Т.Ганболд З.Энхболдтой квотоор тохиролцон, ХҮН-ыг самарчээ

3653

Нөгөө  “Улстөрд шинэ од” гэдэг шиг ямар ч байсан, шинэ хүчнийх нь хувиар, за тэгээд асуудлуудыг арай өөр өнцгөөс, шийдэл, гарц хайсан агуулгаар харах болов уу гэсэн тийм нэг хүлээлтийн маягтай харцаар ХҮН тийш харж байсан хэсэг байгаа л даа. Гэтэл өнгөрсөн саруудад ХҮН-ынхан дотооддоо эв эегүй байцгааж, чамгүй асуудал дэгдээцгээв.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлаар шалгагдан, хоригдож явсан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд ХҮН-ын даргын хувиар мэдэгдэл гаргаж энэ сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж мэдэгдсэн нь цаанаа учиртай байж.

Юу гэхээр Т.Ганболд АН-ын дарга З.Энхболдтой уулзаж, хэдэн квот өгчихвөл ХҮН-ыг унагачихъя, та нарыг дэмжье, С.Ганбаатар надтай хамт байгаа хэмээн хэлсэн аж. Гэтэл хэрэг дээрээ С.Ганбаатар түүнийг ийн З.Энхболдтой уулзалт хийж явсныг мэдээгүй гэх.

Ямартай ч Т.Ганболдын энэхүү үйлдэл нь ХҮН-ыг улстөрийн тогоонд урууг нь хараад унагаасан үйлдэл болж таарч байна. Т.Ганболдын хувьд АН-тай тохиролцоо хийсэн нь хувь эрх ашигт нь хэрэгтэй зүйлс болсон бололтой юм.

За харин З.Энхболдын хувьд ИЗНН, МҮАН-ыг АН-тай нэгтгэн энэ сонгуулиар хүч үзэх төлөвлөгөөндөө ХҮН-ыг нэмж багтаах гээд зорьсондоо хүрэхгүй янзтай байна. Учир нь ХҮН-ын тулхтай гишүүд анх байгуулагдсан чиглэл зорилгоо үл умартан, улстөрд өөрсдийн орон зайгаа бий болгохыг эрмэлзэж байгаа аж.

ХҮН-ын дарга С.Боргил ярихдаа  “Т. Ганболд өнгөрсөн гуравдугаар сард намын дарга болсон ч огцруулсан. Тэрбээр даргын тамгыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд  Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан байгаа.

Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна. Анхнаасаа бид дангаар оролцоно, оролцохгүй гэдэг дээр хуваагдаж байсан.

Одоо харин ХҮН нам УИХ-ын сонгуульд 20 гаруй гишүүнээ бие дааж нэр дэвшүүлнэ. Нийслэл орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна” гэсэн  юм.

За харин ХҮН-ыг зөв чиглэлд явж байгаа нам гэж тодотгодог С.Ганбаатарын тухайд өөрийг нь том намуудад, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа хэвлэлийн хурал зарлаж “МАНАН-д орсноос үхсэн минь дээр гэж хэлье. Тэр намууд надад хэрэгтэй биш.

МАН, АН-ын олон шударга УИХ-ын гишүүд, улстөрч, олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа.

Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. МАН, АН-ыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар ярилаа” хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхээр С.Ганбаатарын хувьд Т.Ганболдын хэлж яриад яваа шиг ХҮН-ыг АН-д дагаар оруулах төлөвлөгөөг эхнээсээ дэмжээгүй гэдэг нь тодорхой болж таарч байна.

 

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих