Улс төрийг донсолгох бас нэгэн шуугиан Цэц рүү гэтэж байна
“Шударга ёс” эвслийг орхин одогсдыг түүчээлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга одоо “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дарга болсон. Монгол Улсын хамгийн отгон нам болох Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” намыг Дээд шүүхэд бүртгэсэн өдрөөс яг хоёр хоногийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд бүртгэгдсэн тус намын үүсгэн байгуулагч, дарга нь Ц.Баянбилэг гэдэг эрхэм байсан тухай интернэтээс харж болно. Тэгвэл сонгуулийн өмнөхөн Г.Уянгад энэ нам шилжиж ирснийг улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа хүмүүс “Женко” Х.Баттулга л нам аваад өгчихлөө хэмээн хардаж байсан нь саяхан.
Г.Уянга ч сүүлийн үест Х.Баттулгын эргэн тойронд өрнөж байгаа нийгмийг цочирдуулсан үйл явдлуудад идэвхтэй оролцож, “Женко”-гийн өмгөөлөн хамгаалагчдын нэг болсон гэхэд буруудахгүй биз ээ.
“Шударга ёс” эвсэлд байхын л улс төрийн сонин, содон үг үйлдэл гаргаж эрх баригчдад бэлэг барьж явдаг Г.Уянга намын дарга болсноосоо хойш хийсэн анхны “бэлэг” нь Ерөнхийлөгч рүү чиглэсэн байлаа. Намын дарга болохынхоо өмнө ч энэ асуудлыг гаргаж тавьж байсан бөгөөд одоо үүн дээр Г.Уянга гишүүн нэлээн жинтэй нухацтай үзэх нь илт харагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Саус Гоби Сэндс” ХХК-ийг удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарыг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Уг хүсэлтийг Хуульзүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байхад нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Олон нийт ч Ж.Каплад өршөөл үзүүлсэнд тийм ч таатай ханддаггүйг цахимын хаанаас ч харж болно.
Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалт бий. Хэрэвзээ Их хурлаас Цэцэд хандаад Цэц Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд тооцчихвол Их хурал дээр ширүүхэн юм болж өнгөрнө, цаашилбал Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө анх удаа суудлаасаа бууж ч мэдэх юм. Үүнийг ТТЭНН-ын дарга Г.Уянга алсын зайнаас тооцож байгаа бололтой.
Тэгээд ч Ч.Сайханбилэгийг унагах шахсан, одоо Ерөнхийлөгчийг оролдоход Г.Уянгад алдах юм юу ч байх билээ.
Магадгүй Г.Уянгын энэ дайралтын ард Х.Баттулга гишүүн байж ч мэдэх. Ер нь төмөр зам, Тавантолгой тойрсон дуулиант асуудлуудын эргэн тойронд эрх баригчид олны өмнө ил тодоор талцан хуваагдаж, хэлэх үгээ хэлчихсэн л дээ. Жиргээчидтэй нийлж байгаад л Х.Баттулгын талаар жигтэйхэн ойлголтыг олон нийтэд өгчихсөн хүн бол Ерөнхийлөгч маань. Их хурлын дарга бол энэ бүхний ард би биш шүү, уучлаарай өөр хүн байгаа гээд хаяагаа маначихсан. Эдийн засгийн форумыг ч тэд хэрүүлийн талбар болгочихсон юм. Сонгуулийн өмнө эрх баригчдыг намтай нь хамт донсолгосон энэ бүх шуугианы ард Х.Баттулга, Ерөнхийлөгч хоёр л үзээд байна гэсэн ойлголтыг ард түмэн хангалттай авчихсан л даа.
Тиймээс ийм хардлага ортой ч байж мэднэ. Сонгууль дөхсөн, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Сонгуулийн хууль өөрчлөгдөж мажоритари системээр бид дараагийн парламентаа сонгох нь тодорхой болсон энэ цаг үед “Женко” Х.Баттулгыг тойрсон шуугиан намжчихлаа гэж ярих хүмүүс ч байна. Тэгвэл үгүй, харин ч тэд ил биш далд фронтод ширүүн үзэлцэж байна гэж хэлье. Асуудлын гол цөм тун удахгүй Үндсэн хуулийн Цэц дээр төвлөрөх болно. Дашрамд, Үндсэн хуулийн Цэц хэзээ ч ийм өндөр ач холбогдолтой байж үзээгүй нь үнэн ба, улс төр эргэж хөрвөж байгаа энэ цаг үед Төрийн ордон тойрсон бүхий л томоохон асуудлууд Үндсэн хууль бөгөөд Үндсэн хуулийн Цэцийг тойрон эргэлдэж байна.
POLITIK
URL: