24.FACEBOOK
“ХХ зууны сор бүтээл” хэмээн үнэлэгдсэн энэ ажлыг 1993-1994 онд хийсэн юм. Урлагийн түүхийг зуун зуунаар ярьдаг тул хориод жилийн өмнөх гэдэг нь бараг саяхных гэсэн үг. Бүтээгч нь Томас Шютте, 1954 онд Германд төржээ. Хуванцар, мод, шил, нүүр гарын алчуур, баримлын шавраас төрсөн энэ хоёр “нөхөр” одоо Лондоны Тейт галерейд хадгалагдаж буй бөгөөд перформанс уран баримал, орчин үеийн примитив уран баримал хэмээх төрөлд хамаарагдана. Хооронд нь холбон, хүлсэн хоёрыг “Хэлхэлдсэн дайснууд” хэмээн нэрлэжээ. Тэд дэндүү айдастай, бачимдуу харагдан, эвгүйцэн жихүүцэх сэтгэгдэл төрүүлнэ. Хүүхдүүдийн тоглодог фимо хэмээх ердийн баримлын шавраар тэднийг урласан юм. Алчуур, даавуун уяагаар баглан хулдаж, саваагаар хөл хийсэн нь дүрүүдийг өрөвдмөөр, арчаагүй, дорой харагдуулна. Шаналалд автсан царай зүс, эвлэршгүй хоёр дайсныг бие биеэс нь салахааргүй болтол холбож хэлхсэн зэргээрээ зураач “Хүмүүс ямар ч аргагүй байдлаар л нийгмийн хууль дүрэмд ийн захирагддаг” хэмээн хэлэхийг хүсчээ. “Хэлхэлдсэн дайснууд”-ын олон хувилбар бий. Ер нь Шуттед иймэрхүү, санаанд багтамгүй хачин зохиомол дүрсүүд, түгшүүр, дарамтат байдлыг үзүүлсэн ажлууд их бий.
Харин би энэ зурагт “FACEBOOK friends” гэдэг нэр өглөө. Зарим нэг маань, нүүрномын 9999 “найз”-тай байдаг. Хэнтэй ч хамаагүй гэнэт найз болчихдог, хэн хэнээ мэдэхгүй хүмүүс хэн хэнээсээ яг өөр шиг нь байхыг шаардаад эхэлдэг. Өөр шиг нь биш байвал уурлаад, загнаад, үглээд, шүүмжлээд, зодох гээд байдаг. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөөрөө л амьдарч яваа хүнийг өөнтөглөж, гоочилж, үгээр зодож, өвтгөж хэмлэчихээд найз хэвээрээ байх гээд зүтгээд байдаг. Хэлхэлдсэн нөхөд буюу хэлхэлдсэн дайснууд! Бид яг ийм, тогтворгүй, хэзээ л бол хэзээ хугарч мэдэх саваа модон дээр дэнжигнэн дэнжигнэн, өдөр шөнөгүй фэйсбүүкдмой.
Өлзийтөгс Лувсандорж
URL: