MCS-ийн “ГИШҮҮН” Л.Энх-Амгалан АН-ын ч, МАН-ын ч “ГИШҮҮН”

3676

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д ард түмний бус бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн төлөөлөн суудаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл тэдгээр нөхдүүдийн нэг УИХ-ын гишүүн, МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан  Л.Энх-Амгалангийн тухай өгүүлье. Өдгөө МАН-д харьяалагддаг тэрбээр нэгэн цагт АН-д харьяалагдаж явсан. Намаа сольж МАН-ыг даган улстөрд ирсэн ч, угтаа бол MCS  өөрийн хүнээ улстөрд оруулж байгааг нь хаа хаанаа ярьж л байсан. Тэр цэцэгнээс цэцэг дамжин нисдэг эрвээхэй шиг намаас нам дамжин ниссэнээсээ болж асуудалд орж байсан удаатай.

Ямартаа л түүний тэр асуудал сошиалаар дэгдэж байхав.  Мань эр ардчиллын баярын өдрөөр  “Ардчилсан холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчийн мандат” –аа сайрхаж үзүүлсэн биш хэрэг мандаж байсан даа. Учир нь  АН-ын нарийн бичгийн дарга Д.Анхбаяр  Л.Энх-Амгалан гишүүнийг “манай намын гишүүн” гэж тодотгосны хариуд Л.Энх-Амгалан “Намайг АН-ын гишүүн гэдгийг нотлох баримт, намын гишүүний үнэмлэх гаргаад ирдэг юм бол 1000 ам.доллар өгье”  гэж өвчигнөсөн юм. “Дааганаас биш дарвагараасаа ” гэж үг байдагчлан  Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт “Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн асан Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь өнөөдрийг хүртэл аймгийн Ардчилсан намын үүр хороонд намаас гарах өргөдөл өгөөгүй, намын батлахаа буцааж өгөөгүй болно” гэх албан бичиг, татвар төлсөн баримтыг ирүүлсэн байдаг. Л.Энх-Амгалан гишүүний хувьд хоёр нутагтан шиг явж байгаад гишүүн болсон нь тодорхой болсон гэсэн үг л дээ.

3

2

Улстөрчийн хувьд төлөвшлийг олоогүй ийм хүн тэгээд одоо дахиад сонгогдоно гээд л явж байгаа юм л даа.  2011 онд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч  байсан  Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар  MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэж байсан удаатай. Учир нь “MCS групп ”Ухаа худаг″-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавихын тулд  БОАЖ-ны сайд Л.Гансүхэд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан  тэрбум төгрөгийн авлига өгсөн” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Хэдийгээр энэ асуудал албан ёсоор тогтоогдоогүй ч, Л.Энх-Амгалан хэний, хаанахын эрх ашгийн төлөө ажилладаг нэгэн болохыг нь илүү тодорхой болгосон гэхэд болох юм. Түүнчлэн улстөрөөр дэм хийн бизнесээ саадгүй явуулахын тулд тогоон дотор нь орж ирэх гэсэн дотоод бодлогын дагуу гарч ирэхийн тулд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг хортой хутгах ажиллагааг Л.Энх-Амгалантай холбон харах хандлага бий.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн үндэсний хорооны гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлэл технологийн зөвлөх, бүс нутгийн хөгжлийн сангийн тэргүүлэх гишүүн зэрэг сонгуульт болон сонгуульт бус ажилд оролцохын сацуу MCS-ийнхээ ажлыг сайтар амжуулж явсан түүнд өөр бусад бизнес бий. Ер нь бол юм юм руу л ордог аж. Ямартаа л “Ард” даатгалын ард түүнийг байдаг гэдэг. Гэхдээ тэрээр даатгалын бизнесийг бас чиг нарийн ухаж ойлгодоггүй гэдгээ компанийг нь авч яваа хүмүүсээс нуудаггүй. Гол нь түүнд эрх мэдэл, мөнгө л хэрэгтэй юм билээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих