Н.Түвшинбаяр: Олимпод орно гэдэг тамирчин хүний хувьд маш том хариуцлага

3381

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, жүдоч Н.Түвшинбаярыг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр ирэх наймдугаар сард болох Риогийн олимпод жүдогийн шигшээ багийг ахлан оролцох юм. Түүнтэй өнгөрсөн сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, удахгүй болох олимп болон сүүлийн үед олны анхаарал татаж буй зарим сэдвээр ярилцсан юм.
-Монголын Жүдо бөхийн холбоо хүн төрөлхтний их наадам хэмээн нэрлэгддэг олимп эхлэхээс 100 хоногийн өмнө шигшээ багаа зарлалаа. Таны хувьд шигшээ багийн талаар ямар бодолтой байна вэ. Энэ удаагийн шигшээ багийн гишүүд  гал ассан өрсөлдөөн дундаас тодорч гарч ирсэн. Тодруулбал, жингийн өрсөлдөөн их байсан. Жүдо бөхийн холбооны хувьд энэ их өрсөлдөөн дундаас шигшээ багаа тодруулна гэдэг мэдээж амаргүй байсан байх?

-Тийм. Олимпод орно гэдэг тамирчин хүний хүсэл мөрөөдөл нь байдаг. Дөрвөн жилд нэг удаа болдог гэдэг утгаараа тамирчдын хөлс, хөдөлмөрийг үнэлэх томоохон шалгуур болдог. Тамирчид энэ их наадамд оролцох гэж хөлс, хүч тэр ч бүү хэл хамаг амьдралаа зориулдаг. Энэ утгаар нь яривал тамирчдын хувьд өөрийн олон жилийн хөдөлмөр, зүтгэл, хүчээ үнэлүүлэх үе одоо ирж байна. Сонголтын тухайд гэвэл Монголын жүдочид өнөөдөр дэлхийд ямар хүчтэй байгааг ард түмэндээ харуулж байна гэж ойлгож болно. Яагаад гэвэл манай жүдогийн тамирчид нэг жинд олон эрх авч байна. Өмнө нь манайх ганц хоёр жинд эрх авах гэж бөөн юм болдог, арай гэж хэдэн эрх авдаг байсан.  Тэгвэл өнөөдөр нэг жинд дөрвөн тамирчин эрх авч байна. Энэ хэрээрээ манай жүдочид дэлхийд танигдаж, данстай болж байна. Нөгөө талаар энэ нь манай Жүдо бөхийн холбоо тамирчдаа чин сэтгэлээсээ дэмждэг,  Олон улсын тэмцээнд бүтэн багаар нь оролцуулдаг болсонтой холбоотой. Өнөөдөр нэг тамирчин олон улсын тэмцээнд оролцлоо гэхэд маш өндөр зардал гаргах болдог. Тэгвэл энэ асуудалд манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нийт тамирчиддаа чин сэтгэлээсээ тусалж, санаачилга гарган дэмждэг. Дэмжсээр ч ирсэн. Иймээс энэ бүхний үр дүн өнөөдөр гарч байна гэж харж, мэдэрч, ойлгож байгаа. Сая шигшээ багийг зарлах үеэр холбооны ерөнхийлөгч ярьж байсан. “Тамирчдаа дэмжихгүй, тэмцээнд явуулахгүй байх хэцүү. Дэмжээд дундаас нь сонгох бас хэцүү юм байна” гэж. Үнэндээ сонголт хийх мөчид би ч бас догдолж байсан. Хэдийгээр би түүнд хамааралгүй байсан ч гэсэн баг хамт олон болж нэг тогоонд “чанагдаж” байгаагийн хувьд үлдэж байгаа тамирчид болон тэдний ар гэрийнхэн сэтгэл зүйн хувьд ямар байгаа бол гэж санаа зовж байлаа. Яагаад гэвэл  тамирчин хүний ар гэрийнхэн өөрсдөөс минь илүүтэй бүх зүйлд санаа зовж, олимпод оруулчих юмсан гэсэн чинь сэтгэл өвөртөлж нэг ёсондоо сойж суудгийг би мэднэ. Миний гэр бүлийнхэн ч ялгаагүй санаа зовж байдаг. Гэхдээ тэмцээн гэдэг яах аргагүй хүнд өрсөлдөөн дунд болдог учраас олимпод оролцох тамирчдын сонголтыг сохор бус харин тооцоо судалгаан дээр суурилсан сонголт байсан гэж харж байгаа. Учир нь манай холбооны зүгээс тамирчдаа олон тэмцээнд явуулж өөрсдөд нь боломж олгосон. Нөгөө тендер зарлаад дундуур нь лобби орчихдог шиг хууль бус зүйл болдоггүй. Үүнийг олон хүн тал талаас нь ярилцаж, харсны хүчинд шийдсэн. Миний хувьд ингэж л харж байгаа.

-Эрэгтэй багийн хувьд яах аргагүй өрсөлдөөнтэй байсан. Тодруулбал, 60, 73, 81 кг-д их өрсөлдөөн байлаа. Эцсийн шийдвэрийг та юу гэж харсан бэ?   

-Би тамирчин учраас сайн мэдэхгүй шүү дээ. Үүнийг багш нар болон манай холбооны удирдлагууд шийдэж гаргасан. Ер нь тэгээд хүн гэр бүлийн хүрээнд харилцан ярилцаад гаргасан шийдвэрээ эсэргүүцээд байдаггүй биз дээ. Түүн шиг тамирчдаа хамгийн сайн мэдэх “гал тогоонд” ярилцаад дээрх шийдвэрийг гаргасан учраас бид юу гэх билээ. Бүгд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байсан учраас тийм юм байна гэж л хүлээж авсан.

-Таны хувьд өмнө нь хоёр олимпод оролцсон туршлагатай тамирчин. Одоо гурав дахь удаагаа оролцох гэж байна. Бас багаа ахалж явна. Ер нь та өөрөө бас баг тамирчдаа Риогийн олимпод ямар амжилт үзүүлнэ гэж харж байна вэ. Сэтгэлдээ зурсан хар зураг танд байгаа биз?

-Миний хувьд өөрийн тань хэлсэн шиг хоёр олимпод оролцсон. Одоо гурав дахь олимпод оролцох гэж байна. Ер нь олимпод оролцоно гэдэг маш том хариуцлага. Наана нь ийм тийм гэх зүйл амлах арга байдаггүй. Үүнийг би шигшээ багийг зарлах үеэр бас хэлсэн. Ер нь бол олимпод оролцож байгаа тамирчид тэр дундаа ардаа өөрөөсөө илүү мундаг тамирчныг орхиод явж байгаа тамирчин хүн маш өндөр хариуцлага үүрч байдаг. Тэр хүний хувьд ямар ч алдаа гаргах эрхгүй бас дараа нь харамсах зүйл гаргахгүйгээр бэлтгэлээ хийх ёстой.  Энэ бол тийм ч амар асуудал биш. Хувь хүний хувьд ч, жүдо бөхийн тамирчин хүний хувьд ч маш том хариуцлага байдаг гэх үү дээ.

-Бээжингийн бас Лондонгийн олимпийн циклийг Риогийн олимптой харьцуулахад танд ямар санагдаж байна?

-Үнэндээ олимпийн наана янз бүрийн зүйл ярихад хэцүү байна. Бүгд л олимпдоо бэлдэж байна. Сая Азийн аваргад орохдоо олимпод ороход хэрэгтэй оноогоо авч чадсан. Бас Азийн аварга болж үзээгүй байж байгаад сая боллоо. Энэ утгаараа урам зориг аваад бэлтгэл сургуулилтаа хийж байна.  Бэлтгэлээ бүр ч чамбайруулж байна. Нэг өдрийн 25 минутаар бүх асуудал шийдэгддэг учраас тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа, бүх зүйлийг. Миний хувьд тэр бүгдэд бие сэтгэлээ зориулаад хичээнэ дээ гэж хэлэх байна.

-Та Азийн аваргад түрүүлнэ гэсэн том зорилт тавьсан байх. Үүндээ ч хүрсэн. Мөн энэ удаагийн Азийн аваргад манай тамирчид түүхэн амжилт үзүүлсэн. Тухайн үеийн сонин хачинаас дуулгаач гэвэл?

-Энэ жилийн Азийн аварга урд өмнөхөөсөө онцлогтой болсон нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил зарчимаар явагдсан. Энэ нь зарим жинд тухайн улсаас нэг, хоёр номерийн тамирчид хамтдаа өрсөлдсөн. Нэг улсаас есөн тамирчин оруулна. Нэг жинд нойллох юм бол гурван тамирчин нэг жинд давхцаж болох гээд л…Дэлхийн аваргад яг ингэдэг шүү дээ. Энэ нь нэг талаар манайх том хүчтэй баг учраас олон тамирчин нэг жинд өрсөлдөх боломжийг олгосон. Ингэснээр манай хоёр номер гэгддэг ОУХМ Д.Алтансүх, Н.Дагвасүрэн хоёр алтан медаль авсан. Энэ бүх нөлөөллөөс үүдэн манайхан өмнө нь гаргаж байгаагүй амжилтыг гаргасан болов уу гэж бодож байна.

-Таны өрсөлдөгчид хэр байсан бэ?

-Ер нь олимпод бэлдэхэд нарийн судалгаа, багш, баг тамирчид бэлтгэл хангагчид гээд энэ бүх зүйл нөлөөлж байж амжилт гаргадаг. Өөрөөр хэлбэл, нэг тамирчин олон хүний хүч хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Энэ удаад ч бас тэр голдирлоор явж байна.
Бид цагдаа нарын үйл ажиллагаанд саад учруулах, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлэх гэж тэнд очоогүй

-Хоёулаа ярилцлагын сэдвээ өөрчилж олны анхаарал татсан нэг сэдэв рүү орьё гэж бодож байна. Та бүхнийг Азийн аваргад явахын өмнө дуулиантай үйл явдал болсон. Энэ нь Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын оффист цагдаа, тусгай хүчнийхний хамтарсан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт орсон. Үнэндээ тухайн үед тусгай гэсэн бичигтэй хар хувцас, баг өмссөн хүмүүсийг хараад олон хүн цочирдсон. Гэтэл яг тэр үед та бүхэн маргааш тэмцээнд явна гэсэн атлаа оччихсон, нэлээд сэтгэл зовсон байдалтай байсан. Ер нь энэ үйл явдал та бүхний сэтгэл зүйд ямар байдлаар нөлөөлж байсан бэ?

-Ард түмэн энэ үйл явдлыг янз бүрээр л ярьж байна. Зарим нь энэ асуудлыг улстөржүүлж “Тамирчдыг улс төрд ашиглалаа” гээд буруу зөрүү ойлголтоор яриад байгаа юм. Миний хувьд олон нийтийн дунд үүссэн энэ буруу зөрүү ойлголтыг залруулахын тулд тухайн үед болсон үйл явдлыг эхнээс нь яръя гэж бодож байна. Мэдээж танай өрхийн тэргүүнийг цагдаа аваад явах гэж байна гэхийг сонсоод ямар ч хүн “Тэр надад хамаагүй. Би ажилтай байна” гээд хойшоо суухгүй биз дээ. Яг үүнтэй адил жүдо бөхийн тамирчид бол нэг гэр бүл. Манай энэ гэр бүлийг толгойлж байгаа хүн нь Х.Баттулга захирал. Гэтэл “Танай холбооны ерөнхийлөгчийг баривчлах гээд цагдаа нар ирчихсэн байна” гэхийг сонсоод “Бид юу ч мэдэхгүй. Маргааш тэмцээндээ явна” гээд чихээ бөглөөд мэдээгүй юм шиг сууна гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр Х.Баттулга ерөнхийлөгч бидэнд “Та нар ирээд хэрэггүй” гэж хэлсэн ч бидний хувьд яг юу болоод байгааг дэргэдээс нь харахгүй байж чадахгүй. Энэ ч утгаараа бүгд тэнд очсон. Тэнд бид цагдаа нарын үйл ажиллагаанд саад учруулах гэж, нийгэмд буруу зөрүү үлгэр дуурайлал үзүүлэх гэж очоогүй. Бидний хэнд ч тийм санаа, зорилго байгаагүй. Харин ерөнхийлөгчид маань ямар нэг зүйл тохиолдох вий, асуудал гарах вий гэж очсон. Хоёрдугаарт, бид тэнд очиход маш олон цагдаа ирсэн байсан. Мөн маш олон хүн цугларсан байсан. Уулын  мод урттай богинтой гэдэг шиг тэнд цугларсан хүмүүсийн дунд янз бүрийн санаа зорилготой хүн байхыг үгүйсгэх аргагүй байсан. Түүнийг дагаад үймээн гарч мэдэхээр байсан. Тэгж байтал ерөнхийлөгч маань бидэн рүү холбогдож “Азийн аваргад орох гээд жин хасч байгаа тамирчид яагаад ирчихсэн байгаа юм бэ. Бүгдиийг нь гэрт нь хариулж амруул” гэж хэлсэн. Хэдийгээр ерөнхийлөгч тэгж хэлсэн ч гэсэн бид “Аан за” гээд явчихаж чадаагүй. Бүгд  санаа зовж байсан.

-Та нарын сэтгэл зүйд тэнд цугларсан хүмүүсийн яриа их нөлөөлж байсан байх аа. Үнэндээ тухайн үед янз бүрийн яриа гарч, тэр нь тэр дороо цахим ертөнцөөр маш хүчтэй цацагдаж байсан л даа?

-Тийм. Тэнд цугларсан хүмүүс янз бүрийн зүйл ярьж байсан. Тухайлбал, зарим нь хэдэн жилийн өмнөх энэ өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлаад авч явж байсан. Энэ удаад Х.Баттулгыг баривчлах гэж байна гээд яриад байхаар ямар ч хүн сэтгэл санааны хувьд их сонин болдог юм билээ. Тэр ч бүү хэл манайхны зарим нь хэрэв тийм зүйл болвол багаараа Азийн аваргад оролцохоо больцгооё гэж байсан. Энэ үйл явдал сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд цохилт болж байсан. Тэгэхэд ерөнхийлөгч “Та нар миний асуудалд санаа битгий зов. Яваад ир. Тэмцээндээ сайн оролцоод ир. Тэр чинь надад тус болно” гэж хэлсэн. Тэгээд бид Азийн аваргад амжилттай оролцоод ирсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үг, өөрсдийн маань хор шар ч байсан байх. Өмнө гаргаж байгаагүй амжилтыг үзүүлээд ирсэн дээ.

-Уучлаарай. Тухайн үед та нарыг цагдаа нарын ажилд саад учруулахыг оролдсон гэх яриа гарч байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Тийм зүйл болоогүй. Тэнд маш олон, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс цугларсан байсан.  Үймээн дэгдэж мэдэхээр байсан. Өнгөрсөн долоодугаар сарын 1 шиг үйл явдал болж мэдэхээр байсан. Хэрэв тийм зүйл болвол ард түмэн л хохирно. Иймээс бид үймээн дэгдэх вий гэсэндээ цагдаа нарыг бичиг баримт аваад гарч ирэхэд нь түүнийг нь хамгаалаад гаргасан.  Тухайн үед жирийн иргэдээс гадна олон сэтгүүлч тэнд ирсэн байсан. Бидэнд цагдаа нар гарч ирэх гэж байна гэж хэлсэн. Иймээс дээрх арга хэмжээг авсан. Бидний тэр зураг хэвлэлүүдээр гарсан байсан. Үнэндээ өнөөдөр монголчуудад дутагдаж байгаа хамгийн том зүйл нь эв нэгдэл. Энэ зүйл Монгол Улсад маш их хэрэгтэй болчихоод байна уу даа гэж харж байна.

-Яг үнэндээ тухайн үед маш олон мэдээлэл цацагдаж байсан л даа. Тухайлбал, зарим нь тэнд очсон тамирчид согтуу байна гэж байсан бол нөгөө хэсэг нь Орост нэг үе мафи гээч зүйл хүчээ авсан. Мафийн эзэд өөрсдийгөө тамирчдаар хамгаалуулдаг байсан гээд сөрөг мэдээлэл их цацагдсан?

-Тэр үед ганц тамирчид тэнд очоогүй. Маш олон хүн ирсэн байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Ер нь жүдо гэдэг чинь маш дэгтэй спорт. Бид бараг хагас цэрэгжлтийн байдалтай байдаг хүмүүс. Олимп дөхсөн энэ үед хагас ч биш бүр бүтэн цэрэгжилийн байдалтай байгаа ийм л хүмүүс. Тэгэхээр олны яриад байгаа шиг тийм асуудал юу гэж гаргах вэ дээ. Тэнд янз бүрийн хүн цугларсан байсан. Зарим нь өдөөн хатгадаг, турхирдаг нөгөө хэсэг нь асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролддог тэр ч бүү хэл зарим нь архи дарс уусан согтуу хөлчүү хүмүүс мэр сэр харагдаж байсан. Магадгүй бидний талаар янз бүрийн яриа гарсан нь Х.Баттулга захиралд дургүй хүмүүсийн явуулга ч байсан байж мэдэх юм.

-Маргааш нь та тэмцээндээ явсан. Тэр үед яг юу бодогдож байв?

-Тэр шөнөдөө бүгд хэцүү байсан. Бүгд бэлтгэлээ хийгээд жиндээ орчихсон байсан. Гэтэл ийм асуудал болсон. Манайхны зарим нь “Бүгдээрээ явах хэрэггүй байх” гэж байсан. Гэтэл ерөнхийлөгч “Та нар яв” гэсэн үүрэг өгсөн. Тамирчид хэдийд ч цэрэг шиг байдаг. Дарга юу гэж тушаана түүнийг биелүүлдэг цэрэг шиг.  Яахав тухайн үед цагдаагийнхан ажлаа л хийсэн юм билээ. Гэтэл үл ойлголцсон асуудлаас болж янз бүрийн яриа гараад байх шиг байна. Зарим нь цагдаагийнхан тэгсэн гэж байсан. Миний хувьд үүнд итгэхгүй байгаа.  Мэдээж хууль биелүүлэх учиртай цагдаагийнхан янз бүрийн яриа гаргана гэж юу байх билээ. Харин наагуур нь янз бүрийн хүмүүс ташаа мэдээлэл тарааж байхыг үгүйсгэхгүй ээ.

-Үүнтэй холбогдуулаад асуухад сүүлийн үед улс төрд нэлээд бужигнаж байна. Үүнийг дагаад итгэхэд бэрх элдэв мэдээлэл гарах боллоо. Үүнийг та хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тамирчин хүн улс төр гээд ярих хэрэггүй байх. Үүнийг ард түмэн сайн сайхнаар хүлээж авахгүй болов уу гэж бодож байна. Харин тамирчин хүний хувьд гадагшаа тэмцээн уралдаанд оролцоод, түрүүлээд эх орныхоо далбааг мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлээд ирэхээр эх орон минь гэсэн сэтгэл илүү төрдөг юм болов уу гэж боддог.

-Гэхдээ хувь хүний хувьд өнөөгийн нийгэмд болж буй үйл явдлыг хараад бодох бодол байна биз дээ?

-Гадны янз бүрийн оронд очоод эдийн засаг болоод төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг хараад “Бид зөв бодлого явуулбал ингэж л хөгжих байх” гэж бодогдох үе бий. Үнэндээ өнөөдөр өндөр хөгжилтэй атлаа газар нутаг байхгүй, хогоо хаях газаргүй, цэвэр усаа гаднаас зөөдөг орон олон байна шүү дээ. Тийм байхад манай улс яагаад хөгжиж болохгүй гэж боддог. Үүнийг бодохоор зарим үед улс төрийг сонирхмоор санагдах үе гардаг. Яах аргагүй улс орноо төлөөлөөд гадагшаа тэмцээн уралдаанд олон яваад хөлс хүчээ гаргаад зовлон үзээд ирэхээр их юм боддог.  Хамгийн гол нь ард түмэн  эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Мөн төр засаг тогтвортой, хүнээ гэсэн бодлого баримтлах ёстой юм болов уу гэж бодож байна.

-Уучлаарай, сүүлийн үед танай холбооны ерөнхийлөгчтэй холбоотой янз бүрийн мэдээлэл их гарч байна.  Та ч үүнийг сонссон байх…?

-Янз бүрийн мэдээлэл гарсан байгаа харагддаг. Миний хувьд манай ерөнхийлөгч бидэнд тусалдаг тамирчдаа гэдэг ийм л хүн гэж ярина. Тэр нь хүмүүст магтаж байгаа шиг ойлгогдоно. Тэгээд л энэ нөхөр яах аргагүй “Женко”-гийн хүн. Тэгэхээр ингэж л ярина гэх байдлаар хандах байх л даа. Гэхдээ миний дотор нэг бодол байдаг. Нийгэмд сүүлийн үед сөрөг пиар газар авсан. Магадгүй зарим нь зохион байгуулалттайгаар элдэв мэдээлэл тараадаг байж болно. Хамгийн гол нь монголчууд ус уух их хувь заяатай нь үнэн бол нэг л өдөр энэ бүхний учир тайлагдаж зөв зүйл ирэх байх гэж бодож байна. Сайн, сайхан цаг ирэх байх. Ер нь улс орны хөгжил хүн болгон ажилтай байхаас ихээхэн шалтгаалдаг юм шиг байгаа юм. Мэдээж хүн ажилтай байна гэдэг ухамсартай байна гэсэн үг. Тэгж байж бид амьтнаас ялгардаг.

-Эцэст нь нэг асуулт асууя. Та ер нь эрх чөлөө тусгаар тогтнол гэдгийг юу гэж ойлгодог вэ. Ингэж асуусан шалтгаан маань та тамирчин хүн. Эх орноо төлөөлөөд тэмцээн уралдаанд их явдаг. Энэ ч утгаараа ард түмэн эв нэгдэлтэй бас эх оронтой байхын үнэ цэнийг та хамгийн сайн мэдэрдэг байх?

-Аминаас илүү үнэт зүйл гэж боддог. Ялангуяа тусгаар тогтносон төрийн далбаатай улс байна гэдэг хийморь сүлдтэй ард түмэн байна гэсэн үг шүү дээ. Би нэг зүйлийг дотроо байнга тунгааж явдаг. Энэ нь Монгол Улс хэдэн зууны тэртээгээс онож, олж, өвлөж явсан асар их соёлтой улс. Монголчууд яагаад энэ их соёлыг олоод авчихсан юм бэ гэвэл бидний өвөг дээдэс аль эрт, XIII зууны үеэс маш том гүрэн байсан. Тухайн үед дэлхийд цуутай олон том эрдэмтэдийг цуглуулж тэдний сургааль, номлолыг сонсч улмаар өөрсдөдөө тохирсон, байгалтайгаа ойрхон тэр их соёлыг бий болгож чадсан юм болов уу гэж боддог. Сүүлийн үед дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт гээд ярьж байна. Гэтэл манай нүүдэлчин ахуйн соёл маань байгаль дэлхийд хамгийн халгүй, ээлтэй гэдгийг одоо бүгд, дэлхий даяараа ярьж байна. Хэдийгээр хотожсон зарим нь хөдөөд соёл байхгүй, бүдүүлэг гэж байгаа ч тэнд байгаль дэлхийгээ хайрлах, шүтэх хамгийн том соёл байдаг гэж ойлгодог. Магадгүй би нүүдэлчин гаралтай тэр их соёл дунд өсч хүмүүжиж, түүгээрээ бахархаж өдий зэрэгт хүрсэн болохоор тэгж боддог байх.

ЭХ СУРВАЛЖ: УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих