Зарим үйл явдлын товч мэдээ

-Долоо хоног тутмын “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг  хавсралтын хамт нийтэллээ.  Энэхүү жагсаалтад оёдол, сүлжмэл, ноос ноолуур, арьс шийр, мод боловсруулах зэрэг хөнгөн үйлдвэрийн салбар, мөн түүнчлэн хүнс, барилга, эмийн болон бусад салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтжээ.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Хүний хөгжлийн сангаас сар бүр иргэдэд олгож буй 21 мянган төгрөгөөс үйлчлэгч банкууд үйлчилгээний хураамж суутгаж байгааг буруутган нэр бүхий гишүүд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд асуулга тавихаар болсон байна.  Энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

-Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Түүгээр Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүний айлчлалын дүнгийн тухай, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын протоколын төслийн тухай, ”Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.  Мөн Түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар  зэрэг гурван асуудалтай танилцах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих