АЙДАСЫН ДАВАА
Улаанбаатар хотоос Төв аймаг явах замд хамгийн эхэнд тааралдах даваа юм. Энэ даваан дээр Манжийн элч нарыг тосч угтдаг байсан бөгөөд ямар хэл мэдээтэй ирэх бол хэмээн айж сандарсан хүмүүс энэ даваан дээр Манжийн хааны ширүүн элчийг тосон авдаг байсан тул ийнхүү Айдасын даваа хэмээн нэрлэжээ.
Харин Газар усны нэр судлаач О.Сүхбаатар энэхүү үгийг хэл шинжлэлийн үүднээс нь тайлбарласан байна. Түүний судалгаагаар энэхүү нэр нь айдас хүйдэстэй огт холбоогүй бөгөөд үгзүйн хувирлаар өнөөгийн хэлбэрээ олсон үг ажээ. Уг нэр нь анх Байцын даваа гэдэг байснаа улмаар он цаг дамжин хэлэгдэхдээ Байдасын даваа болж, сүүлдээ хэлзүйн явцад Б үсэг нь гээгдэн Айдасын даваа гэгдэх болжээ. Уул усны нэр нь хэлбэр хэмжээ, ямар нэгэн түүхэн үйл явдлаар нэрлэгдэх нь олонтаа боловч хэлзүйн хувьслаар өөрчлөгдөн анхны нэрээсээ холдох тохиолдол цөөнгүй байдаг байна.
URL: