АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй “тоглоомын дүрмийг” өөрчилж байна
Эрх баригчид цагаандаа гарлаа. Ийнхүү халаглах болсон минь шалтгаантай. Учир нь тэд өөрсдөдөө аль хэрэгтэй гэснээ хийж, юу таалагдахгүй байна тэрийгээ устгаж, өөрчилж бас үгүй хийж байна. Дур зоргороо аашлагчид хамгийн сүүлд гэхэд л сонгуулийн хуулиар хүссэнээрээ тоглоод амжлаа шүү дээ.
Ардчилсан намын удирдлагуудын нь энэ удаагийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй заавал ялалт байгуулах шаардлагатай болоод байгаа. Хэрвээ ялалт байгуулж чаддаггүй юм аа гэхэд хамаг байдаг чадлаараа оролцох нь чухал. Тэд ингэж гэмээн дараагийн сонгуульд намаа авч оролцох эрхээ хамгаалж үлдэх учиртай. Өөрөөр хэлбэл намын даргын байр сууриа хамгаалж үлдэнэ.
Тиймээс АН-ынхан өнөөдөр улаан цагаандаа гарч байна. Сонгуулийн хуулийг өнгөрсөн өвөл батлахдаа албаар сонгууль болохоос өмнө өөрчлөлт оруулж болох “цоорхой”-той батлуулсан. Угтаа бол намууд сонгуулийн хуулиа сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж аваад дахин гар хүрдэггүй хуультай. Гэтэл энэ удаад мөн л эрх баригчдын хүсэл сонирхолоороо далайлгаж төдийгөөс өдий хүртэл алхаж ирсэн ардчиллын зарчмаасаа ахиад нэг алхам ухарлаа. Өнгөрсөн сарын дундуур гэнэт Цэцээр намын жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэсэн шийдвэрийг гаргуулсан. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ талаар нэг ч зүйл хөндөж яриагүй байж сонгуулийн босгон дээр ийнхүү аашлах болов гэдэг цаанаа нарийн учиртай. Ингэж өөрчилж гэмээн нэр хүнд нь “шороотой холилдсон” намын нэрээрээ биш тойрог бүрт мөнгө “цацах” чадвартай нэгж гишүүдээрээ дамжуулан дахин ялалт байгуулах гарц хайсан хэрэг.
Тоглоомын дүрмийг ийнхүү өөрсдийн хүссэн байдлаараа өөрчилсөн нь мэдээж эрх баригчдад хамгийн ашигтай. Жижиг 76-г сонгож сонгууль явуулснаар тэдний ялах магадлал улам л эхэснэ. Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд нэлээд их хэмжээний мөнгө эргэлдэх нь тодорхой. Эрх баригчид угийн мөнгөтэй хүмүүсээс багаа бүрдүүлсэн. Дээрээс нь нэмээд өнгөрсөн дөрвөн жилд бондын мөнгө, тендерийн мөнгө гэх татвар төлөгчдийн мөнгийг бараг бүгдийг нь халаасалсан. Тиймээс ирэх сонгуульд хамгийн “баян” оролцох нь АН-ынхан. Тийм ч учраас тэд жагсаалт гэгчийг үгүй хийх зорилгоо биелүүлж, мөнгөний сонгууль явуулах бүхий л урьдач нөхцөлүүдээ бүрдүүлж чадлаа.
Ичих нүүр ч гэж алга. Юу юугүй сонгуулийн хугацаа тулчихаад байхад өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг гаргаж бүх аймаг, нийслэлийг цэнхэртүүлэхээр улайрч байгаа нь харамсалтай. Гагцхүү иргэд л өөрсдөө сонгох эрхээ эдлэхдээ асуудалд зөв дүгнэлт хийхгүй бол дахиад дөрвөн жил улс орноороо “тоглуулж” болзошгүй. Яагаад гэвэл тэд сонгуульд ялалт байгуулахаар жинхэнээсээ улайрч эхэллээ. Нөгөө муу нэр луу данстай МАН хүртэл ямар ч тохиолдолд хэзээ ч ингэж дураараа дургиж байсангүй.
Мордохын хазгай гэгчээр эхнээсээл АН-ынхан дүрэмгүйгээр тоглож эхэлсэн. Тэд сонгуулийн үеэр хэд хэдэн маргаантай асуудал үүсгэж ялалт байгуулсан. Улмаар одоогийн намын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаар хууль бусаар хүч түрэн томилсон. Ерөнхий сайд нь аймгийн удирдлагуудыг хууль бусаар сонгосон гээд бүх ажил нь дүрмийн бусаар явагдаж ирсэн. Одоо ч чуулган дээр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан гэх хардлага бүхий хэд хэдэн хууль хэлэлцэгдэх шатандаа явж байна.
Ингээд бодоод үзэхэд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр олонх болсон түүхэн он жилүүддээ АН-ынхан улс төрийг хэрхэн самарч, эдийн засгийг яаж элгээр нь хэвтүүлж, хууль журмыг хэрхэн өөрсдөдөө тааруулан баталж, өөрчилж болдог гэдгийг ард түмэн нүдээр үзлээ. Ёстой нөгөө хуурай газрын ардчилал чи хаана байна вэ.
Ч.Ган /ZALUU.COM/
URL: