Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх үү
АНУ-ын иргэн Жастин Капла гэгч эр Монгол Улсад онц их хэмжээний хохирол /35 тэрбум төгрөг/ учруулчихаад эх орон уруугаа зугтсан билээ. Түүнийг ингэж зугтаалгах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан бөгөөд өдгөө Жастин Капла Монгол Улсаас хулгайлсан их хэмжээний мөнгөөрөө тансаглаж, Монгол эхнэр, хүүхэдтэйгээ сайхан амьдарч буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Жастин Капла гэгч эр “Саусгоби Сэндс” компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг бултуулсан бөгөөд түүний эл үйлдэлд шүүхээс 5 жил 10 сарын хорих ял оноосон байдаг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр түүнийг уучилж, 1 сая төгрөгөөр торгоод эх орон уруу нь явуулсан. Үүний дараа Жастин Каплагийн Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг “Саусгоби Сэндс” компани барагдуулахаар болсон бөгөөд энэхүү шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өөрчлөхөөр сэм ажиллаж байсныг “С.Баярцогт шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй юу?” гарчигтай нийтлэлд дурджээ.
Тэгвэл Жастин Каплад өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгчийн үйлдэлд хариуцлага тооцох ёстой хэмээн нэг бус удаа мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Ерөнхийлөгч Жастин Капла өршөөсөн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна” гэв. Хэрвээ Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн үйлдэл Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх юм. “Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн Хөх тэнгэр байна” буюу Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хамгийн эцсийн шийдвэр байна гэдэг ч өдгөө үүнд нөлөөлдөг хүмүүс, хүчин гэж бий. Тиймээс Г.Уянга гишүүний хэлсэнчлэн “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн” гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоох эсэхэд эргэлзээ төрж байна. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг баримтлан ажилладаг. Үүнтэй адилаар Г.Уянга гишүүн Ерөнхийлөгчийн үйлдэл Үндсэн хуулийн зүйл заалт зөрчсөн байна гэж хэлсэн. Гэхдээ Г.Уянга гишүүний Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөх шийдвэрийг замд нь унагаах магадлал тун өндөр байна. Ямартай ч, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэлтийг хэлэлцэх байсан. Гэвч уг асуудлаар УИХ дахь МАН-ын гишүүд завсарлага авсан.
Үүний дараа Г.Уянга гишүүн ”Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Каплаг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед Монгол-АНУ-ын гадаад харилцааны асуудал гэж үзээд хүндэтгэлтэй хандаж байсан. Гэвч тэдгээр хүмүүс Монгол Улсад татварынхаа өрийг барагдуулахгүй байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх ёстой. Компанийн гүйцэтгэх захирлыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөсөөр байтал өрөө төлөхгүй бултаж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар УИХ-аар дамжуулан цэцэд хандаж байна. Татвар төлөхөөс зайлсхийсэн иргэн болгон өршөөгдөөгүй байхад өршөөгдсөн гадны иргэн өрөө төлөхөөс зайлсхийж байгаа нь Монгол Улсын хууль, төрийг гишгэлж буй хэрэг. Ингэж өөрөө өөрийгөө доромжлуулах, дэвсүүлэх хэрэг хийж байгаа нь эмгэнэлтэй байна. Хэрвээ татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой. Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг ийм засаг төр байж болохгүй” гэсэн юм.
Төгс
URL: