Үндэсний бахархлаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд
Монголын нууц товчоонд Хонгирадын Дэй Сэцэн “Есүхэй худ аа, Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувуу нар, сарыг атгаж ирээд миний гар дээр буулаа гэж урд шөнө би зүүдэллээ.
Есүхэй худ та хүүтэйгээ морилж ирэх учиртай байж. Хиад боржигон овгийн сүлд тань миний зүүдэнд ирсэн байж…” гэсэн нь шонхор шувуу монголчуудын өвөг дээдсийн сүлд, шүтээн байсныг мөдхөн илтгэнэ. Хүн, Хятан гүрнээс эхлээд XIII зууны үеийн монголчууд шонхор шувууг ан гөрөөнд ашиглаж, эрэлхэг баатрын адилаар хүндэтгэж ирснийг түүхийн олон сурвалжид тэмдэглэжээ. Тэгвэл монгол газар нутаг дээр шонхроор ан гөрөө хийдэг байсан соёл, уламжлал хэдийнэ арчигдаж тив алгасан алт, алмааз гялалзуулсан Арабын ноёдын нутагт нутагших болжээ.
Үндэсний шүтээнээ харьд “залахад” Монгол Улсын Засгийн газар, өндөр албан тушаалтай эрхмүүд гол үүрэг гүйцэтгэсэн, тэдний хувийн ашиг хонжооны хар зах болж хувирсан тухай мэдээлэл сүүлийн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Үүний нэг жишээ хамгийн сүүлд өнгөрсөн 2015 онд Засгийн газар нууц тогтоол гаргаж, олон зуун шонхрыг хил давуулсан гэх дуулиан юм.
Энэ мэдээллийг байгаль хамгаалагчид олны сонорт эхэлж хүргэсэн. Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа “Засгийн газар 2015 оны долоо, найм, есдүгээр сард нууц тогтоол гаргаж 240 шонхор хил давуулсныг бид олж мэдсэн. Үндэсний бахархалт шувуугаар зарлаж ашиг олох зорилгоор барихыг таван жил хориглочихсон. Ингээд олон хүн тайвширсан. Гэтэл үүний ард жинхэнэ нууц ажиллагаа нь идэвхжиж 2015 онд байгаль орчинд 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэсэн юм.
31 ШОНХОР ХУУЛЬ БУСААР БАРЬСАН КАТАРУУДЫГ 992 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Шонхор шувуу махан идэштэн бөгөөд хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурдтай. Дэлхий дээр 60 зүйл байдгаас манай орон цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман зэрэг 10 зүйлийн шонхортой. Шонхор шувуу нүүдлийн бөгөөд манайд зусч өндөглөдгөөрөө бусад орноос онцлог. Зүйлүүд дотроос идлэг шонхор нь маш хурдтай, дайчин. Цагт 320 км хурдтай нисдэг, нүдний хараа нь хүнийхээс 2.6 дахин нарийвчлалтай учраас “Тэнгэрийн ирвэс” гэгддэг. Монголд 8000 орчим үржлийн хос шонхор байдаг. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар хиймэл үрэнд 2013 онд 800, 2014 онд 2000 орчим ангаахай амжилттай бойжиж ниссэнийг тогтоожээ.
Шонхор шувуу үеийн үед монголчуудын ан гөрөөний үнэнч анд байж ирсэн, дээр нь сүүлийн жилүүдэд хууль бус наймаа цэцэглэснээс төр анхааралдаа авч, ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгон 2012 оны аравдугаар сарын 20-нд Засгийн газар 101 дүгээр тогтоолоороо “Үндэсний бахархалт” шувуугаар зарласан юм. Үүнтэй холбогдуулан 2013 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн таван жилийн хугацаагаар ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглож, зөвхөн соёлын зориулалтаар гаргахыг зөвшөөрсөн юм. Тогтоолд шонхор шувууны зүйлийг дурдаагүй ч мэргэжлийн хүмүүс хоёр өөрөөр тайлбарлаж буй. “Үндэсний бахархалтаар цагаан шонхрыг зарласан. Идлэг биш. Засгийн газар нийтлэг нэрээр нь хүмүүсийн анхаарлыг сарниулж байна” гэж Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа ярьсан бол БОНХАЖЯ-ны мэргэжилтэн “Идлэг шонхрыг үндэсний бахархалтаар залсан” гэв.
Ямартаа ч “Тэнгэрийн ирвэс” гэгдэх идлэг шонхор манай оронд түгээмэл ч зүүн аймгуудын нутгаар голдуу нүүдэлтэй. Арабууд хэн нь идэр чийрэг, гөрөөч шонхортойгоор өрсөлддөг, нэг ёсондоо тэдний зэрэг зиндааг илтгэсэн бахархал. Дээр дурдсанчлан манай улсад зусч өндөглөдөг нь араб ноёдын урт гараа тив алгасан сунгах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, нэг настай хүдэр чийрэг охин шонхор тэдний сонголт. Охин шонхор том биетэй, ан гөрөөнд чадамтай байдаг аж. Бас дээрээс нь шонхрыг зөвхөн манай улс л экспортолдог. Бусад улс орон экспортлохыг хориглосон хуультай. Казахстан гэхэд нэг шонхрыг 22 мянган ам.доллараар түрээслүүлдэг хуультай гэнэ. Ийм л учраас арабууд Монголоос идлэг шонхрыг хил давуулахын тулд ямар ч үнээр хамаагүй авахыг хүсдгээс хууль бус наймааны эхлэл болдог бололтой.
Үүний тодорхой жишээ бол өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Катар улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгчийн отгоос 61 шонхрыг илрүүлсэн явдал юм. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгаж таван шонхрыг хилээр гаргасан, 25 шонхор зөвшөөрөлтэй, 31 нь зөвшөөрөлгүй байгааг тогтоогоод буй. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар уг хэрэг эрүүгийн гэмт хэрэг болохгүй учир Ан амьтны тухай хуулиар шонхрын экологи эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж торгожээ. Өөрөөр хэлбэл, 31 шонхор зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан катаруудад 992 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Гэвч тэд зөвшөөрлөө нөхөж авсан хэмээн том толгойлж торгуулиа төлөхөөс эсэргүүцэн цагдаа, прокуророор гомдол гаргаж явааг эх сурвалж хэлж байна.
“ГААЛЬ ДЭЭР 20 ШОНХОР ИРЭХЭД 10 НЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙДАГ”
Шонхрыг ийнхүү илүү тоогоор барьдаг нь анхны тохиолдол биш. Баригдсан нь энэ болохоос зөвшөөрлийн тооноос хэтрүүлж бариад хилээр өлхөн гарч оддог ажээ. Энэ тухай нэрээ нууцалсан гаалийн эх сурвалж ийнхүү ярив.
-Шонхрыг хил давуулах явцыг хянадаг хүмүүс нь та бүхэн. Хууль бусаар гаргах тохиолдол бий юу?
-Арабууд хил дээр 20 шонхортой ирлээ гэхэд 10 нь л зөвшөөрөлтэй байдаг. Зөвшөөрлийн бичгээр нь саатуулах гэхээр “Дарга нар чинь ярина” гээд тоодоггүй. Удалгүй дээрээс ярьж бүх шонхрыг гаргахыг үүрэгддэг. Зөвшөөрлийн бичгийг араас нөхөж явуулна гэдэг.
-Зөвшөөрлийн бичиг дараа нь нөхөж өгөх үү?
-Барагтай үгүй. Мэдээж энэ тухай мэдээлэл задруулбал бид ажилгүй болно.
Товчхон ч гэлээ ноцтой мэдээллийг эх сурвалж ийнхүү өгсөн юм. Шонхор шувууг хилээр гаргаж зарахад хамгийн багадаа 20 мянган ам.доллар хүрдэг, түүнээс ч өндөр байдаг тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна. Харин Монгол Улсад орж ирэх төсөв нь ердөө 6.4 сая төгрөг.
Ингэж үнэ ханшийг нь дордуулсан алхам нь Засгийн газрын тогтоол юм билээ. Ан амьтны тухай хуулиар тухайн онд агнах, барих амьтдын тоо хэмжээг өмнөх онд гаргах заалттай. Тиймээс өнгөрсөн хугацаанд шонхортой холбоотой Засгийн газрын тогтоолыг эрж үзэв. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2009 онд 300 ширхэг шонхор хилээр гаргах тогтоолыг Засгийн газар гаргаж байж. Түүний дараагийн жилд 240 шонхрын зөвшөөрлийг Засгийн газар 140 дүгээр тогтоолоор баталж байжээ. Тэгвэл 2011 оноос хойш шонхор барих зөвшөөрлийн хэмжээ жил бүр гардаг Тусгай зориулалтаар агнах, барих, агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай тогтоолоос хасагджээ. Өөрөөр хэлбэл, хэчнээн шонхрыг барьж гаргасан мэдээлэл энэ үеэс бүрхэг болж эхэлжээ.
Үргэлжлэл бий.
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: