Эклер үйлдвэрлэгчдээс гэдэсний савханцрын нян илэрчээ
1457 эклерийг устгалд оруулжээ
“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ. Яг өнөөгийн байдлаар тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн 564 эклер, үйлдвэрийн байранд байсан 586, хугацаа дууссан бусад нэрийн нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.
Ажилчдаас гэдэсний савханцрын нян илэрчээ
Хордлого гарсан даруйд ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, 4 хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчны дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” илэрчээ.
Шошгонд үйлдвэрлэсэн бус худалдаанд гаргасан хоногоор нь бичдэг байжээ
“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн байна.
О.Сод
newscom.mn
URL: