МАХН гэдэг “гэр” нурж дууслаа
Монгол ардын хувьсгалт нам хэрхэн тарж бутарч байгааг өнгөрсөн долоо хоногт та бид харлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11-үүлээ парламентад өрхөө татаж байсан бол МҮАН-аас орж ирсэн Д.Батцогт нь бүслүүрээ тайлж аваад АН руу явсан. Ганц хүн явлаа гээд эвслийн бүлгийнхэн нэг их тоогоогүй. Д.Цог МАХН-ын жагсаалтаар орж ирсэн ч Н.Энхбаярынхаа дарамтыг тэсэхгүй нь гэсээр Г.Уянга гишүүний даргаар нь очсон “Тусгаар тогтнол эв нэгдэлийн нам”-ын Улс төрийн зөвлөхөөр ажиллахаар болсон. Ингэснээр “Шударга ёс” эвсэл дээвэр туургагүй болсон. Намынхнаа үргэлж шантаажилж, ямар ч хамаагүй албан тушаалд очихын мөрөөдөл болон явсан О.Баасанхүү гишүүний хувьд энэ нь нэг талаараа давуу тал болоодхов. Н.Энхбаяр даргадаа гомдож яваагаа хэвлэлээр улаан цайм зарлаж, “Би бүлгээс гарчихдаг ч юм уу. Надаас өөр бүлгийн дарга болчих хүн эвсэл дотор байхгүй” гэхчилэн дарамтыг өгсөөр дарга болж санаа нь амарсан.
Харин энэ долоо хоногийн улс төр дэх гол үйл явдлын нэг нь “Шударга ёс” эвслээс тэр дундаа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүн болгоноор алхам тутамдаа заалгаад байх улстөрчид бид биш” хэмээн хатуухан үг хэлчихээд намынхаа хоёр баганыг суга татаад аваад явчихсан. Лхагва гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар сонгуульд өрсөлдөх намын батламжаа гардан авч байх агшинд дээрх хоёр эрхэм намаас гарч буйгаа зарлаж байсан юм. Дан ганц “Шударга ёс” эвсэл бус МАХН баганагүй болсон. Дөрвөн жил Засагт дураараа дургисан “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн бүлэг ч үгүй болж баларч сууна. Жил гаруйхны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярт бүх зүйл байлаа. МАХН гэдэг хувийн намтай, “Шударга ёс” гэдэг хувийн шахуу бүлэгтэй, Г.Шийлэгдамба гэдэг “генсек” Эрүүл мэнд, спортын сайдтай гээд бүхий л албан тушаал бүрт Н.Энхбаярын гэх тодотголтой хүмүүс олноороо байдаг байлаа. Яг л эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр тэгж сайхан амьдардаг байлаа гэдэг шиг уншигдаж байгаа биз. Энэ хүнд ингэж “галзуурч” явсан цаг байсан юм аа.
Өөрөө парламентад ороогүй ч өөрийг нь бүрэн төлөөлөх хэмжээний хүмүүсээ оруулж чадсанаараа Н.Энхбаяр гэдэг хүн “мундаг” гэдгээ харуулсан. Гэвч Н.Энхбаяр сүүлийн ганцхан жилийн дотор гэргий Цолмонгоосоо өөр хүнгүй болох дөхөөд байна. Цагтаа түүний баруун гар гэгдэж явсан Г.Шийлэгдамба нь “Н.Энхбаяр дарга намын санхүүжилт олж ир гэсэн шахалтын улмаас О.Даваасүрэн гэдэг хүнээс мөнгө авсан” хэмээн мэдэгдэж байсан. Гаалийн гэгддэг Х.Баатарыг мөн л Н.Энхбаяр хоёр нам бие даахаас өмнө МАХН-ын дарга байхдаа л Г.Шийлэгдамбад тавьсан шахалт шиг шаардлага тавьснаар ийм байдалд хүрсэн гэдгээ шоронгоос захидалдаа бичиж байсныг санаж байгаа байх. Сүүлд гэхэд түүний шадарууд болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарлаа. МАХН-даа л дөнгүүрүүд нь яагаад Н.Энхбаяраас дүүгүүрийн чулуу шиг чавхдах болов. Дэргэдэх хүмүүсээ хэтэрхий их ноолж, хэтэрхий их ингэ, тэг, тийм ч юм олж ир хэмээн шахдаг “агуу” дарамтаас нь болоод тэд өөрсдийн зам мөрийг хөөх болсон. Нойтон хамуу шиг нэг нөхөр дэргэд үглээд суухад ямар байдаг билээ дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаасаа урвалаа хэмээн шүүмжилж байна. Үнэндээ энэ хоёр чинь үзэл бодолдоо л үнэнч үлдэж байгаагаа энэ шийдвэрээрээ харуулж байгаа юм. МАХН-аас гарвал ийм их дайралт, доромжлол ирнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч үлдэх нь мянгантаа доромжлуулахаас хавьгүй илүү үнэ цэнэтэй гэдгийг мэддэг болохоор МАН-даа буцаж ирэхээр болжээ. Тэд хоёр нам тус тусдаа өрхөө татаж эхлэхэд л ингэж тус тусдаа явах нь туйлын буруу. Нэг түүхтэй, нэг угшилтай намууд нэгдэж, эвсэх ёстой гэдгийг олон жил хэлж, ярьж, зөвлөж яваа. Харамсалтай нь Н.Энхбаяр гэдэг хүний хувийн эрх ашгийн үүднээс энэ бүхэн ард үлдэж, нам гэдэг ойлголтоо МАХН алдахад хүрээд байна. МАХН гэдэг гэр дээвэр, туурга, баганагүй болсон. Удахгүй араас нь хаалга, тооно нь гараад явчихна. Мань Н.Энхбаяр ганц хоёр хана, шалтайгаа л үлдэх вий дээ. МАХН гэдэг гэр нурж дууслаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bayanselenge hormone I dargad ursulduh belt gelded garahgui you???