Миний аав /Өгүүллэг/
Аав минь намайг үргэлж үнсээд байдаггүй. Бас байнга эрхлүүлдэггүй. Гэхдээ гэртээ ирэх болгондоо өөдөөс нь өлмийдөн зүтгэж буй өөдөсхөн үрээ хоёр том гар дээрээ тосон авдаг. Тэгээд халуухан энгэртээ тэврээд, хан тэнгэр мэт дээр өргөдөг. Бүүр дээр, хэн ч хүрч чадахгүй өндөрт өргөдөг. Өндрийн тухай би ааваасаа л анх мэдэх болсон. Өөд нь
өргөж байгаад өхөөрдөөд дээшээ шиддэг. Тэртээ өндөрт шиддэг. Тэгэхэд нь чихэнд салхи шуугих шиг л болдог. Салхийг би анх ааваасаа л үнэрлэсэн. Эргээд буухад минь аав итгэл найдвар мэт тосон авдаг. Аав минь үрээ хэзээ ч унагахгүй гэдгийг би мэднэ. Хэзээ ч газардуулахгүй гэдгийг бас мэднэ. Өөвгөр жаахан үрээ хайрласан өр зүрхнийх нь цохилт
бүртэй хамт миний зүрх хөг нийлүүлэн лугшдаг. Тэр мөчид би аавынхаа өвөр дээр нар шиг л манддаг.
Аав намайг мөрөн дээрээ суулгаад хол хол алхдаг. Уулын оройд гарчихсан юм шиг урдах замаа би учиргүй шохоорхон хардаг сан. Том болохын, том байхын чухлыг би тоодгорхон насандаа ааваасаа л анх таньсан. Аав шигээ хүн болно гэж мөрөөдсөн. Хоймортоо ханхайн суухад нь гэр минь дүүрэхийг би олж хардаг. Ээж минь ер бусын эрх, ер
бусын жаргалтай болчихдог сон. Заримдаа аав ууртай. Олныг нуршихгүй ч огцом хэдхэн үг хэлэхдээ орчлон ертөнцийг ухааруулдаг. Заримдаа аав дуулаад л, дуулаад л байдаг. Заримдаа дуугаа хураан дүнсийдэг. Заримдаа урт урт санаа алдан,учиргүй их бодлогоширдог. Тоглоомондоо хожигдчихоод харихад аав минь тоомсоргүй инээгээд, сэтгэл
сэргэтэл цөөхөн үгийг цөн түрэх мэт хэлдэг. Алдаа гаргачихаад айж хулгасаар гэртээ ороход эр хүний эрмэг ухаанаар эргэлзэлгүй түшдэг.
Омог бардам аавынхаа овоот хайрхан мэт энгэрт асч өссөн болохоор орчлонгийн олон олон давааг давах надад юу ч биш санагддаг. Босоо хийморьтой аавынхаа торойтол үлдээсэн мөр бүрийг тоо алдалгүй даган гүйж өссөн болохоор тоост энэхэн амьдралыг туулах төвөггүй
бодогддог. Аав минь өвөөг тэнгэрт халихад нэг их уйлсан. Эр хүний эгэлгүй ховор нулимсаа эгшин байж чимээгүйхэн унагасан. Өндөр сарьдаг мэт аавынхаа өвдөг бохирон нурахыг, нугарахыг харсан. Томоос том, найдвартай гарт нь хацраа наахдаа чичирч байгааг нь
мэдэрсэн. Тэр мөчид аавынхаа өтөлж байгааг, би өөрөө том болсноо ойлгосон.
Он жилүүд урсан өнгөрөхөд аав минь наддаа ханагар их уулс мэт, хазайхад түших нөмөр мэт, амгалан их тал мэт, асахад минь дэмжих гал мэт байсаар ирсэн. Туждаа бартаатай энэ амьдралыг туг далбаа мэт аавынхаа итгэлээр дүүргэж явах сайхан байдаг. Аавтайгаа туулсан зам,
аавтайгаа аялсан газар нутаг, ааваасаа сурсан ухаан, ааваараа бахархсан сэтгэлийг би өөр хаанаас ч олохгүй. Хэнээс ч мэдрэхгүй.
Аавтай өдрүүдийн нар илүү гэрэлтэй, илүү омогтой, илүү дулаахан манддаг. Аавтай өдрүүдэд би илүү цогтой, илүү бардам, илүү итгэлтэй
байж чаддаг. Учир нь миний аав намайг хэзээ ч унагахгүй. Том, найдвартай гар дээрээ тосон авч, тордон өндийлгөдөг. Дахин босох зоригийг, дахин хөл дээрээ бат зогсох хүчийг өгдөг.
Аавтайгаа хамтдаа үдсэн агшин бүрийг үнэлэх ухаан суугаагүй алагхан үр
намайгаа өршөөгөөрэй. Зөрүүдэлж зовоосон бол ойлгоорой, зүгээр л, аавтай хүний аархуу зан юм шүү. Тэнэглэж бодолд унагасан бол уучлаарай, тэвэрт чинь дураараа дэрвэсэн дэндүү гэнэн ааш юм шүү. Тэргүүнд чинь буурал үс нэмэгдэх тоолон тэрлэгтэй үр нь ухаан
суусан гэдэгт итгээрэй. Үр хүүхдээ өндрөөс өндөрт өргөж, өргөн дэлхийг таниулах ухааныг та минь л надад өвлүүлсэн. Аавтай өдрүүд алаг зүрхэнд минь лугшиж байхад арав хорин жил байтугай, ахиад
хэдэн зууныг ч би туулж чадна. Аав минь тийм л хүчтэй. Би ч бас хүчтэй байх болно оо…./ КИА МОТОРС МОНГОЛИА-гаас хэрэгжүүлж буй “ААВ,ХҮҮ” хэмээх ухаалаг төслийн хүрээнд хайрт аав С.РЭНЦЭНДОРЖ болон үрийнхээ төлөө үхэж чадах орчлонгийн сайхан аавуудад энэхүү бичвэрээ зориулав.
2016 он. Р.ЭМҮЖИН. /
URL: