрэглэхгүй ямагт лааны гэрэлд өгцийн суух билээ. Бичсэнээ маш их засна, дахин дахин бичнэ, урж хаяна. Дахиад бичнэ. Заримдаа бүр ганцхан амьсгаагаар хэдэн хуудас ч биччихнэ. Бичсэн бүхнээ надад уншиж өгнө. Хоолой нь цээлшээд, нүд нь гялалзаад, гараа савчиж, галтай цогтой гэж хачин, юу юугүй нисээд, дүүлээд явчих гэж буй мэт. Энэ хооронд хэдэнтээ дурлаж, тэр хэрээрээ сэтгэл зүрх нь аймшигтай гүнзгий шархдаж, шаналж, гансарч, амиа хорлох гэж гүйж юм юм л болсон. Хайрлаж дурласан охиноо зуруулах юм болно. Одоотой адилгүй, зургийн аппарат ховор. Надад байсан ганц гайгүй үнэ хүрэх Зенит АМ аппаратаа зах гаргаад зарчихсан юм. Тэгээд цайны газар тэр охинтойгоо болзоод, би охины эсрэг талд нь өөрийнх нь ард сууж, охиныг нууцаар зурсансан. Тэр зургийг сахиус шиг хүзүүндээ нандигнан зүүнэ.
Манай муу галгүй мөсөн хонгил болсон гэрт ямагт гал бадарсан яриа өрнөж байна. Яруу найраг, хайр дурлал, хорвоо ертөнцийн хамаг хэрэг явдал, улс төр, гүн ухаан гээд л, шүүж хэлэлцээгүй сэдэв тэр үед бид хоёрт ер үлдсэнгүй шиг билээ. Бүгдийг нь имэрч тэмтэрч үзсэнсэн. Ямар нэгэн ном уншвал хоёул үг өгүүлбэр бүрээр нь хайр найргүй задлан дэлгэж, шүүн хэлэлцэнэ, ихэнхдээ хөөрхий тэр зохиолчийг авах юмгүй болтол нь бут авна. Тэр хатуу ширүүн бөмбөгдөлтөнд үе тэнгийнхэн маань болоод манай ахмад үеийнхэн голдуу өртөнө дөө. Тэр бүү хэл, Ги де Мопассан, Лев Толстой гуайгаас ч өөлөх юмаа олчихдог байж билээ.
Нааштай үнэлж, бүр бахдан баярласан нь бас бий, тухайлбал Сольтогтохын Дамдиндоржийн “Жимсний бөөр” ном, Гүрж.Нямдоржийн шүлэг, өгүүллэгүүд, Содномнамжил, Баттогтохын шүлгүүд гэх мэт…
Мөн ихэнхдээ бидний санал нийлнэ. Ялангуяа дотоод ертөнц, амьдралыг үзэх үзлийн хувьд, ихээхэн романтик, оргилуун…
Шөнөжин цаас шажигнуулан нухаж нухаж, өглөө үүрээр “Өнөөдөр хөгшин нь ямар ч байсан талхны мөнгөтэй ирнэ ээ” гээд бичсэн шүлгээ, эсвэл нийтлэлээ нямбайхан боогоод урамтай гарч өгнө. Ихэнхдээ хов хоосон ирэх. Автобусны мөнгөгүйгээс Баруун 4 замаас, Их дэлгүүрээс, ер хаанаас ч тэр Шар хадны Эрдэнэтолгойн өвөр хүртэл манартал, улаа бутартлаа алхана. Жаахан юм олбол царай нь гэрэлтчихсэн, яг л хүсэн хүлээж байсан бэлгээ авсан жаахан банди шиг байдгаараа баярлачихсан дэгдээд ороод ирэх. Тийм бол тэр үнэхээр шүлгээ, бичвэрээ шударгаар хэдэн төгрөг болгожээ гэсэн үг. Заримдаа овоо ахиухан мөнгө олсон ч баярласан ямар ч шинжгүй, хэрхэн яаж олсноо огт хэлэхгүй, хар цагаан дуугүй, доогуур харж хулмалзана. Сүүлдээ би түүнийг нь мэддэг болсон, мань хүн буруу аргаар, өөрөөр хэлбэл “эрийн сайндаа” юм олж ирсэн нь тэр… Хангинаж, загнаж, уурлавал бүр шалчийгаад явчихна. Уйлчихаа алдана. Мах хулгуулчихаад загнуулж буй банхрын гөлөг шиг өөдөөс өрөвдөлтэй харна. Би ч тэсэхгүй өршөөнө, эвлэрнэ.
“…Аавынхаа дэргэдээс холдох л юм бол
Айлын хойморт төөрчих гээд байдаг
Аймхай бүлтгэр үр байлаа
Бөөсгий засдаг том том хутгатай
Бөөн адуу шиг хүмүүсийн хөлд
Бөлтийсөн жаахан үр байлаа…”
Хэдий 20 хол гарсан, юм юм үзчихсэн тэр ширүүн хүйтэн царайтай эрийн цээжний гүнээс яг л тийм хоёрхон настай бүлтгэр аймхай үр харагдана. Магадгүй, түүнд насан туршид нь олонхи хүмүүс үнэхээр “Бөөсгий засдаг том том хутгатай бөөн адуу шиг” хатуу ширүүн, өршөөл энэрэлгүй, хайхрамжгүй хахь хөндий хүмүүс болж харагдсаар яваа ч байж магад. Яагаад гэвэл тэр хүмүүстэй зохицож, хэл амаа ололцож ер чаддаггүй. Тэгээд өөрийнхөөрөө л хариуг нь өгдөг, ихэнхдээ. Зодоон цохион хийнэ, хэмлэлдэнэ, янз бүрээр чадна, бас чадуулна.
“…Мөнгөний тоо сонсох бүрдээ
Агдасхийн цочих юм
Мөрөөдөл минь тэхий голоороо
Тас үсрэн балран унах юм…”
Тэр үед л түүний цээжинд ийм мөрүүд асгарч байсан байх.
* * *
1995 оны хавар, нялх ногооны үнэр хангиж эхлэх цагсан. Мань хүн нэг орой гэнэтхэн өнөөх олон нооргоо шатаах юм болоод овогноод явчихав. Яасан гэхээр, “Би одоо цоо шинээр бичнэ, бүр цоо шинээр төрнө. Чи хар даа, гадаа цоо шинэ ногоо ургачихаж. Би ч бас цоо шинээр ургана” гэж байна. Бүтэн өвөлжин бичсэн 500 гаруй хуудас шүлгүүд… Тэгээд зуухны таглаа авч байгаад хуудас бүрээр нь базаад галд шидээд байх. Тийн суухдаа нэг л их зовлонгоос салж ангижирч буй аятай хөгжүүнээр дуу аялна. Үе үе тамхиа угзарна.
“Чи үнэхээр энэ бичсэнээсээ илүү бичиж чадна гэж итгэж байна уу?”
“Чадахгүй бол хохь нь болог. Үүнээ шатааж чадсан зүрх зориг минь, харуусал минь надад илүү сайн бичих онгод хүч чадлыг өгөх болно.”
Надад харамсалтай байлаа. Тэгээд гал дөл, үнс чандар болон шатаж буй шүлгүүд дотор үнэхээр тасарчихсан шүлгүүд олон байсансан. Гэхдээ өөрийгөө тийн хурцалж буй хүнтэй юу ярих вэ дээ. “Ууланд удаа үүрсэхэд уяан дээр илжиг тонгочно” гэдгийн үлгэрээр дагаад бас өдрийн тэмдэглэлээсээ бусад өөрийнхөө бичсэн хэдэн юмыг шатааж орхив. Бас болоогүй ээ, дундаа нэг шил юм тавьчихсан. Задгай гал дээр нэг нэгээр нь хийгээд л хэрхэн дүрэлзэн бадрахыг харж баясан, шилэн стакан тулгаад сууж байв.
* * *
Авьяас өөрөө мэдрэмж, эмзэглэл юм. Авьяас өөрөө учир шалтгаангүй хаос ертөнцийн чинад учир шалтгаан юм. Чинад учир шалтгаан дотор учир шалтгаангүй хаос ертөнц оршино, харин тэр учир шалтгаангүй дотор олон жижиг учир шалтгаанууд өөр өөрийнхөөрөө зөв хэмээн цоролзон оршдог. Өөр өөрийнхөөг зөв гэдэг учраас бүхэлд нь харвал ямар ч учир замбараагүй хаос болно. Бидний оюун сэтгэлгээ ихэнхдээ энэ олон жижгүүд дотор л эргэлдэх билээ.
Авьяасыг заримдаа хазаарлан барьж, учир шалтгаантай хослуулан тэнцвэрийг нь олж байхгүй бол эмгэнэл болж хувирна. Харин дандаа учир шалтгаанд дулдуйдан оршвол тэнэгрэл болж хувирна. Бидний оршихуйн хоёрдагч суурь яагаад үл ойлгогдох зөрчилдсөн хаос байдгийн учир тэр билээ.
“Сарнай элбэгтэй газар
Янагын явдал хямдхан
Санаа сэтгэлийн гуниг
Түүнээс бүр ч хямдхан” байдгийн учир тэр…
***
Нэгэнтээ, “Хөөё, чи энийг хараа” гэх.
Е.Виниградовын нэгэн шүлэг байна.
“…Яруу найрагч – эзэн хаан ч, ядуу гуйлгачин ч байсан
Яам тамганд шөнө дөл өнгөртөл өгцийн уйтгарлаж
Дэлдэн бичээч болон үзэг чихнуулж,
Дэргэдэх хатдын гарыг үнсэн уярааж…” гэж уншсанаа намайг “Энэ ч чи л байна даа” гэв. Нээрээ хожим яг тийм л болсон доо. Төрийн албанд бараг хорь хүрэх шахам жил өгцийтлөө уйтгарлан зүтгэжээ, би. Шөнө дүл өнгөртөл үзэг чихнуулаад л…, үг үсэг, хэл найруулга зассан шиг, цалин мөнгө, мэдээ занги, төлөвлөгөө төсөл гэсэн шиг…
“…Хуур чирэн, сахал унжуулан захаар тэнүүчилж
Хувьсгалт тэмцэлд дуугаа дуулсаар үрэгдэж
Тэртээх Кавказын хөдөн зөргөөр тэжигнүүлж,
Тэнгэсээр тэнүүчилж, тэндээ нөхцөж явсаан…
Яруу найрагч гэдгээ л харин
Ямар ч үед мартаж байгаагүй юм шүү,” гэж би үргэлжлүүлж уншаад
“Энэ хоёр дахь хэсэгт дүрслэгдэж буй нөхөр бол харин чи яг байна” гэвэл мань хүн үнэхээр баясан, бар бар инээж, сэтгэл нь хөдөлсөндөө нааш цааш холхин, “Нээрээ яг шүү, хуур чирээд байхдаа яахав дээ, олддог бол чирнэ л дээ. Харин сахал л байхгүй юм, за яахав ургуулчихаж болох… Тэнүүчилнэ шүү дээ, хувьсгал хийж байгаа газар хаана билээ?” гээд л. Үнэхээр л хаа нэгтээд гал бадарсан хувьсгал болж буй бол туг далбаа, буу шийдэм бариад гүйхэд бэлэн буй бололтой.
Хоёр хоногоос мань хүн хэлж байна.
“Одоо би явлаа. Монголыг явганаар нар зөв тойрно. Бясалгал хийж тойрно.”
“Яах гэж?”
“Хавар болж байна шүү дээ. Яаж гэрт тогтож суудаг юм. Хаашаа ч хамаагүй явмаар байна. Гэхдээ жаахан утга учиртай явьяа. Монголоо үзьеэ. Бас өөрийгөө сорьёо.”
Ингээд хоёул сууж Монголыг явган тойрох маршрут зохиолоо. Улаанбаатараас гарч алхаад Хархорин орж, С.Дамдиндоржтой уулзана. Тэндээсээ Арвайхээр орно, Цаашлаад Баянхонгорын Баянговь орж яруу найрагч Ванхүүгийн Батбаярынд очино, тэгээд хойшоо Алтай-Чардаг, Лхагвасүрэн, Увс-яруу найрагч Пүрэвсүрэн, Хөвсгөл яруу найрагч Гүрж.Нямдорж, Завхан яруу найрагч Батхүү гэх мэтчилэн…
Яруу найрагч Содномнамжилаас нэг хуучин хуврага хувцсыг нь гуйж авчрав. Бас нэг хуучин хуван эрх, ямрыг нь мэдэхгүй нэг шогол номтой. Хэнээс нь ч билээ, нэг муухан бержитэн үүргэвч олж ирэв. Миний орос шар хадаастай хуучивтар орос бакалыг духав. Үүргэвчиндээ Блокийн шүлгийн түүвэртэй, нэг давхцаг дээлтэй, нэг модон аягатай. Тэр халтар модон аягаа олон ч удаа айлын эзэгтэйн өмнөөс царайчлан тоссон байх даа. Тэгсгээд л Монголыг явганаар тойрох их аяллын бэлтгэл ханах нь тэр. Халаасандаа ямар ч мөнгөгүй ээ.
“Ээ аян зам, аян зам, аян зам
Энэ үгийг хэлэхээр л хөлдөө дөнгөтэй байтлаа
Эрх таваараа тэнүүчилж яваа мэт санагдана
Ээ аян зам, аян зам, аян зам
Энэ үгийг хэлэхээр л залуугийн омог бадарч
Эхийн минь энхрийлэл, эцгийн минь голомт ч мартагдана” гэсэн бүлэг шүлэг бичиж орхиод гарч өгсөндөө. Явсан газар бүрээсээ надад захидал бичиж байна гэв. Бичиж байсаан, Хархоринд байснаа, замдаа чононд ээрэгдэж, пүнзэнд орж амь аврагдсанаа, миний муу орос бакал юутай ч Баянхонгорын Баянговь хүртэл тэссэн тухай, Батбаяр найрагчийнд очсоноо, Алтайд цагдаад баригдаж, шоронд сууж, цагдаагийн машинаар Улиастай хүргүүлснээ, бас Увсын Зүүнхангайд Пүрэвсүрэн найрагчтай хамт аглагт дацан барилцсанаа бичиж байв.
Тийн тэнэж явахдаа олон ч шүлэг бичсэн. Төрсөн нутаг Архангайн Хотонтоор дайрахдаа бичсэн “Миний суурин” жаалхан шүлэгт нь ямар их гуниг багтаж ядан, халгиж цалгина гээ.
Яг тэр шүлэг өнөө бас үлдсэнгүй. Хожим харин нутаг нэг явахдаа нэгэн бүсгүйтэй зам зуурт учир ургуулж, тэгээд нэг ийм шүлэгтэй ирсэнсэн.
“Хавар болжээ
Газраас биений нь загас гэссэн охин улирал
Хамрын өмнүүр гэзэг задрах шиг анхиллаа
Баруун голын мөс… шөнө торхийн мултарч
Байгаль бүсгүй үүдээ түгжихгүй хонодог болжээ
Хөлийн чимээ шиг сэмхэн шиврэх бороонд
Хөрс шороо нь нялхарч бие сул тавилаа
Аль намраар хvлээсэн үү… нөгөө л хуучин бороондоо
Ахин бас гэнэдэж газрын өнгө туяарлаа
Амраг болжээ… Тэнгэрээс сэтгэл рvv хөрвөөсөн
Галийдаасын бийбаа нь Аянгын үүлэнд цахилгаан
хєгжим шиг дуурслаа”
Хүмүүс ихэнхдээ түүнийг овоо чанга гар гэдэг, энэ ч үнэн шүү. Юутай ч тэр Монгол орноо бүтэн биш юм гэхэд тал тойрчихсон хүн. Явганаар, бүр халаасандаа гапий улаан ч зоосгүйгээр шүү дээ. Зарим үедээ хоол олж идэхийн тулд лам болж айлд балин гаргаж өгч байсан гэдэг. Түүнийг нь бодохоор л инээд хүрээд тэсдэггүй юм. Ердөө хоёр тарни, нэг мэгзэмтэй л хүн шүү дээ. Юун балин гаргах…
Ингэж л мань хүн муугаар бол “Бадарчин”, сайнаар бол “Гэгээн хэсүүлчин” алдар хүртсэн дээ.
* * *
Манай үеийн их сэтгэгч, яруу найрагч Д.Урианхай абугай уран бүтээлчдийн тухай ийн өгүүлжээ.
“Би залуудаа бодохдоо, зохиолч, яруу найрагч хүн бусад хүмүүсээс хавьгүй илүү ухаантай, мэдлэг боловсролтой бэрх амьтан байх ёстой гэж боддог байлаа. Бас л алдаа!… Зохиолч, яруу найрагч хүн харин бусдаас илүү гэгээрсэн, сэрэхүй мэдрэхүй маш хүүхдэрхүү, нарийн торгон, зөн билиг их хөгжсөн, тэнгэрийн хэл сонсохдоо сонор, онгон зэрлэг амьтад шиг маш мэдрэмхий, байгаллаг, хөгжилтэй байвал зохих юм байна гэсэн бодолд автдаг болсон”
Урианхай ахын үгийг боджээ суухад эрхгүй мань Батбаатарын дүр төрх ургаад ирнэ. Юутай ч мань хүн бол “бусад хүмүүсээс илүү ухаантай, мэдлэг боловсролтой бэрх амьтан” яавч биш, бүр тэр зүгт хавьтуулах ч аргагүй этгээд. Харин тэр зөн билэг нь хөгжсөн, заримдаа тэнгэрийн хэл сонсохдоо сонор талдаа бол, бүр онгон зэрлэг амьтад шиг маш мэдрэмтгий гэвээс их ойр.
Батбаатарыг “гэгээрсэн амьтан” гэвэл олон хүн шууд цус харвах биз. Гэхдээ түүний тэр бүдүүлэг, дүрэмгүй, барьцгүй, эрээгүй танхайрал, хулхи араншин бүхнээс нь, хэрвээ сонсож чадвал нэг тийм “дотоод гэгээрэл”-д тэмүүлсэн байгаллаг хүч мэдрэгддэг юм.
Ер нь аливаа зүйлийн учир шалтгааны учрыг олохгүй төөрөх үедээ авьяас юу ч хийж, ямар ч тэнэг үйлдэл хийж мэдэх. Тиймээс мань хүнээс ямар ч солиотой гэмээр ааш араншин гарна. Барьцгүй ч мэт. Дотроо туйлын зөрчилтэй, ёстой бурхан, буг хоёр нэг биенд бүрэн цогцолсон ЭТГЭЭД гэж болно. Нэг бол бүхнээс уян, бүхнээс зөөлөн, бүхнээс ухаалаг, бүхнээс өгөөмөр, бүхнээс гэнэн, бүхнээс эмзэг, бүхнээс үнэнч анд нөхөр байна. Тэгснээ хормын дотор хамгийн харгис, хамгийн тэнэг, хамгийн эгиост, хамгийн хүйтэн, хамгийн давхар бодолтон, хамгийн урвагч, хамгийн хогийн этгээдийн дүрд хувилна. Яруу найрагчийн сүнсийг бурхан, буг хоёр ээлжлэн зайдагнаж байх мэт… Хөөрхий тэр зовлонт сүнс тэр хоёр туйлын дунд тарчилж гүйцэх билээ.
Олон ч хүн надад түүний тухай тун таагүй байдгаа илэрхийлдэг. Хулхиддаг л гэнэ, хуурдаг л гэнэ, зоддог л гэнэ, дээрэмддэг л гэнэ. Харин ч надад тэр “гараг андуураад ирчихсэн” нөхөр шиг ямагт санагддаг…
Нэгэнтээ “Энэ утга учиргүй цаг үед утга учиргүй амьдрахгүй бол галзуурах нь байна” гэж гаслах. “Хэрвээ би XIII зуунд төрсөнсөн бол ямар бахтай сайхан амьдарч, ядахдаа аравтын дарга болчихоод Зэв ноёныг даган ертөнцийн бүхий л саад бэрхшээлүүдийг дуу аялан гэтэлж, ард түмнүүдийн бүхий л зоригтнуудтай ид хавтай илд зөрүүлж явах байсансан. Амьдрал минь утга учиртай, аз жаргал дүүрэн байхсан” гэнэ.
Батбаатарт зориулж манай хүний бичсэн нэг ийм шүлэг ч бий.
Ц.Б-д
Жигүүрээ хугачсан тэнгэрийн ханхүү
Өмнө минь зогсоно
Жад, хүлэг, гилбэлгээн өнгөт дуулга
Гучин гурван баатар…
Түүнд юу ч алга
Гарвал угсаа болоод
Үнэн төрхөө мартжээ тэр.
Ертөнцийн хэвэнд таараагүйдээ
Эрлэг тамын амьтан шиг үзэгдэж
Амьдралын ёроол руу шидэгдэн
Адлуулж, хараалгаж, хөөгдөн
Талын салхийг гандтал тэнэхдээ
Ганцаас бусдыг санахаа больсон
Гинарын хөгөөр дуулахаа л мартаагүй.
Газарт ирэхэд нь, магад цөлөгдөхөд нь
/Гэнэрхэн, эсвэл зугаацахаар мордоход нь/
Хурмастын гүнж даган гүйгээд өгсөн
Хуурын алтан аялгуу л…
Эндэхийн биш, эгэлийнх ч биш
Эрхэмсэг, эрхэмсэг, эрхэмсэг,
Ижилгүй л авай.
Яруу найрагч Дашийн Оюунчимэг
1997
* * *
2004 онд Америкаас түр ирээд буцахдаа мань хүнтэй уулзлаа. Шинэхэн номоо гаргалаа гээд шүлгийн номоо барьж байна. Би бас нэг номоо барив.
Харин тэр шүлгийн номд нь өнөөх урам зоригтой шатааж орхисон шиг нь тийм оргилуун , дутуу болсон тошлог шиг исгэлэн, юу юугүй үргээд дэгдэн одохоор завдан буй гөрөөсний нүд шиг, бас шүүдрийн дусал шиг өнгө аяс нь байхгүй болчихсон байв. Нэг л их гунигтай байлаа, надад… Би хэллээ.
“Чи шүлгээ шатаагаад өөрийгөө өөрчилсөн нь мэдэгдэж байна. Гэхдээ сайжруулж биш шүү”.
“Тийм байна уу, амьдрал минь л шүү дээ. Залуугийн гэгээн юм өдөр өдрөөр яг л элсэн цаг шиг урсаж байгааг би мэдэрч байна. Гэхдээ хөгшин нь илүү сайн бичнэ гэсэн итгэлээ одоо ч алдаагүй яваа. Мэдээж шүлэг биш л дээ. Хүүрнэл зохиол”
“Тэгээрэй. Сайн зохиол бичвэл хөгшин нь хэвлүүлж өгөе. Харин муу юм бичвэл надруу битгий зүглээрэй…”
Ийм нэгэн яриа өнгөрснөөс хойш он жилүүд өнгөрсөөр л байлаа. Нэгэн удаа ажлын газрын харуул утас цохиж байна.
“Дарга аа, Таны найз гээд нэг хачин хүн ирчихээд уулзана гээд байна. Яах вэ?”
“Хачиндаа яаж байна?”
“Архи үнэртэж байна, хувцас нь уранхай, бас … кмм, Батбаатар гэдэг гэнэ ээ”
“Оруул, оруул”
Мань хүн хэнхдэгтээ энд тэндээ цусны толботой хир заарцаг болсон нэг цамцны тасархай углачихаж, уруул нь хар хөх юм болчихож, нүд нь байдгаараа цэлхийчихэж. Үнэр танар гэж өрөөгөөр нилхийгээд л явчихаж байна.
Дотрыг нь засаж, цайныхаа газарт оруулж хооллов.
“Хайран сайхан авьяас, хэн ч биш, чи л өөрөө буруутай. Хог новш шиг явах нь юун сайхан байгаа юм” гэх мэтээр зад загнав. Хэсэг дуугүй сууснаа
“Чиний ертөнц өөр, миний ертөнц өөр, чиний тойрог өөр, миний тойрог өөр. Хэрвээ чи минийх шиг тойрог хүрээлэл дотор амьдарвал тэсэхгүй шүү дээ. Харин ч би өдий зэрэгтэй амиа хорлочихгүй яваад минь баярла” гэж байна.
“Ямар тойрог өөртөө бий болгох чинь чиний сонголт шүү дээ”
“Гэхдээ, хөгшөөн нэг ийм ахуй, орчин, ертөнц байдаг гэдгийг харахгүй, анзаарахгүй яаж өнгөрөх юм бэ. Мартаж яаж чадах юм бэ? Яахав өөртөө нэг сайхан орчин үүсгэчихээд тэндээ сэтгэл ханаад, өөрийгөө хуураад, таг харалган гүйгээд байж чадна л даа. Гэхдээ…” гэж байна. Ийм хүнтэй чинь юу ч ярихав дээ…
Ер түүний өөрийгөө зөвтгөдөг олон зөвтгөлүүд нь учир шалтгааны ултай үндэслэл үгүй, ихээхэн хийсвэр байх. Гэвч эцсийн эцэст тэр үндэслэл муутай олон жижиг зөвтгөлүүд нэгдэхээрээ нэг их хүчирхэг, юугаар ч няцааж болшгүй тийм үгүйсгэл болж харагддаг.
Дахиад л он жилүүд өнгөрсөөр…
Нэгэнтээ номын дэлгүүрт Цэвэгжавын Батбаатар гэсэн зохиогчтой “Монголчууд Шаолинь сүмийнхэнтэй тулалдсан нь” ном таарав. Нэг талаар баярлав, мань хүнийг бүтээлээ хаячихаагүй, хийж байгаад нь. Бас жаахан гомдлийн сүүдэр бүрсхийж байна, надад яагаад үзүүлсэнгүй, хэвлүүлж орхив гээд…
Худалдан аваад гэртээ тухлан уншлаа. Сэтгэлд ер хүрсэнгүй. Түүнээс арай ч ийм нэг шальдар бульдар, аар саархан юм би л лав хүлээж байгаагүй билээ. Тэгээд уулзаад хэллээ.
“Чи чинь юу биччихээ вэ?”
“Өө, чи түүнийг ном гэж битгий тоо. Шар сонинд зориулж бичсэн юм. Хөгшин чинь гэр бүлээ тэжээх хэрэгтэй байна шүү дээ. Хэдэн төгрөгний төлөө л бичсэн юм. Бүтээл биш ээ. Жинхэнэ сайхан бүтээлээ бичиж байгаа. Дуусгачихаад би чам дээр ингээд (гартаа төө зузаан юм барьж буй мэт үзүүлэв) бариад очино, чи хүлээж байгаарай” гэж байна.
За тийм байлгүй дээ.
Дахиад л өдөр хоногууд урссаар, бас нэгтээ “Монгол сэлмэнд халтирсан нинжагийн од” гэсэн хачин сүртэй нэртэй ном нь гарчээ. Надруу бариад ирэлгүй, тэрүүгээрээ хэвлүүлчихсэнийг нь бодвол тэр өнөөх бүтээл нь биш бололтой. Сөхөөд харах нээ тийм аж.
Дахиад хүлээсээр…
* * *
Дээр цагт, 1997 оны үед санагдана, тэрээр “Улс төр, иргэний уянгын шүлэг бичлээ” гэж билээ. Тэр улс төрийн шүлэг нь маш “ноцтой”.
“…Эх орноо би хайрлаж чадахгүй ээ
Энхрий зөөлөн дуугаар хүүхэмсэж бүүр ч чадахгүй
Эмс охидыг таалах шиг тэгж худлаа нялуурах ч үгүй…” гээд эхэлнэ.
“…Ийм зүрх цээжинд минь цохилж яваа цагт
Илүү дутуу донгосч цэцэг навч үнэрлэхгvй ээ
Эх орноо хайрла гээд цохонд буу тулгасан ч
Эгц урдаас нь шулуухан чадахгvй ээ гэж сөргөнө өө …
Элдэв таваар зүхүүлж эргүү тэнэгээ дуудуулсан ч
Инээд хүрмээр тийм дүрд би хувирч чадахгvй ээ…”
* * *
Тийм ээ, тэр үнэнээ л, сэтгэлд нь төрж буй үнэн мэдрэмжээ ямар ч хуурмаг хөшиг, илүү чимэггүйгээр илэрхийлж буй нь тэр… Тэр байдгаараа байдаг, хуурмаар бол хуурдаг, үзэн ядмаар бол түүнээ нуудаггүй, цохиод авмаар санагдвал өчүүхэн ч эргэлзэхгүй. Байдгаараа байдаг түүнийг үнэнээрээ байгаагийнх нь төлөө харин үнэнээ ямагт элдэв гоё сайхан засдаг хуурамч инээд, арга заль ухаанаараа нуудаг хүмүүс ад үзээд байдаг нь заримдаа дэндүү шударга бус мэт…
…
“…Сайхан монгол орондоо даанч дэндүү хайртай гэнэ ээ
Санаа нь зовдоггүй бэртэгчин хоолой зангируулж үхэх нь ээ
Сая доллар үзүүлсэн ч би лав ингэж чадахгүй ээ
Сагсуу ч гэлээ өөрийгөө улаан тэгэж гөрдөхгүй ээ
Эх нутгаа хармагц үнсэн таалмаар болдог гэнэ
Энэ ч бүр засрахгvй муухай өвчин тусчихжээ…”
…
Тэр 90-ээд он ер хүнийг аварч бус алж л чаддаг цаг үе байлаа. Мэдээж аливааг шууд утгаар нь ойлгодог хүмүүсийн боддогчлон шууд алаад, нядлаад байсан гэсэн үг биш юм шүү дээ. Хүний дотоод ертөнцийг алж байсан юм. Итгэл үнэмшилгүй, хуурамч, зальжин, ховдог шунахай, хамгийн аймшигтай нь өөрийн хамаг үнэт цэнэт зүйлээ, дотоод ертөнцөө ахуйн аар саархан, мөнгө төгрөг, алдар нэр, хуурамчхан амжилт мэтээр хайр найргүй арилжиж, сольж байсан үе. (Өнөө бол тэр дотор ертөнцөө хайр найргүй хядуулсан хүмүүсийн нийгэмд амьдарч байна. Эвдрээгүй цоо шинэ үеийнхэн одоо л соёолж байна.)
Тэгээд найрагч тэр бүхэнтэй эвлэрч үл чадна. Болдогсон бол ёстой Маяковский шиг тэднийг чононоос дутахгүй зулгаамаар болно.
Зарим нэгийг нь гэнэн тэнэг байсных нь төлөө, тэр өчүүхэн учир шалтгаант тойрог дотроо учиргүй “утга учиртай” сайхан амьдарч байгаагийнх нь төлөө урж тасчаад хаячихмаар болно.
Ер тэр цаг үеийн харанхуй бурангуй шуурганд олон ч сайхан онгон зэрлэг мэт их авьяастнууд сөхөрсөн дөө. Нэрийг нь энд дурдаад яахав. Даанчиг хайран авьяастнууд …
…
“…Хөлдөж vхэх вий гэж өвөг дээдэс минь
Хөрзөн шавхай аргал хомоолхон хормойлсоор
Хөвч тайгаа тэр чигээр нь үлдээснийг
Хөрөөдєж суухдаа би ямар шүлэг унших юм бэ…”
Тэр ямар хүмүүстэй чухам ямар учир шалтгааны улмаас адарч, сөргөлдөж буй нь шуудхан энэ мөрүүд дээр ирэхэд харагдана. Нэг л их эх орондоо хайр зарласан, эцэг эхээ хайрлан нялуурсан, энхрий янагтаа хайлан ууссан мэт хүмүүс хаа сайгүй хөлхөлдөнө. Харин найрагч тэр бүхнийг нэвт харна, хэн нь эх орноо хэдэн халтар доллараар зарж байгааг, хэн нь өвөг дээдсээ үгүйсгэн гутааж байгааг, хэн нь энхрий янагаа араар нь тавьж байгааг тэр нэвт харна, мэднэ. Тэгээд тэр бүхэнтэй эвлэрч үл чадна, өөрийнхөөрөө дуулж, адарч, сөргөж, өөрийнхөөрөө агсамнан цамнаж гарах нь тэр.
“…Худлаа инээж долигносон зусар бялдууч уянгалал
Хулхинд сарнай ургуулсан сохор зоосны шvлгvvд минь…”
…Хэтэрхий дассан ертөнцийн хавар нь ирэхээр хөөрхий
Хэнээс ч асуусан олдохгүй бол намайгаа уучлаарай…”
Бичсэн ганц “улс төр, иргэний уянга” нь энэ.
* * *
Тэр хүмүүстэй, нийгэмтэй зөвхөн зөрчилдөөд зогсохгүй, тэднийг хатгаж, өдөж, шоглон даажигнана. Ахуй амьдралын аар саархан бэрхшээлийн өмнө өчүүхэн сул дорой гэдгээ батлан илэрхийлж, хүзүүгээ найр тавьж өгөөд, сайн дураараа дөнгө, худрага, буулгыг хайр гамгүйгээр зүүлгэж, илжиг мэт, шар мэт юуг ч бодож сэтгэхгүйгээр, мөрөөдөн тэмүүлэхгүйгээр зүтгэцгээж буйг нь хараад, бас ертөнцийн гоо сайхны өмнө тийм байдалтайгаар өчүүхэн ч анзааргагүй аж төрцгөөн буйг нь хараад уур хилэн нь бадарна.
Зүдүүр зовлонгоо сөрж чадахгүй болохоор
Борви өвдөг нь сөгдөн нугарсан байна…
Зүрх сэтгэл нь шаналан тарчлаагүй болохоор
Боолын гинж бүгдэд нь зохисон байна…
Тэгээд өөрт нь ч бас тийм боолын гинж зүүлттэй байгааг гэнэтхэн анзаарахаараа бүр ч тэсгэлгүй аашилж цамнаж гарна. Агсамнан үсчинэ. Тэгснээ найраг шүлгээ, зөвхөн тэр найраг шүлгээ л аргадан тайтгарна.
Залуугийн минь шүлгэнд хөгшин хүний буурал байвал
Залуугаараа намайг үхчихсээн гэж хундага өгөлгүй алгасаарай.
Найраг шүлэг минь архины охь шиг часхийж байг
Нацистын парад, генералын команд шиг тас няс байг
Шүршихэд бэлэн автомат буу шиг цэнэгтэй байг
Шүдэнз хавирсан шатахууны гал шиг тэсрэлттэй байг
Зэв, Сүбээдэйн майга сэлэм шиг гялбалзсан хурц байг
Зэрлэг согоо эргэж харах мэт уянга гунигийн зурагтай байг
Ер нь та нарт онгирсон ч яадгийм, сагсуу байг
Есөн хайрхан догширч бөөлсөн онгод байг
Завилсан бурхад залбирч тахисан тэнгэр байг
Задарсан тархийг шалба гуядмаар ойворгон ч байг
Залуу явахдаа хөгшин хүн шиг сургаал бичээгүй л байвал
Захын нэг муу төрийн соёрхолт миний дэргэд юу юм бэ?
* * *
Гэвч яг үнэндээ эцсийн эцэст, орчлон ертөнцийн бүхий л юм үзэгдлийн эмх замбараагүй, хачин хаос оршихуйд байх ер бусын хачин, магадгүй жинхэнэ учир шалтгааныг нь яруу найрагч барьж авсан нь тэр байхаа магад. Яагаад гэвэл, тэр цагт,
“…Сарнайн илтэс шиг зөөлхөн алгандаа нуусан
аз жаргалыг минь чи тэгэхэд
Салхин дундаа сэмээрхэн цацчихаарай…” гэж буй юм. Магадгүй энэ орчлонгийн жинхэнэ учир шалтгаан чухам үүнд л нуугдаж буй байх.
Мань хүнийг олонхи хүн их муу хүн гэж боддог байхаа магадгүй. Харин түүний хувьд олонхи хүмүүс “Бөөсгий засдаг том том хутгатай бөөн адуу шиг” дажигнасан, хайхрамжгүй хүйтэн хүмүүс байдаг шиг ээ.
2016 оны 1 сарын 30.
Б.Наминчимэд
URL: