ТУЛААНЫ РИНГЭН ДЭЭР ШҮЛЭГ УНШИЖ ҮЗЛЭЭ
Өчигдөр орой “АСА” циркт мэргэжлийн бокс, таэквондо, кикбокс, холимог тулааны шилдэг тамирчид хүч чадлаа дуурсгав. Мэргэжлийн халз тулааны энэхүү тэмцээнд модернист Б.Галсансүх бид хоёр уригдаж тулааны рингэн дээр шүлэг уншсан нь их л содон үзэгдэл болж хувирлаа. Гэхдээ эр зориг, эрч хүчний хурц түргэн хэмнэл хуралдсан галзуу тулааны тайзан дээр “Наль наль” хийсэн уянгын шүлэг уншвал ёстой онигоо болно. Түрэмгий хурц тулааны хэмнэлд тохирсон бадрангуй танхай шүлэг л тас нясхийж байх учиртай. Дуугаар бол треш-метал, галзуу рок… Тэртээ ерээд оны үед нохой зодооны шоу тэмцээн зохион байгуулж явсан Галсансүх маань “Загалмайлсан эцэг” хэмээх шүлгээ уншсан нь ааг омог, арслан зориг амтагдсан тулааны рингийг улам хурцлах шиг л болсон. Үүний дараа хөтлөгч “…Монголын цуутай нударган тулаанчид” хэмээх хоёр боть ном бичсэн Б.Ойдов тулааны урлагийн тухай шүлэг уншина…” гэж зарлахад би бээр “Эр зоригийн дуулал” хэмээх шүлгээ уншлаа.
…Эрин улбаалсан эр зоригийг
Эмтлэх гээд хэн ч барахгүй
Шартай омогтой хатан зүрхийг
Шантлах гээд хэн ч дийлэхгүй…
Аагтай омогтой арслан зоригийг
Айлгах гээд хэн ч барахгүй
Асч дүрэлзсэн омоглон зүрхийг
Авслах гээд хэн ч дийлэхгүй….. гэх мэтээр урсгаж гарав аа. 2000-гаад оны үед мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэвийг Англи улсад ид мандаж байх үед түүгээр бахархахдаа “Омогшил”, “Эр зоригийн дуулал” гэх мэт шүлгээ бичиж байсан юм. Дашрамд өгүүлэхэд Цэвээнпүрэв маань “Монголын цуутай нударган тулаанчид” номыг бичих явцад намайгKhayangarvaa Sanjkhuu зэрэг гардан тулааны мундагуудтай уулзуулахын сацуу уг номын зөвлөхөөр оролцсон юм. Тэрбээр энэ жил 45 настай, Азийн хамгийн ахмад боксчин. Өчигдөр оройн оргил тулааныг Цэвээнпүрэв гардаж хийсэн бөгөөд өөрөөсөө хорь орчим насаар дүү боксчинтой ана мана тэмцэлдээд ялалт байгуулсан юм. Тиймээс харишгүй, цуцашгүй Цэвээнээ маань АСА циркт цугларсан тулааны хорхойтнуудын хамгийн том бахархал болж байлаа.
URL: