Үндэсний бахархлаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд /3/
ИДЛЭГ ШОНХРЫГ 100 ГАРУЙГ БЭЛЭГЛЭЖЭЭ. ҮЛДСЭН НЬ…
Бидний дэлгэсэн баримтуудаар 2015 онд Засгийн газар идлэг шонхортой холбоотой нууц тогтоол гаргасан нь тодорхой болсон. Чухам хэчнээн шонхрыг хилээр гаргахыг зөвшөөрсөн нь салбарын яам, мэргэжлийн хяналт, гааль дээр зөрүүтэй байгаа нь анхаарал татаж буй. Тэдгээрийн хэлсэн тоогоор бол Засгийн газар 200 орчим шонхор гаргах тогтоол гаргасан байх магадлалтай ч өөр эх сурвалжийн мэдээллээр үүнээс олон байж болзошгүй байна.
Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Шонхор авч явах тусгай онгоц нисэх дээр ирж хоноод буцдаг. Үүнийг тусгай рейс гэдэг. Тэр бүр ирдэггүй. Нэг үгээр тав, арван шонхор авах төдийд ирэхгүй гэсэн үг. Олон тоогоор гаргахад л ирнэ. Тусгай рейс ирэх үед тагнуулын байгууллагынхан хамгаалалтад авдаг.
Ингэхээр хэчнээн тооны шонхор гаргаж байгааг мэдэх боломжгүй. Гааль, мэргэжлийн хяналтынхан ч хяналт тавих эрхгүй болчихдог. Тусгай зөвшөөрөл, мал эмнэлгийн бичиг ч хэрэггүй. Нууц тогтоол учраас л ингэж явагддаг байх. Тусгай рейс зөвхөн шонхор авахаар ирдэггүй. Саяхан гэхэд олон зуун цагаан зээр, хурганы мах хамт аваад буцсан” гэлээ. Арабууд шонхроос гадна цагаан зээр, хурганы маханд нугасгүй гэнэ. Тиймээс тусгай онгоцоор тэдгээрийг зөөдөг бололтой.
Албаныхны тайлбарлаж буйгаар Арабын орнуудаас Монгол Улс буцалтгүй тусламж, зээл авдаг учраас хоёр улсын дипломат харилцаанд зориулж тэдний шүтээн болсон амьтныг бэлэглэдэг гэж байгаа юм. Үнэндээ өнгөрсөн хугацаанд Монгол Улс Арабын орнуудад 100 гаруй идлэг шонхрыг албан ёсоор бэлэглэж байжээ. Тэгвэл хилээр гарсан олонх шонхор ашгийн зорилготой байсан гэж харж болохоор нөхцөл байдал шонхор тойрсон асуудлуудын хүрээнд харагдаж байна.
Хилийн чанадад үнэ нь тэнгэрт хадаж байхад Монголоос 6.4 сая төгрөгөөр л гаргана гэж хаана байх вэ. Үүний цаана тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой. “Хэсэг хүмүүсийн улс төр, бизнесийн зорилгыг халхавчилсан үйлдэл” гэх нэгэн ч байна лээ. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд амьтан барих, агнах зөвшөөрлөөс эхлээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргээр байгалиас ашиглаж болох бүхий л үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар гэж бий.
Тус газрын дарга нь сайд солигдох бүрт өөрчлөгддөгөөрөө яамандаа зартай гэнэ. Сүүлийн гурван жилийн дотор тус яамны сайд гурван удаа солигдож яг энэ тоогоор дээрх газрын дарга шинээр тавигджээ. Нэг үгээр шинэ сайд бүр өөрийн талын хүнээ энэ газрын даргаар томилж шонхрын наймаа хийдэг байж болзошгүй гэнэ.
Түүнчлэн Засгийн газрын тэргүүний хүрээнд ч энэ хардлага яригддаг тухай хэвлэлүүд онцлоод байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн оны тавдугаар сард Дубай явж Оюутолгойн төсөлд гэрээ байгуулсан мэдээлэл шуугиан тарьсан. Үүнээс төд удалгүй шонхрын нууц тогтоолын асуудал дэгдсэн нь Засгийн газрын тэргүүнийг арабын орон руу явж зорилгоо биелүүлсний шанд нь шонхор шувуудыг “бэлэглэсэн” байх магадлалтай гэжээ.
УЛСЫН ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХЭЭР ХУДАЛДААЛДАГ ЮМ БИШ БИЗ
Засгийн газар улсынхаа төсвийг бүрдүүлэхээр байгалийн баялгаа худалдаалдаг юм биш биз. Ингэж хардахаар бас нэгэн баримтыг одоо хүргэе. Засгийн газрын 2013 оны тогтоолоор ашиг олох зорилгоор шонхор экспортлохыг таван жил хориглосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт 2015 оны дөрөвдүгээр сард албан тоот илгээжээ. Тус албан тоотод “Монгол Улсын Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилээр хоригложээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль тогтоомжоор уг шувуу нь түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг болно. Эдгээрийг үндэслэхийн сацуу шонхор сонирхогч гадаад улс орны дипломат хамтын ажиллагаанд тааламжтай бус төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд төдийлөн зохицсон шийдвэр биш гэж үзэн таван жилээр хориглосон тогтоолыг хүчингүй болгон 100 толгой идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргах санал оруулж байна” гэж байж.
Уг тоотод чухам ямар хариу ирсэн нь тодорхойгүй ч идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гаргахыг санал болгож байж. Ямартаа ч шонхортой холбоотой асуудал нууцын зэрэглэлд байх ёсгүй. Ялангуяа худалдаа, наймааны зорилгоор, тэр бүү хэл одоогийн “мөрдөж” буй соёлын гэхийн нэрээр нууц далдаар шийдвэр гаргах нь Засгийн газар өөрсдөө тогтоосон хууль журмаа зөрчиж байгаа хэрэг.
Идлэг шонхрыг хууль бусаар хилийн чанадад гаргаж буй эдгээр үйлдлээс гадна дотоодын орчин нөхцөл ч хүндрэлтэй байна. Шонхрын гадаад зах зээл дэх жишиг үнийг тогтоосон Засгийн газрын 112 дугаар тогтоол хамгийн сүүлд 2009 онд батлагдсан байдаг. Тус тогтоолоор бол арабууд нэг шонхор барихад 11760 ам.доллар буюу 24 орчим сая төгрөг Монголд тушаах ёстой.
Тэгвэл яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д заасан “Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар хөнгөвчилнө” гэсэн заалтыг хэлээд сууж байна. Энэ заалтаар бол шонхрын экологи эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийн 40 хувь буюу 6.4 сая төгрөг авахаар болж байгаа юм.
Гэхдээ уг заалтад буй “агнасан” гэсэн үгийг уншигч та анзаарсан байх. Арабууд агнаж биш амьдаар нь барьж улсын хилээр гаргаж байгаа. Амьдаар нь гаргаж байгаа үйл явцыг “агнасан” заалтаар солиод хөнгөвчилсөн үнээр баялгаа алддаг хаанахын ёс вэ.
Хуулиараа бол шонхрыг зургадугаар сарын 20-ноос арван нэгдүгээр сарын 15 хүртэл барихыг зөвшөөрдөг. Арабууд энэ хугацаанд шонхрыг барина гэж ёстой сэглэж орхидог ажээ. Тэдний зорилго хамгийн эрүүл чийрэг, залуу, эм шонхор барих учраас 10 шонхрын зөвшөөрөлтэй бол дор хаяж 20-ыг барьдаг. Тэндээс шилж сонгож буцааж тавихдаа өд, үсийг нь хайчилж тэмдэг тавьдаг гэнэ. Үүнээс болж зарим шонхор амьдрах чадваргүй ч болдог аж.
Дээрээс нь тэдэнд зөвшөөрөл өгөхдөө шонхрыг барих газар нутгийг тодорхой бус нэг дор 10 гаруй аймгийн нэр зааж өгдөг нь жийп хөлөглөсөн баян гадаадууд Монголоор хэрэн хэсч дэлхийд ховордсон идлэг шонхрыг өд бүрийг нь ширхэгчлэн шилэх боломж олгож байна.
Түүнчлэн төлбөр болох 6.4 сая төгрөг ч тухайн орон нутгийн дансанд тэр бүр ордоггүй, бас хууль бус ангийн явцыг өөгшүүлэх шалтгаан болж буйг байгаль хамгаалагчид бухимдан өгүүлж байна. Ядаж 6.4 сая биш, 11760 ам.доллар ч биш үүнээс өндөр үнэ хүргэж гадагшаа гаргах учиртай. Гэвч мөрдөх ёстой тогтоол нь аль долоон жилийн өмнөх, түүнийгээ бүрэн дагаж мөрддөггүйгээр Монгол дахь байгалийн баялгийг ашиглан цөөхөн хэдэн хүн хөлжиж байгаа нь харамсалтай.
ИДЛЭГ ШОНХРЫГ НЭН ХОВОРТ ОРУУЛЪЯ
Ерөөсөө эдгээр хууль бус үйлдлийг багахан ч болох хумьж, идлэг шонхрыг нэн ховор амьтдын жагсаалтад оруулъя. Идлэг шонхор шувуу дэлхийд нэн ховордсон амьтдын тоонд зүй ёсоор багтдаг. Харин манай улсад элбэг амьтанд тооцогддог учраас хууль бус анд хууль хяналтын байгууллагууд хяналт тавьж дорвитой хариуцлага тооцож чадахгүй байна.
Цагдаа нар идлэг шонхрыг хууль бусаар, хориглосон хугацаанд болон улсын тусгай хамгаалалттай газраас агнаж, барьсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрхтэй ч хуульд тодорхой зааж өгөөгүйгээс нөхөн төлбөр оногдуулаад л өнгөрч байна. Арабууд ч Монголын хуулийг уландаа гишгиж, нөхөн төлбөр өндөр байна хэмээн луу унжаад хууль хяналтаар гомдол гаргаад явж байна. Хууль бусаар барьсан, агнасан тохиолдлыг тухайн орон нутагт байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хариуцах ёстой ч бас л хангалтгүйгээс шонхрын наймаа цэцэглээд байна.
Тиймээс ядаж ховор эсвэл нэн ховор амьтдын жагсаалтад оруулчихвал хууль бусаар барьсан арабуудад шууд эрүүгийн хариуцлага тооцох боломжтой болох юм. Тэгээд зогсохгүй хуулийн заалтаа зөв хэрэглэдэггүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулийн завхралыг засах ёстой.
Үндэсний бахархалт гэх үг зүгээр ч нэг үг биш. Засгийн газраас үндэсний бахархалтаар идлэг шонхроос гадна Бурхан Халдун, бэр цэцгийг зарласан. Үүний хүчээр Бурхан Халдун уул Дэлхийн өвд бүртгэгдээд буй. Харин идлэг шонхрыг үнэ цэнэд хүргэж чадахгүйгээр төрийн толгойноос эхлээд хөл хүртлээ эсрэг зогсч үндэсний бахархлаа наймаалцсаар байвал наанадаж сүргийн бүтэц алдагдаж, цаанадаж шонхрын тоо толгой эрс буурах нөхцөл бүрдсээр байна. Хүн байгалийн амьтан. Байгаль эхээ хамгаалах нь хүн төрөлхтний эрхэм үүрэг мөн билээ.
Б.Энхзаяа
Зууны мэдээ
URL: