Оюутолгойн бүтээн байгуулалт дахин хөдөллөө
Ч.Сайханбилэг: Монголын тухай эерэг мэдээлэл дэлхий даяар тарж байна.
Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн төслийг эцэслэн баталж, гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байна. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүн оролцлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ёслолын арга хэмжээнд оролцож үг хэлэв. Тэрээр “Оюутолгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюутолгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна. Гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалт нь манай түншүүд Оюутолгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг харуулж байна” гэлээ.
Мөн “Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлов. “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Бидний хамтдаа барьж байгуулсан дэлхийн хэмжээний бөгөөд аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн уурхайн цогцолбор нь гурван жилийн турш зэсийн баяжмал амжилттай олборлож, экспортолж ирлээ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Оюутолгойн баялгийн 80 хувийг эргэлтэнд оруулж, тус уурхайг зэсийн салбарт дэлхийн хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм. Өнөөдрийн барьж байгуулсан дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн, хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсад олон арван жилийн турш арвин үр өгөөж хүртээх болно. Энэ бол харилцан ашигтай, урт хугацааны түншлэл юм” гэлээ.
Гүний уурхайн хөрөнгө оруулалтын шийдвэр нь 2015 оны арванхоёрдугаар сард олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харъяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээнд үндэслэн батлагджээ. 2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж байгаа гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь одоо олборлолт явуулж байгаа ил уурхайн зэсийн агуулгаас гурав дахин өндөр байх юм. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр Оюутолгой компани жилд баяжмал дахь агуулгаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барих юм. Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3000 хүн ажиллана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “Бид нар сая 1300 метрийн гүнд орж, уурхайчидтай уулзлаа. Уурхайн үйл ажиллагаа эхэлж, ажилчид нь эргэж ирсэн байна. Нийт ажиллагсдын 95 хувь нь монголчууд ажиллаж байгаа. Манай залуучууд их урам зоригтой байна” гэлээ.
Оюутолгойд ажиллах ажилчдын тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэдэг бол бидний талаар хамгийн эерэг мэдээлэл дэлхий даяар тарж байна гэсэн үг. Энэ нь Монголд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллаж болох юм байна. Монголын бизнес, эдийн засгийн зах зээл нээлттэй юм байна. Монголчууд бизнестээ эргэн ирж байна гэсэн мэдээллийг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: