Ард түмэнд яагаад үнэтэй гурил идүүлэх гэж улайрав
Орос шатахууны үнээ нэмэхээр манай импортлогчид дагаад үнээ өсгөдөг байв. Үүнтэй тэмцсээр байгаад тэдний монопольд хязгаар тавьж чадсан. Түүгээр ч зогсохгүй өөрсдөө газрын тос боловсруулах талаар эхний алхмууд хийгдэхээр болсон. Энэ бол цэвэр манай хэвлэл мэдээллийн байгууллагын гавьяа. Ийм юман дээр хамгийн түрүүн жагсаад босох учиртай ямар нэгэн хөдөлгөөн, улс төрийн хүчин байгаагүй. Одоо төрийн байгууллагад ажиллагсдын цалинг үндэслэлгүйгээр хавтайруулан нэмэх гэж байна. Дээр нь ард түмэнд өндөр үнэтэй гурил шахахаар боллоо. Энэ хоёрыг дагаад монгол төгрөг үнэгүй эрээн цаас болох биз. Яагаад ард түмэнд үнэтэй гурил идүүлэхээр болов?
Сая Засгийн газар хуралдаад гадаадаас гурил ба түүнийг хийдэг улаан буудай орж ирвэл дөч хүртэлх хувийн үнийн дүнтэй тэнцэх татвар авахаар шийдвэр гаргалаа.
Энэ жил хаа сайгүй тариа сайн ургасан юм байлгүй. Гурил будааны үнэ навс уначихсан гэсэн. Горно-Алтайд гэхэд будаа газар дээрээ тонн нь 97 ам.доллар гээд авах газаргүй овоолоостой байна гэж наймаачид хэлж байна. Цаашид ч гурил будааны үнэ тогтвортой байх магадлал бий. Яагаад гэвэл Төв Азийн энэ бүс нутагт дэлхийн бусад орнууд шиг өлсгөлөн болдоггүй, болох ч үгүй.
Монголын хувьд газар тариалан гэсэн ерөнхий нэрийн дор зөвхөн улаан буудайны салбарыг бусдаас онцгойлон харж үзээд байгаа нь сонирхолтой байна. Газар тариалан эрхэлж буй өрхүүдийн дийлэнх нь төмс, хүнсний ногооны салбарт оногддог. Эднийг дэмжсэн бодлого гэвэл намрын ногоон өдрүүд зохиох төдийгөөр ам хаадаг бөгөөд өнөөдөр байцаа луувангийн үнэ шиг хямд бараа Улаанбаатарт алга. Тэглээ ч ногоочид маань ченжүүдээр дамжуулснаар хамаагүй ашигтай байна гээд баяртай байгаа. Ногоо зарж борлуулдаг борчууд зах зээлийн жамаараа үнээ хямдруулж болоод байхад тариа тарьдаг тэрбумтнууд нөгөө бензин колонкийн эзэд шиг үнээ огт буулгасангүй. Орчин үеийн улаан буудайн тариалан дээр цөөн хэдхэн ажилчин ажилладаг. Бүх ажиллагааг техникээр хийдэг болсон. Бүтээгдэхүүний өртөг эрс багассан тухай бид өмнөх дугаартаа Сэлэнгийн Цагааннуураас хийсэн сурвалжлагадаа дэлгэрэнгүй өгүүлсэн. Тариачин гэсэн нийгмийн давхарга үндсэндээ байхгүй болсон бөгөөд улаан буудайн зах зээл хэдхэн баяны гарт төвлөрөөд удаж байна. Улаан буудайн боссууд энэ намар хоорондоо үгсэж байгаад нэг тонн будааны үнийг 350 мянга гэсэн шийдвэр гаргасан. Энэ үнийг төр биш зах зээл өөрөө тогтоодог тогтолцоог эвдэж булхайцлаа.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, коммунисторон шиг маш бүдүүлэг ааш гаргав. Одоо тэр 350 мянгаараа ургасан будаагаа зарж ашиг олохын тулд зах зээлийн нийгмийг бусниулахаас ч сийхгүй дараагийн алхмаа хийж эхлэв. Эхний ээлжинд өөрсөдтэй нь өрсөлдөх гадаад экспортыг хааж тэнд зохиомол үнэ бий болголоо. Монголд орж ирж байгаа будаа гурилын хувьд хаа очиж Эрээний хортой хүнсний ногооны дэргэд Орос гурил нь эдний тарьсан будаанаас чанартай бараа. Мэрэгжлийн хяналтын шалгалттай шалгалтгүй бидний ганц шалгаж чаддаг зүйл бол гурил юм. Сайн муу гурилыг олон хүн хараад таньдаг. Орос гурил дажгүй. Тэрнийг оруулж ирэхээ болиод дотоодын гурил шахаж байна. Монгол будаагаар цуйван л хийдэг. Тарианы боссууд будаагаа гурил үйлдвэрлэгчид рүү шахах гэж янз бүрээр дарамталж байгаа сурагтай. Нөгөөдүүл нь хариу болзол тулгаж таарна. Ямар ч болзолтой байсан 350-иар будаа худалдаж авчихаад 350-иар нь буцаагаад гурил болгоод зарахгүй нь мэдээж.
Хэрэв бидэнд ард түмний төлөө гэсэн төр засаг байдаг бол энэ гурил будааны бизнесийн асуудлыг зөнд нь хаяж тус болмоор байна. Одоо тариалангийн газар ба тариа эзэнтэй болж хөл дээрээ боссон. Энэ салбарын хэдхэн хүний эрх ашгийн төлөө янз бүрийн аян зохиогоогүй юм бол одоо хэрэглэгчдээ бодооч. Гурил хямдарч үнэ тогтвортой болгох зорилго чинь мурийгаад явчихлаа. Тарианы боссуудад татвар төлөгчийн мөнгөнөөс тавь тавин мянган төгрөг зүгээр өгөөд байхад гурилын үнэ улам өсөөд байдаг чинь одоо юу болж байна аа. Багш нарын цалин нэмэгдэхийн багцаанд гурил кило нь мянгаас давах байх шүү. Энэ янзаараа бол.
Ж.ГАНГАА
URL: