Монгол төрийн МОЛИГО-БАЯР
Монгол хэлний үгийн санд “Молигодох” гэж содон нэг үг бий. Сайн утгыг лав илэрхийлдэггүй. Уг нь, уугуул Монгол үг юм шиг байгаа юм. Хятад ,Түвд хавьцаа л лав ийм язгууртай үг байхгүй санагдана.
Тээр жил жижиг А.Сүхбат аварга, Г.Өсөхбаярыг молигдоод нэг сайн тийрүүлж билээ. Монгол бөхийн онолоор ам мэх гэсэн байх, аа… Харин миний мохоо ухаанаар бол ганц сайхан молигдсон ухаантай юм уу даа? Үгүй бол энэ “залилан” гэдэг хууль эрх зүйн холбогдолтой үгийн хууль эрхзүйн холбогдолгүй утгыг “молигдолт” гэж нэрлэдэг байхыг үгүйсгэхгүй. Гэвч Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Гарьд магнай” киноны баатар Молиго-Очир жаахан л молигдож барилддаг болохоос биш шударга эр юмсанж…
Гэтэл өнөөдрийн Монгол төрд даанч олон”МОЛИГО”-ууд шургалчихжээ. Сонгуульд Молиго-БАЯР, Молиго-БОЛД, Молиго-ХҮҮ, Молиго-БААТАР-ууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж “гарч” ирдэг болов. Тэдний нэг нь мэдээж бидний сайн мэдэх манай нөгөө Молиго-БАЯР байж таараа. Уг нь эцэг, эхээс хайрласан нэр нь ОТГОНБАЯР л даа… Яг л “Тунгалаг тамир” кино “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” гэж эхэлдэг шиг 2012 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудас Ё.ОТГОНБАЯР гэдэг нэрээр эхэлсэн юм, Булган аймагт.
Гэвч он цагийн уртад бус олон сарын дундаж үзүүлэлтээрээ тэрбээр МОНГОЛ ТӨРИЙН Молиго-БАЯР гэдэг нэрийг хүртэх хэмжээнд тулж иржээ. Хамгийн эхлээд тэрбээр “БИ БУЛГАНЫНХ” гэж молигодсон. Дараа нь “Өөрийн нутгаа хөгжүүлнэ” гэж даагаа нэхсэн. Үнэндээ УИХ-ын дугуй танхим гэдэг түүхийн холбогдолтой ном зохиол бичиж, бусад цагт нь гэр бүлдээ данс нээдэг тийм цаг зав ихтэй ажил биш л дээ. Харин манай Молиго-БАЯР энэ бүхнийг амжуулаад л байсан юм шүү. Баялаг бүтээж ганц ч хүн цалинжууж байгаагүй, өрхийн хэмжээний бизнес эрхэлж яваагүй түүний гэр бүлийн нууц дансанд 323 сая ам.доллар байсан гэдэг мэдээг интернет орчноос хайлт хийгээд үзэхэд мэдээлэл хангалттай гарч ирж байна. Гэтэл Монгол Улсын нийт төсөв 1999 онд 280 сая ам.доллар байв. Харин түүний дансанд тухайн жилийн төсвөөс хоёр дахин их их мөнгө байсан гэсэн үг. Мөн бидний хамгийн сайн мэдэх жишээг дурдахад л “Оюутолгой”-н урьдчилгаа төлбөрт 250 сая, Мянганы сорилтын сангийн тусламж 289 сая, “Тавантолгой”-н нүүрсийг барьцаалж Чалкогоос авсан зээл 300 сая ам.доллар байхад Монгол төрийн МОЛИГО-БАЯРТ 323 сая ам.доллар байсан гэдэг… Энэ байдалд санаа нь зовнисон тухайн үеийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ийм ноцтой хэрэгт сайн өмгөөлөгч тус болно” хэмээн зөвлөмжийг хүртэл өгч байв. Эрхэм хүмүүн та бүхэн нууц данс гэхээр өнөөх “ОФФШОР” энэ тэр гэдэгтэй нь андуурах вий. Энэ бол цэвэр хуулийн байгууллагуудын оншоор илэрсэн дансууд юм билээ. Харин энэ тухайгаа хэзээний молиго үмхүүлж сурсан Молиго-БАЯР маань “Гэр бүлийн хадгаламж нийлээд 300 сая төгрөг болох тул үүнийг хуулийнхан андуурсан” гэсэн талбарыг өгч байв. Хэрэв түүний тайлбар үнэн байсан бол тухайн үед хуулийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцуулах хэмжээнд хүрсэн байх байлаа. Багаар бодоход халдашгүй дархан эрхтэй хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан гэдэг үндэслэлээр хэн нэгэн албан тушаалтан хоолноосоо салах байв. Гэвч ийм зүйл огт болоогүй. Тэгэхээр манай хуулийн байгууллага хэн нэгэн этгээдийн нэр хүндэд хүссэн цагтаа халдах бүрэн эрхтэй болж таарах нь. Үгүй бол энэ удаад ч Молиго-БАЯР үндсэн мэхээ тун амжилттай хийсэн байх нь гарцаагүй. Ах Ё.Баярсайханыгаа хүртэл Орхон аймгийн Засаг дарга болгох гэж молигодож явсан түүнд унаган мэх гэж бий. Н.Энхбаярыг хорих ял сонссоны дараа хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хүртэл эргэж байсан нь түүний нэг мэх. Мэх бүхнийхээ ард бас молигодолт дагаж явсан гэвэл та итгэх үү…
Боловсролын сайд байхдаа Кэмбрижийн боловсролыг монголд нэвтрүүлнэ гээд амжаагүй. Гэтэл Л.Гантөмөр “Цөм хөтөлбөр”, “Авъяас хөтөлбөр”, “Ном хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж чадсан байх. Мөн сайдын албанд саатаж байхдаа “Багш нарыг зөөврийн компьютертэй болгоно” гэж молигодсон гэж байгаа. Энэ бол захын явдал, замын яриа шүү дээ? Тэгээд ч өргөн утгаар нь авч үзвэл Молиго-БАЯР мэтийн олон нөхдөд боломж олгоод байгаа нь манай төрийн тогтолцооны гажуудал. Ийм л гажуудалтай учраас хаана хялбар боломж гарна тэнд манай Молиго-БАЯР үнэнч шударгын молиго дүр харуулан зогсож байх жишээтэй. Яг үнэндээ Куперийн бичсэн “Сүүлчийн могикан” гэдэг шиг Монгол төрийн шударга эрс өдөр бүр цөөрсөөр… Энэ бүхний эсрэг талд Молиго-БАЯР, Молиго-БОЛД, Молиго-ХҮҮ, Молиго-БААТАР-ууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж “гарч” ирдэг болов.
Х.Онон
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
балиар амьтан. Ард түмнээ тэнэг гэж бодоод байгаа. Булган руу улсын мөнгөөр жаахан юм хийчээд тэрэндээ найдаад байгаа