Бразил Ерөнхийлөгчөөсөө нүүр буруулав

prezident-brazilii-podbodrila-sootechestvennikov-posle-proigrysha-v-matche-chm_491Бразилийн сенат Дилма Руссеффийг  төрийн тэргүүний тушаалаас холдуулж, зүүний хүчнийхэн 13 жилийн туршид засгийн эрх барьж ирснийг цэг тавьлаа.  Одоогоор түр хугацааны арга хэмжээ хэмээн яригдаж байгаа ч бүрэн цэглэх эсэх нь буюу импичмент хагас жилийн дотор нэг мөр шийдэгдэх болно гэсэн хүлээлт бий болоод байна. Импичмент (англ. Impeachment- үл итгэх, латины impedivi “саад хийв”, “таслан зогсоов” гэсэн үгнээс гаралтай) гэдэг нь орон нутгийн болон төрийн  үүрэг гүйцэтгэгчид ба албан тушаалтнуудад эрүүгийн болон шүүхийн ял тулгах үйл ажиллагаа бөгөөд тэднийг албан тушаалаас нь зайлуулах үйлдэл юм.

Хэрэг бүрэн шийдэгдтэл дэд ерөнхийлөгч Мишел Темер төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр байна. Зуны олимпийн тоглолтыг зохион байгуулах болон хатагтай Руссефф засаг барьж байх үед үүссэн эдийн засгийн хүнд байдлаас тус орныг гаргах хуриуцлагыг дэд ерөнхийлөгч үүрэх ёстой болсон гэсэн үг. Шинжээчид түүнийг баруун төвийг барьсан хөтөлбөрийг дэвшүүлж байгаа нь эдийн засгийг амилуулж, гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадна гэж үзэж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт Дилма Руссеффийн хувь заяаны асуудлыг Сенатад шийдсэн нь олон дээд амжилтыг тогтоов. Хуралдаан 20.5 цагийн турш явагдаж 81 сенатор тус орныг хоёр хэсэг болгон хувааж буй асуудлаар хариугаа хэлцгээсэн. Хуралдаан эхэлсний дараахан Руссеффийн эсрэг талынхан давуутай болсон нь  тодорхой байв. Санал хураалтыг хүлээлгүйгээр хатагтай Руссефф өөрийн туслахуудад хувийн эд зүйлээ ордноос гэртээ зөөх тушаалыг өгчээ.

Импичментыг үргэлжлүүлэхийн төлөө 55 сенатор санал өгсөн бөгөөд түүнд нь 41 санал л хангалттай байсан юм. Хатагтай Руссефф “Би хэзээ ч авлига авч байгаагүй, мөнгө угаах хэрэг хийгээгүй. Импичмет явуулах шаардлагагүй” хэмээн санал хураалтын дараа мэдэгдэв.

Гэлээ ч 180 хоногийн дотор сенаторууд түүнийг сэжиглэж байгаа хэргийг авч шалгана. Төрийн тэргүүнийг нефтийн Petrobras корпорацийн авлигын схемд хамаатай төдийгүй 2014 оны сонгуулиар улсын төсвийн мөнгийг ашигласан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Өмнө нь хатагтайн хамтран зүтгэгч байгаад одоо Дилма Руссеффийн эсрэг болсон дэд ерөнхийлөгч Мишел Темер үүрэг гүйцэтгэгчийн хувьд Рио-де-Жанейрогийн зуны олимпийн тоглолтын гол зочдыг хүлээн авна. Өнгөрсөн долоо хоногт олимпийн галыг хүлээн авч Бразилийн бамбарын буухиаг эхлүүлсэн хатагтай Руссефф өөрийн засаг барих үеийн гол төслийн нэгээс зайлуулагдаж байгаадаа  харамсал илэрхийлсэн юм. “Спортын бүрэн хөөрөлтэй бүхэнд дурсагдах олимпийг бразиличууд зохион байгуулж чадна” хэмээн пүрэв гарагт Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах мэдэгджээ.

Бразилийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн өмнө илүү амбицитай үүрэг байгаа. Өнгөрсөн онд тус орны дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар унасан нь сүүлийн 25 жилийн хамгийн доод үзүүлэлт байлаа. Улсын өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувьтай тэнцэж, төсвийн алдагдал нь ДНБ-ий 9.3 хувьтай тэнцжээ. Энэ жилийн эхний улиралд тус орны ажилгүйдэл 10.9 хувиар нэмэгдсэн. Тиймээс ноён Темерийн толгойлдог Бразилийн ардчилсан хөдөлгөөн нам эдийн засгаа аврах төлөвлөгөөг танилцуулсан. Тэтгэврийн насыг нэмж, төрийн зарлагыг бууруулах, татварын ачаалал, бодлогын хүүг буулган төсвийн алдагдлыг бууруулах талаар тэр төлөвлөгөөнд тусгажээ. Хөтөлбөрийг баруун төвийн чиглэлийн улстөрчид ба эдийн засагчдаас бүрэлдсэн Темерийн баг хэрэгжүүлэх юм. Бразилийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темер өнгөрсөн пүрэв гарагт шинэ Засгийн газрыг байгуулж тангараг өргүүлжээ. Түүний шинэ танхим яамдын тоогоо багасгаж, өмнө нь 32 байсан сайд нарыг 24 болгосон байна. Өмнөд Америкийн энэ улсын нийслэл дэх төрийн тэргүүний албан ёсны өргөө болох Планалту ордонд шинэ сайд нар албан тушаалдаа орох ёслолыг ч зохион байгуулсан. Хамгийн анхны өөрчлөлт нь Руссефийн Засгийн газарт 15 эмэгтэй сайдтай байсан бол өдгөө бүхэлдээ эрчүүдийнх болов.

“Шинэ танхмын бүтэц нь эдийн засгийн бодлогоо гол чиглэл болгосон бөгөөд шинэ засаг нь зах зээлийн механизмыг хүчтэй болгох, хувийн бизнесийг дэмжих, төсвийн тэнцвэрийг хангах, Хөдөлмөрчдийн намын 13 жилийн захиргааны цөм байсан нийгмийн хөтөлбөрүүдийг хумих замаар гүнзгий хямралаас гарахаар оролдох юм. Гэхдээ нийгмийн хөтөлбөрүүдийг бүгдийг нь зогсоохгүй. Одоо Дилмагийн талынхан жагсаал цуглаандаа гарсан улс төрийн байдал нь тогтворгүй байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч 2006 оноос АНУ-ын тагнуул байсан тухай материал Викилекс сайтаар гарч ирсэн нь жагсагчдыг улам зоригжуулах байх. Эдийн засгийн хямралын улмаас гадаад бодлого нь өөрчлөгдөн тэнцвэртэй, цэгнэлттэй болно. Гэлээ гээд тус орон BRICS-ээс гарахгүй байх. Харин тэнд идэвх нь сулрах болов уу. Ойрын үед энэ нэгдлийн шинэ банкинд шинэ татвар өгөхгүй нь ойлгомжтой. Бразили өөрийн түүхэнд олон янзын улс төрийн дэглэмийг дамжсан бөгөөд гадаад бодлогын гүнд нь эдийн засгийн харилцааг бүх оронтой хөгжүүлэх, бүс нутгийн лидер байх эрмэлзлэл ямагт байж иржээ.

ЛАВЛАГАА: ЛАТИН АМЕРИКИЙН ОРНУУД ДАХЬ ИМПИЧМЕНТИЙН ТОХИОЛДЛУУД

Тавдугаар сарын 12-нд Бразилийн сенат (парламентын дээд танхим) тус орны ерөнхийлөгч Дилма Руссеффийн хувьд импичментыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэв. Түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд (2011-2014 онуудад), хоёр дахь хугацааны эхний саруудад (2015 оны эхнээс) санхүүгийн зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор латин Америкийн орнуудад ерөнхийлөгчдийг албан тушаалаас нь хэрхэн огцруулж байсан тухай лавлах материалыг танилцуулъя.

1992 оны арванхоёрдугаар сарын 29. Бразилийн ерөнхийлөгч Фернанду Колор ди Мелуг авлигын хэрэгт холбогдуулан импичментыг эхлүүлсэн бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр огцорсон. Гэвч энэ нь хангалтгүй гэж үзэн Үндэсний конгрессийн сенат түүнд импичмент зарласан юм. Бразилийн Холбооны дээд шүүх 1994 онд ди Мелуг гэм буруутай гэж үзээгүй. Тийм атал Үндэсний конгрессийн зүгээс шийдвэрээ өөрчлөлгүй түүнийг 1994 – 2002 онуудад улс төрд оролцохыг хоригложээ.

1993 оны наймдугаар сарын 31. Венесуэлийн Үндэсний конгресс (парламент) тус орны ерөнхийлөгч Карлос Андрес Пересийг Засгийн газрын сангуудаас 250 сая боливар ($17 сая) завшсан гэж үзэн түүнд импичмент зарлажээ. Өмнө нь 1993 оны тавдугаар сард түүний хэргийг шийдтэл албан тушаалаас нь түтгэлзүүлээд байсан юм. Түүнийг 1996  оны тавдугаар сард гэм буруутай гэж үзэн хоёр жил дөрвөн сараар гэрийн хорионд байлгахаар шийджээ. 1997 оны хоёрдугаар сар. Эквадорын Үндэсний конгресс (парламент) өөрийн ерөнхийлөгч  Абдала Букарам “мэдрэл муутай” учраас улс орноо удирдаж чадахгүй гэж үзээд албан тушаалаас нь зайлуулжээ. Төрийн тэргүүний тушаалыг урвуулсан, “зэвсэгт хүчнийг өөрийн хувийн зорилгоор ашигласан, авлига авсан, телевизийн нэврүүлэгүүдээр үг хэлэхдээ дуулж, бүжиглэн биеэ авч явж чадаагүй гэх зэргээр Букарамыг буруутгасан юм. Тэдгээр нь үндсэн хуульт ёс зүйд харшилсан, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэж хууль тогтоогчид үзсэн байлаа. Букарам тушаалаасаа зайлуулагдсаны дараа Панамд дүрвэн гарчээ.

2000 оны арваннэгдүгээр сар. Авлигын дуулиан дэгдсэний улмаас олон нийтийн эсэргүүцэл гарсны дараа Перугийн ерөнхийлөгч Альберто Фухимори улс орноосоо зугтан гарч Японоос улс төрийн орогнол хүсчээ. Тэгээд огцорч буйгаа мэдэгдсэн байна. Гэсэн ч Перугийн конгресс (парламент) түүний огцролтыг хүлээн авалгүйгээр “ёс зүйн хатуу тогтворжилтгүй” гэсэн томъёоллоор албанаас нь огцруулж 10 жилийн турш улс төрөөс зайлуулсан байлаа. Хожим түүнийг улсын мөнгө хөрөнгийг завшсан, 1991-1992 онд олон хүний аминд хүрсэн ажиллагааг удирдсан хэмээн буруутгасан байв.

Фухимори 2005 онд Чилид очоод баривчлагдан Перуд шилжүүлэгджээ. Хэд хэдэн хэргээр шүүх хурал болон шоронд хоригдох янз бүрийн ял авсны хамгийн том  хугацаа нь хүний эрхийг зөрчсөн хэмээн 25 жилээр хоригдох байжээ.

2012 оны зургадугаар сар. Парагвайн парламент импичмент зарлах замаар албан тушаалаас нь ерөнхийлөгч Фернандо Луго гэгчийг зайлуулжээ. Түүнийг ажил албаа зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй, тухайлбал 2012 оны долдугаар сард цагдаа нар ба ажилгүй тариачдын хоорондын мөргөлдөөнөөр 17 хүн амиа алдсан хэрэгт буруутгасан байлаа. Латин Америкийн олон орнууд энэ хэргийг төрийн эргэлт гэж үзэн элчин сайд нараа эргүүлэн татсан бөгөөд Өмнөд Америкийн  нэгдсэн зах зээлийн болон Өмнөд Америкийн үндэстний холбооны гишүүнээс Парагвайг түр хугацаагаар хассан байлаа.

РУССЕФФ, ДИЛМА

Руссефф, Дилма (Дилма Вана Русеф, португали хэлээр Dilma Vana Rousseff) 1947 оны арванхоёрдугаар сарын 14-нд Бразилийн Минас-Жерайс мужийн нийслэл Белу-Оризонти хотод төржээ. Эцэг Педро Руссефф (славяннэр нь Петр Русев) Болгарын коммунист намын гишүүн, 1929 онд тус орноос Бразилид дүрвэн гараад худалдаа наймаа эрхэлж, амжилттай өмгөөлөгч болсон байлаа. Эх Дилма Жани Силва нь сургуулийн багш байв. Тэдний гэр бүлд Игорь, Дилма Вана, Жана Лусиа гэсэн гурван хүүхэд төржээ. Эхний нөхрийнхөө хоёр дахь овгоор 1967–1999 онуудад Дилма Руссефф Линарес нэр овогтой ирж иржээ.

Бразилд цэргийн хатуу дэглэм тогтсон 1964 онд Дилма Руссефф Colegio Estatal гэх улсын коллежид элсэн ороод зүүний хувьсгалт залуучуудын марксист улс төрийн ажилчны байгууллагад (Organizaзгo Revolucionбria Marxista-Polнtica Operбria) байгууллагад орсон байна. Тус байгууллага нь дэглэмийн эсрэг улс төрийн болон зэвсэгт тэмцэл явуулж иржээ. Дилма Руссефф тус байгууллагын хэт даврагч жигүүрт 1967 онд нэгдэн Үндэсний чөлөөлөх командад (Comando de Libertaзгo Nacional) нь оржээ. Командын гишүүд банкуудыг дээрэмдэхээс гадна террор хийж байлаа. Минас-Жерайс мужид тэд бөмбөг дэлбэлж иржээ. Дилма зэвсэг эзэмших бэлтгэлд суралцсан ч гудамжны мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлд нь ороогүй юм. Руссефф үйлдвэрчний эвлэлтэй хамтрах асуудал эрхэлж, “Команда” (“O Piquete”) гэсэн нууц сонин гаргах ажилтай байлаа.

Аюулгүй алба, цагдаа нарын мөрдлөгийн улмаас Дилма Руссефф 1969 оны эхээр Рио-де-Жанейро хотод очжээ. Түүнийг 1970 оны нэгдүгээр сард Сан-Паулу хотын баарнаас баривчлан 22 хоногийн турш шоронд суулган тамлан байцаасан байлаа. Цэргийнхэн түүнийг буудан цаазлах гэсэн сэтгэл зүйн дарамтыг үзүүлсэн юм. Дилма Руссеффийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутган зургаан жил шоронд хорих ялаар шийтгэсэн байлаа. Хожим цэргийн шүүх түүний ялыг хоёр жил нэг сар болгон багасгасан байна. 1973 онд Риу-Гранди-ду-Сул мужийн нийслэл Порту-Алегри хотод очин боловсролдоо үргэлжлүүлэн анхаарсан байна. 1975 онд мужийн Засгийн газрын дэргэдэх Эдийн засаг, статистикийн санд (Fundaзгo de Economia e Estatнstica) ажилд оржээ.

Риу-Гранди-ду-Сулын холбооны их сургуулийн (Universidad Federal de Rio Grande do Sul) эдийн засгийн ангийг 1977 онд төгссөн байна. Жилийн сүүлчээр нь Дилма Руссеффийн өмнөх хорлон сүйтгэх ажиллагааны мэдээг армийн удирдлага шинэчлэн гаргаж зарласны дараа тэрбээр ажлаасаа халагдсан байв.

Дилма 1978–1983 онуудад Сан-Паулу мужийн Кампинасын улсын их сургуулийн (Universidade Estadual de Campinas) магистратурт суралцсан ч түүнийг төгсгөөгүй ажээ. Улс төрийн хоригдлуудыг өршөөх хууль 1979 онд батлагдсаны дараа Дилма Руссефф олон нийтийн кампанит ажилд идэвхитэй оролцож эхлэв. Мөн тэр жилд нь Бразилд сонгуулийн шинэ хууль батлагдан Ардчилсан хөдөлгөөн намыг шинэ хуулиар татан буулгасан байв. Үүний оронд Ардчилсан трабальист нам (Partido Democrбtico Trabalhista; АТН) байгуулах ажилд Дилма Руссефф оролцов.  Намын идэвхтний хувьд тэрбээр “Ерөнхийлөгчийн шууд сонгуулийг нэн даруй!” («Diretas Jб») гэсэн үндэсний кампанит ажлыг зохион байгуулав

Дилмагийн нөхөр Карлос Араужо 1982 онд Порту-Алегри мужийн парламентад сонгогдон уг суудлаа 1986, 1990 онуудад хадгалан үлджээ. Мужийн парламентын депутатуудын туслахаар ажилаж байсан Дилма Руссефф мужийн санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаас Порту-Алегри хотын зөвлөлийн даргаар томилогдсон ч 1990 оны хоёрдугаар сард ажлаасаа дандаа хоцордог гээд халагджээ.

1991 оны гуравдугаар сард Эдийн засаг, статистикийн сангийн дарга болов. 1993-1995 онд Риу-Гранди-ду-Сул мужийн Засгийн газрын Эрчим хүч, уурхай, дэд бүтэц хариуцсан нарийн бичгийн дарга байлаа. 1995-1999 онуудад “Эдийн засгийн үзүүлэлт” (Indicadores Econфmicos) гэсэн сангийн сэтгүүлийн эрхлэн гаргагч болсон  юм. 1999 онд Риу-Гранди-ду-Сул мужийн Засгийн газрын Эрчим хүч, уурхай, дэд бүтцийг дахин хариуцаж эхлээд хоёр жилийн турш цахилгаан үйлдвэрлэл ба хувиарлалтыг сайжруулах төслийг тэр хэрэгжүүлж эхлэн хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байв.

Намын удирдлагатайгаа зөрөлдөөн­тэй байсны улмаас тэр 2001 онд намаасаа гарч, Луис Инасиу Лула да Силвагийн удирдсан Хөдөлмөрчдийн намд (Partido dos Trabalhadores; ХН) нэгдлээ. Луис Инасиу Лула да Силва 2002 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байв. Тэр 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орохдоо Руссеффийг Уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайд болгосон юм. Мөн тэрбээр эрчим хүчний Eletrobras, нефтийн Petrobras гэх улсын компаниудын зөвлөлийн дарга болжээ. “Бүгдэд гэрэл” (“Luz para Todos”) гэсэн хөтөлбөрийг тэр санаачлан 2003 оноос хэрэгжүүлж, таван жилийн дотор хөдөөгийн 10 гаруй сая бразиличуудыг цахилгаанаар хангаж чадав. Дилма Руссефф 2005 оны зургадугаар сарын 21-нээс Ерөнхийлөгчийн тамгын газрыг (Casa Civil) толгойлох болжээ. Ийнхүү тэрбээр Луиса Инасиу Лула да Силвагийн ассистент болон ерөнхийлөгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хяналтыг гартаа аван яам албад, мужийн захирагчид, намууд ба конгресстой ажлаа холбон зохицуулах тал дээр зүтгэсэн байлаа.

Тэрбээр 2005  оны наймдугаар сард Eletrobras-ын зөвлөлийн даргаа өгсөн ч Petrobras компанийг захирсан хэвээр үлджээ. Дилма Руссефф 2010 онд хөдөлмөрчдийн намын албан ёсны нэр дэвшигчээр нэрлэгдсэн учраас Petrobras компанийн зөвлөлийн даргын ажлаа өгсөн байна. Түүнийг  хэт зүүнээс баруун төвийн олон нам, хөдөлгөөн дэмжсэн ба 2010 оны сонгуульд 56 хувийн саналаар ялан ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Дилма 2011 оны нэгдүгээр сарын 1-нд тангарагаа өргөснөөр Бразилийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болов. Лула ди Силвагийн бодлогыг үргэлжлүүллээ. Тэрбээр 2011 онд Үндэсний үнэний комисс (Comissгo Nacional da Verdade) байгуулах зарлигт гарын үсгээ зуран 1946-1988 онуудад хүний эрх зөрчигдөж байсан хэргийг мөрдөн шалгахаар болов. Түүний захиргааны үеэр 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны олимпийн тоглолт зэрэгт бэлтгэх явдлууд болов. Хөлбөмбөгийн тэмцээний бэлтгэлд 11 тэрбум ам.доллар зарцуулсанд олон нийтийн эсэргүүцэл их гарсан юм. Дилма Руссефф бразиличуудад хандан 2010-2013 онуудад боловсрол, эрүүлийг хамгаалахад цэнгэлдэх хүрээлэн бариулснаас 212 дахин их мөнгө зарцуулсан гэж байлаа.

Түүнийг ХН-аас ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн  нэр дэвшигчээр 2014 онд зарлажээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс 51.64 хувийн санал авсан тэр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ.

Хоёр жилийн өмнө Бразил д улсын Petrobras компанитай холбоотой дуулиан дэгдлээ. Тус компанийн топ менежерүүдийг мөн конгрессийн хоёр танхимын гишүүд сайд байсан хүмүүс авлигын хэрэгт холбогдлоо. Авлигын хэрэг нь Дилма Руссеффийг зөвлөлийн дарга байх үеэр (2003-2010) хийгдсэн гэж мөрдөн байцаалт үзсэн байлаа. Төрийн тэргүүн өөрөө энд нэр дурьдагдаагүй ч түүнийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг гаргажээ. Мөн улс орны эдийн засгийн хямрал энд бас нөлөөлөв.

2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд парламентын доод танхмын спикер Эдуарду Кунья ерөнхийлөгчийн хувьд импичментын ажиллагааг эхлүүлж байгааг зарласан юм.

Дилма Руссефф 1967 онд Клаудио Галено Линарестай (Clбudio Galeno Linhares) гэрлэсэн байгаад 1969 онд салжээ. Тэр жилдээ өмгөөлөгч Карлос Араужотай  (Carlos Araъjo) танилцсан байв. Тэдний охин Паулу Руссефф Араужо (Paula Rousseff Araъjo) 1976 онд төрсөн байв. Тэр нь Дилмагийн цорын ганц хүүхэд ажээ. Карлос Араужогоос 2000 онд салжээ.


URL:

Сэтгэгдэл бичих