Боксынхон олимпийн хос эрхтэй боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилнэ. Өчигдөр манай тамирчдаас хамгийн түрүүнд МУГТ П.Сэрдамба олимпийн эрхээ авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6-аар ялсан бөгөөд өчигдөр Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12-оор яллаа. Ийн тэрээр шөвгийн наймд шалгарч, олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж буй юм. Түүний дараагийн өрсөлдөгч Кубын тамирчин Йосвани Вейта Сото юм. Харин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймын төлөөх тоглолтод Ираны тамирчинг илт давуу буулган авлаа. Тэрээр энэ дэлхийн аваргын рингэнд хүчтэй байж учраа болгоноо илт илүүрхэн ялж явна. Эхний тойрогт  Камеруны боксчин Бабу Махаман Смайлаг 20:10-аар, мөн Сент-Люсия улсын тамирчин Линдель Марселлинийг 20:6-аар илт давуу буулган авсан тэрээр өчигдөр Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9-өөр ялснаар ирэх жил Лондонг зорих баг тамирчдын тоог нэмлээ. Тэрээр өнөөдөр хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тулалдах юм.


URL:

Сэтгэгдэл бичих