Тахийн азаргыг Европоос Хятадад авчирна

3457

ПРАГА. /CTK/. Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Хятадын талтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дэлхийд ховордсон тахийн азаргыг үүлдэр сайжруулах зорилгоор Европоос Хятадад зөөн аваачна” хэмээн мэдэгджээ.

Бобек Хятадын Шинжаан дахь Тахь үржүүлгийн газартай (WHBC)-тай гэрээ байгуулсан бөгөөд тус газар нь тахийн сүргийн үүлдэр угсааг сайжруулж тэдгээрийг Карамайлийн дархан газар дахь онгон зэрлэг байгальд нь буцаан тавих юм.

Прага хотын амьтны хүрээлэн тахь адууг Говийн их дархан цаазат газрын B хэсэг дэх онгон байгальд буцаан тавих ажлыг олон жилийн өмнөөс зохион байгуулсаар ирсэн билээ.

Ирэх долдугаар сард Европоос Монгол руу тахийн дөрвөн гүүг шилжүүлэн өгөхөөр зэхэж байна.

“Хятадын тахь үржүүлгийн газартай байгуулсан гэрээ нь шинэ боломжийг нээн өгч буй хэрэг бөгөөд манай үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо. Бид маш их баяртай байна” гэж Бобек ярилаа.

Тэрбээр мөн “Монголд хангалттай тооны тахийн сүрэг нутагших хүртэл тахь адууг Монгол руу шилжүүлсээр байх болно” хэмээн хэллээ.

Прага хотын амьтны хүрээлэн нь Чехийн зэвсэгт хүчинтэй  хамтран ажиллаж өнгөрсөн жил 19 тахь адууг Монгол руу тээвэрлэсэн ба тэдгээрээс 17 нь өдгөө амьд байна. Түүнээс гадна тээвэрлэгдэн ирсэн тахийн сүргийн 12 үр төл эсэн мэнд бойжиж байгаа ажээ.

Прагаас өнгөрсөн хугацаанд дөрвөн тахь нутагшуулсан нутаг болох Говийн B бүсэд одоогоор 130 орчим тахь амьдарч байна.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих