Улстөрчдийн луужин үргэлж буруу заадаг

2588a3856258b95e62be4bad9673bbb30bd1bfdfӨдгөө сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх тухай маргаан дахин өрнөж байна. 2012 онд яг ийм маргаан өрнөж байсан юм. 1990 оны сонгуулийн нэгэн адил хувь тэнцүүлэх үү, эсвэл мажоритар, пропорциональ хоёрыг холих уу гэсэн хувилбаруудад улстөрчдийн байр суурь хуваагдаад байлаа.

Тэгвэл тухайн үед илэрхийлж байсан байр суурь, үзэл бодлууд дөрвөн жилийн дараа эрс өөрчлөгдсөн тохиолдол олон харагдах болов. Улс төр өөрөө маш сайн ой санамжтай байхыг шаарддаг. Улстөрч нэг сэдвээр хоёр өөр байр суурь илэрхийлж болдоггүй. Тодорхой хугацааны дараа, эсвэл өөрийн эрх ашгийн нөхцөл байдлаас хамаарч байр суурь, үзэл бодлоо өөрчилдөг улстөрч бол олон нийтээс хэзээ ч эерэг үнэлгээ авч чаддаггүй.

Тэр утгаараа 2012 онд мажоритар тогтолцоог илт дэмжиж, пропорциональ тогтолцоог эрс эсэргүүцэж байсан улстөрч өнөөдөр тэс өөр байр суурь илэрхийлэх боллоо. Энэ нь шууд өөрсдийнх нь эрх ашиг, нөхцөл байдал солигдсонтой холбоотой. Тодруулбал, холимог тогтолцооны үр шимээр намын жагсаалтад багтаж, УИХ-д нэр дэвшихээр болоод байсан улстөрчдөөс Үндсэн хууль зөрчсөн одоогийн сонгуулийн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэх, 100 хувь мажоритар болгохын дэмжихгүй гэсэн байр суурь илэрч байна гэхэд хилсдэхгүй. Уг нь улстөрч байр сууриараа аль нэг талд бүрэн гарах ёстой. Яагаад гэвэл, эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх хүнээ иргэд сонгох уу, эсвэл нам сонгох уу л гэдэг хоёр дэнсийн нэгийг л дэмжинэ. Хоёуланг нь зэрэг дэмжих боломжгүй. Нэг талаас намын жагсаалт нь иргэдийн хамгийн том эрхийг нам булаан авч байгаа хэлбэр. Тиймээс олон нийтийн дийлэнх нь энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаа юм.

Харин холимог тогтолцоо буюу намын жагсаалтыг авч үлдэх гэж хамгаалж буй хүмүүс нь магадгүй намын жагсаалтад нэр бичигдэх гэж байсан эрхмүүд болох нь эрхгүй танигдаж эхлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Г.Батхүү, Су.Батболд, С.Дэмбэрэл нарын нэрс эсэргүүцэгчдийн дунд дуулдаж байна. Тэд намынхаа жагсаалтын эхэнд бичигдсэнээр дараагийн дөрвөн жилд УИХ-ын суудалд суух тийзээ өвөртөлнө гэж найдаж байсан хүмүүс аж.Тэгвэл тэдний байр суурь дөрвөн жилийн өмнө ямар байсан бэ? Одооных шигээ үнэхээр мажоритар тогтолцоог эсэргүүцэж байсан уу? Намын жагсаалтыг гарцаагүй зөв шийдэл гэж хүлээн зөвшөөрч байсан гэж үү? Энэ тухайд дараахь цөөхөн жишээгээр харьцуулсан байр суурийг хүргэе. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын жагсаалт бүхий холимог тогтолцоог илт дэмжиж, өөрчлөхийн эсрэг саналтай байгаа. Тэрээр “Жижиг тойргууд дээр сонгогчдын тоо болоод хамрах хүрээ бага байна.

Түүнээсээ болоод асар их мөнгө цацах боломж гарна. Товчхондоо мөнгөний сонголт, мөнгөний сонгууль болоод өнгөрнө гэсэн үг. Үнэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад, олон түмний сонголтыг шударга, үнэн зөв байлгая гэж бодож байгаа бол ядаж томсгосон тойргоо хэвээр хадгалах ёстой. Тэгэхгүйгээр жалга, дов шиг 76 жижиг тойрог болгон хуваачихвал захын тэрбумтан очоод мөнгөөр булах байлгүй” гэж ярьсан. Тэгвэл таван жилийн өмнө тэрээр үүнийхээ эсрэг зүйлийг хэлж байжээ. Сануулбал, 2011 онд сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ “Одоо яригдаж байгаа холимог сонгуулийн тогтолцоог дэмжихгүй байгаа. Бараг л пропорциональ тогтолцоог баталчих юм бол сонгууль шударга явагдах юм шиг яриад байх юм. Энэ худлаа. Харин ч пропорциональ тогтолцоо батлагдсанаар намуудын дарга нарын эрх мэдэл улам өргөжнө. Олон удаа парламентад сонгогдсон, сонгогчдод эл дол болсон нөхөд намын нэрийн ард нуугдаж дахин сонгогдох боломж бүрдэнэ” гэжээ. Энэ хоёр үгийг нэг хүн хэлсэн гэхэд эргэлзээтэй тэс өөр хоёр байр суурь энэ юм.

Тэгвэл Д.Оюунхорол гишүүний хувьд 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог илт буруушаагаагүй ч мажоритар тогтолцоог илүүд үзэж байжээ. Энэ байр сууриа “Би мажоритар давамгайлсан 52:24 гэсэн хувилбарыг дэмжиж байна. УИХ-ын 76 гишүүний 52 нь тойргоос буюу шууд ард түмнээсээ сонгогддог байх ёстой. Харин намд өгсөн саналаар 24 гишүүнийг л бүрдүүлдэг байж болно” гэж бататгажээ. Тэгвэл өнөөдөр тэр мажоритар хувилбарыг сонгох гэсэнд ундууцаж байна. “Сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Ардчилсан намынхан ард түмний санал орхигдож гээгдэж байна, тиймээс холимог тогтолцоо авах нь зөв, эрүүл тогтолцоо гэж үзсэн.

Гэтэл үүнээсээ Ардчилсан нам өөрсдөө эрх барьж байх үедээ ухарсан нь жудаггүй улс төрийг хийж байна гэж харагдаж байна. Цэц үүнээс ч долоон дор зүйлийг хийлээ. Цэц өмнө нь энэ асуудлыг хэлэлцэж байхдаа хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргаж байсан хэрнээ ард түмэн саналаа өгч сурч байтал намуудыг хариуцлагатай болгох, төлөвшүүлэхэд түлхэц болохоор хуулиасаа ухарч байгаад харамсаж байна. Тэр тусмаа төлөөллийн ардчиллын зарчмаасаа ухарсан үйлдлийг хийлээ” гэх мэтээр бухимджээ. Үүнийг нь намын жагсаалтад багтах гэж байсан хичээл зүтгэл нь талаар болсонтой холбон цагаатгаж болох юм.

Эргээд мажоритар тогтол­цоонд шилжихийг эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүдийн дунд Су.Батболд гишүүний нэр яваа. Тэр оны өмнө батал­сан сонгуулийн хуулийг боловс­руулахад гар бие оролцсон гэд­гээрээ энэ тал дээр өөрийн байр суурь нь тогтвортой байх учиртай хүн. Тэгвэл өмнө нь тэр намын жагсаалтыг мөн л таашаадаггүй байсан ажээ. 2012 оны сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед тэрээр “Сонгууль бол улс төрийн нам болон улстөрчдөд зориулагдсан биш, сонгогчид Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд  зориулагддаг. Сонгогчид хэнийг сонгохоо өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ бол тэдний эрх. Тиймээс тэрхүү эрхийг нь сонгогчдод үлдээмээр байна шүү дээ. Харин аль нэгэн улс төрийн нам булаан авч “Улстөрч бидэнд ашигтай юм байна” гээд пропорциональ тогтолцоог сонгож болохгүй” гэж мэдэгдэж байсан байх юм.

Өөрөөр хэлбэл, тэр УИХ-ын гишүүнийг нам бус, ард иргэд өөрсдөө сонгодог байхын талд зогсож байсан нь энэ үгэнд илэрхий байна. Харин одоо тэр өөр талд гарч зогсчээ. Су.Батболд гишүүний байр суурь нь “Сонгуулийн тогтолцоогоо байн байн өөрчлөөд байх нь сайн зүйл биш. Сүүлийн жилүүдэд бүх сонгуулиа өөр өөр тогтолцоогоор явуулж үзлээ. Ер нь дэлхий нийтэд мажоритар, пропорциональ гэсэн хоёр үндсэн чиглэлээр сонгуулиа явуулж байна. Энэ хоёр хоорондоо холилдсон их бага хэмжээтэй гээд олон янзын тогтолцоо бий. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд зэрэгцээ, холимог тогтолцоо руу их орж байна. Манайх ч зэрэгцээ тогтолцоо руу орсон нь дэвшил гэж би харж байгаа. Учир нь пропорционалийн элементүүд орсноороо улс төрийн намууд төлөвших, бодлогоо боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх боломжтой. Сонгуулийн тогтолцоо тогтвортой байгаасай гэж бодож байна. Тэгэхгүй бол сонгогчдыг төөрөгдүүлж байгаа юм” гэх үг болж солигдсон байна.

Энэ мэт олон жишээг шүүрдэж болохоор аж. Өмнө нь дэмжиж байсан зүйлээ өдгөө эрс эсэргүүцэгч болж хувирахын цаад ашиг, далд сонирхолыг нь энд хөндөх илүүц биз ээ. Харин 2012 оны сонгуулийн хуулийг батлагдсаны дараа илэрхийлж байсан байр суурь нь батжиж, улмаар жижиг 76 тойрог буюу мажоритар хувилбар нь зөв юм гэдгийг хэлж байсан нэг хүний ишлэлийг зориуд хүргэе. Иргэн Д.Ламжав 2011 оны 12 сарын 15-нд буюу сонгуулийн хууль батлагдсаны дараахан “Сонгуулийн реформ хийж чадсангүй. 48:28 холимог хувилбарыг сонгож байгаа нь ч буруу. Түр зуурын алхам хийлээ.

Бодвол үүнийгээ тэгж байгаад өөрчлөх байлгүй” гэж хэлж байжээ. Үнэхээр ч түр зуурын алхам болсонтой хэн ч маргахгүй. Тэгвэл Д.Ламжав саяхан манай сонинд ярилцлага өгөхдөө “Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Сонгуулийн тухай хуулиас пропорционалиар сонгууль явуулах тухай заалтыг түдгэлзүүлчихлээ шүү дээ. Ингэснээр тухайн заалтыг хэрэглэж болохгүй гэсэн үг. УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулж 100 хувь мажоритар тогтолцоог бий болгох ёстой. Холимог тогтолцоогоор сонгууль явуулж намдаа санал авахаар сонгогчдын санал зөв тусгагдаж байгаа хэрнээ олонхи бүрдэхгүй байгаа юм.

Тэгэхээр үргэлж эвслийн Засгийн газар бүрдэнэ гэсэн үг. Эвслийн Засгийн газар тогтвортой байна гэж байхгүй. Холимог тогтолцооны сул тал бол энэ. Одоо харин энэ тогтолцоог дахиж ашиглахааргүй болж байна. Тиймээс 76 тойргоор л сонгууль явуулах болов уу” гэж ярьсан юм. Тиймд улстөрчдийн луужин үргэлж буруу заадгийг баталсан дээрх жишээнүүдээс сургамжилж, энэ удаа зөв заах биз гэж найдъя.

Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/


URL:

Сэтгэгдэл бичих