Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

3321

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг нартай зарласан ерөнхийлөгчийн дайн улам хурцдаж буй. Одоогоор тэдний хэрэг дээр АТГ, ЦЕГ-аас гарсан хамтарсан ажлын хэсэг тухайлан ажиллаж байгаа юм. Анхандаа шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх үедээ их хэмжээний мөнгө шамшигдуулсан  нэрийдлээр Х.Баттулга гишүүний эргэн тойрон дахь хүмүүсийг шалгаж эхэлсэн.

Шалгалт гүнзгийрсээр Х.Баттулга гишүүний  хувийн оффист нэвтэрч, “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудыг тусгай хүчний дор нэгжлэг хийв. Эл нэгжлэгийн үр дүнд эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тодорхой болсон. Ингэснээр Улсын ерөнхий прокурорын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн  мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ үр дүнгээ өгсөн ч гэж болно.

Одоо тэд  Х.Баттулгын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүсийг шалгах ажлаас илүү лав атгаж, жинхэнэ байндаа дөхөх шалгалтуудаа эрчимжүүлж буй. Сэжигтнээр татах асуудлаар эхэлсэн уг шалгалт эдүгээ Эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд оччихоод байна.

Нөгөө талд Н.Алтанхуяг гишүүн  мөн л хэцүүдэж, Улсын мөрдөн байцаах газраас  байцаалтад дуудагдсан. Н.Алтанхуяг гишүүн гэнэт байцаалтад дуудагдах болсон шалтгаанаа ерөнхийлөгч рүү чиглэсэн мэдэгдлийнх нь үр шим хэмээсэн бол холбогдох албаныхан эсрэгээрээ дээрх ажлын хэсгийн мөрдөн шалгах үйл ажиллагааны нэгэн хэсэг гэж тайлбарлажээ.

Одоохондоо олон нийтэд нээлттэй болсон  ерөнхий мэдээлэл нь энэ. Мөрдөн байцаалт явагдаж буй учир ажлын хэсгийнхий үйл ажиллагаа ихээхэн нууц байна. Харин Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын хувьд тэднийг  одоо “УИХ-ын гишүүний бүрэн эрх” нь түр хазаарлаж байна гэсэн үг. Ажлын хэсгийнхэн тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт, тайлбар, мэдүүлэг авах эрхээ хэдийнэ ашиглаад эхэлчихсэн.

Улстөрийн намууд ирэх 8-ны өдрөөс өмнө нэр дэвшигчдээ эцсийн байдлаар нэгтгэж, олон нийтэд зарлах учиртай. Эл хуулийн хугацаанаас урьтан тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал  хөндөгдөнө гэдгийг эх сурвалжууд онцолсоор байна.

Эндээс Б.Булганы хэргийг сонгуулиас өмнө илрүүлэх нэрийдлээр АН-ын нөхөдтэйгөө зөрчил үүсгэж, цаашлаад Тавантолгойн асуудлаар Х.Баттулгыг намнах гэсэн ерөнхийлөгчийн зорилго биелэхэд тун чиг ойрхон байгааг харж болно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд АТГ, ТЕГ харьяалагддаг. Юу байна түүгээрээ дайл гэдэг шиг улстөрд эргэн ирэх нүхээ ерөнхийлөгч ингэж малтаж байхад нөгөө талд мөчөөгүй өгөхгүй, шазруун байдлаар МоАХ, Шонхор фракциуд  үзэлцэж буй юм. Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр хүнд нь хөсөр унасан Алтангадас фракцаа тэрүүхэндээ  хэн хүнтэй холилгүй авч яваа.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих