Хүний амиар дэнчин тавьсан даргын суудал

Олонхи хүний улс төрийн синдром хавар хөдөлдөг байхад дүн өвлөөр ч улс төрөөр “халуурдаг” болжээ.

АН-ын Ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөн гэдэг байгууллага ҮЗХ-ныхоо хурлын өмнө гэнэтхэн мэндэлж, намынх нь одоогийн амьдрал нэг л болж өгөхгүй байгааг ил тодоор шүүмжилж байв.

Гэхдээ Т.Хасбаатар тэргүүтэй хөдөлгөөний залуус ганц Их хурлын төлөө бус, УИХ-ын гишүүд Засгийн газарт бөөнөөрөө алба хаших болсон нь засаглалын гажуудлыг үүсгэж байна. Үндсэн хуульд хуйвалдаанаар оруулсан өөрчлөлтийг засч залруулах цаг болсон гэх зэргээр амьдралд ойрхон, эрүүл шаардлага тавьсан нь тэднийг олон нийтийн анхаарлын төвд нэг хэсэгтээ л оруулсан. Арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын ээлжит бус Их хурлын төлөө ердөө 30 хүн л гар өргөсөн нь тэдэнд хүндхэн цохилт болсон байх. Улс төрд тодорч ядан байгаа залуу үеийнхний хүсэл мөрөөдлийг ахмадууд нь төдийлөн ойшоохгүй байгаа тал бий. Гэхдээ арай эрүүл замаар улс төрд орж ирэх нь гэж ажиглаж байсан залуус уржигдар гэнэтхэн тэнэг гэхэд зөөлдөхөөр огцом мэдэгдэл хийж олныг алмайрууллаа.

АН-ын Ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөн АН-ын дарга дарга Н.Алтанхуяг ирэх оны нэгдүгээр сарын 11 гэхэд албан тушаалаасаа огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох юм гэнэ. Тэр нь мэдээж улс төрийн хамгийн хатуу тэмцэл гэгддэг өлсгөлөн.
Н.Алтанхуягийг огцруулахын төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэж тус хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн гишүүн М.Чимиддорж барин тавин мэдэгдлээ. АН-ын дарга Н.Алтанхуяг, тэр хөдөлгөөний залуус надтай нэг ч уулзаагүй, гэрээ ч байгуулаагүй гэж ярьснаас болж өлсгөлөн зарлахаар шийдсэн юм байна.

АН-ын хувьд бол гишүүд нь өлсч цангахаараа айлгадаг нь огтхон ч шинэ улс төр биш л дээ. Сав л хийвэл жагсана, өлсөнө гэж хэлээд дарга нарынхаа хаалгыг хага саваад гардаг цөстэй аавын хүүхдүүд энэ намаар дүүрэн. Дээрээс нь энэ намын даргын төлөөх марафон элдэв хөдөлгөөн, бүлэглэлийн ашиг сонирхлоос ангид байж үзээгүй.

Р.Гончигдоржийг намын дарга болоход “Алтан гадас”-ынхан нойр хоолгүй зүтгэсэн. Одоо ҮШН-д данстай ч улс төрийн карьерийн хувьд лааз өшиглөж яваа М.Энхсайханы үед ч өлсгөлөн цэцэглэж, АН-ыг аврах хөдөлгөөн хүртэл байгуулагдаж л байсан. Н.Алтанхуягийг намын даргад өрсөлдөхөд бас л “Алтан гадас” гэх фракцынхан хор найруулж, ҮЗХ-ны гишүүдэд албан тушаал амлаад гүйж явсан нь нууц биш. Гэхдээ тамираа бартал иймэрхүү хөдөлгөөн, фракцын механик нэгдэл улс төрийн нам гэсэн үзэл бодлын том нэгдлийн шинэчлэлийн төлөө гэхээсээ илүүтэйгээр намын даргад өрсөлдөгч хувь улстөрчийн явцуу эрх ашгийн цуурай болж ашиглагдах нь элбэг.

Намын доторхи   мэдлийн төлөөх тэмцэл элдэв чамин нэртэй хөдөлгөөнүүдээр хэлбэрждэг явдал 2000 оноос хойш АН-аас салаагүй. Н.Алтанхуяг гэдэг хүний сандал суудалтай зууралдаж, амь насаараа дэнчин тавьж байгаа ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөний зорилгыг эрүүл гэж хэлэхэд үнэхээр бэрхтэй.

Энэ хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатарыг УИХ-ын гишүүн З.Энхболдын хүн гэж харддаг. Олны нүдэн дээр хүзүү сээрээрээ тэврэлдээд явдаггүй ч улс төрийн карьерийн хувьд тэдний намтар яах аргагүй Өвөрхангай гэсэн нэг цэг дээр огтлолцдог.

Т.Хасбаатар АН-ын ҮЗХ-нд анх удаа сонгогдохдоо Өвөрхангайгаас,  тэр тусмаа З.Энхболдоор крандуулж гарч ирсэн гэж АН-ынхан өөр хоорондоо ярилцдаг юм билээ. Ядаж байхад З.Энхболдыг намын даргад өрсөлдөнө гэж ил тодоор зарласантай давхцан Ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөн мэндэлсэн болохоор энэ хардлага улам л лавширсан. Хэрэв энэ хардлага үнэн бол Н.Алтанхуягийг огцруулж, З.Энхболдыг дарга болгохын төлөө залуусын амь насаар дэнчин тавьж улс төр хийх дээрээ тулсан бол АН ээлжит битгий хэл Онц их хурлаа хийхэд буруудахгүй. Эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн тэмцэл хүний амиар наадах хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ.

Тэртээ тэргүй хөдөлгөөн, фракцуудын хүч чадлаар удирдлагын эрх мэдлийг гартаа оруулж авдаг бохир жим харгуй нь АН-д байсаар байхад нэг Алтанхуягийг нөгөөгөөр солихын хэрэг юу байгаа юм бол?! Н.Алтанхуяг огцорч болдоггүй бурхан тахил биш. Эрх мэдэл олж авсан шигээ эргүүлэн өгөх өдөр түүнд ирж л таарна. Гэхдээ эрх мэдэлд хүрэхдээ залуусыг шат гишгүүр болгодог фашист тогтолцоогоо АН-ын удирдлагууд халах цаг болсон юм биш үү.

Б.ТҮВШИНТӨГС

Үндэсний шуудан.


URL:

Сэтгэгдэл бичих