Эцсийн зогсоол “Стэнд бай”
Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд эдийн засагт “хар” өдрүүд үргэлжилж байна. Голлох түүхий эдийн ханш 70 орчим хувиар буурч, барилгын салбарт их хэмжээний мөнгө түгжигдэж зогсонги байдал орж, төгрөгийн ханш ам долларьш эсрэг 67.9 хувиар унаж, банкны системийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл огцом өсч, шинээр ажилд орж буй иргэдийн тоо хоёр дахин буураад буйг статистик тоо харуулж байна Монголын эдийн засагт орж ирдэг байсан ам.долларын урсгал огцом саарч, хөрөнгө оруулалт татарч, компаниудын орлого ашиг буурснаар иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, энэ хэрээр эдийн засагт мөнгө хомсдож эхэллээ. Нөгөө талаас төсвийн ачаалал нэмэгдэж, зардлаа нөхөхөд хүндрэлтэй байдал үүссэнээс Засгийн газар олон улсын зах зээлээс 7-10 хувийн хүүтэй 750 сая ам.долларын эх үүсвэр татаж эдийн засгаа домнож байна. Ирэх зургаадугаар сард Монгол Улсыг дараагийн дөрвөн жил залах үүргийг хүлээх УИХ-ын ээлжит сонгууль тохиож буй нь макро эдийн засгийн байдлыг улам эмзэг, тогтворгүй болгож байгаа юм. Түүнчлэн шинэ Засгийн газар бүрэлдэж амжаагүй байх үе буюу ирэх долоодугаар сард АСЕМ -ын дээд хэмжээний XI хурал манайд болох гэж байгаа нь сульдсан Засгийн газрын бярыг шавхаж байна. Дээр нь 2017, 2018 онд төсвийнхөө 40 орчим хувьтай тэнцэх их хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт хийнэ.
2009 оны хямралтай харьцуулбал манай эдийн засаг 3.5 жил орчим буюу урт хугацаагаар гүнзгий хямралд автаад байгааг шинжээчид хэлж байна. Гэхдээ сонгууль болох гэж буй учир эрх барьж буй намын зүгээс эдийн засаг хямралын циклд хэдийнэ орчихоод буйг зарлах сонирхолгүй байгаа нь мэдээж. Тиймээс ч Засгийн газар, Монголбанкны зүгээс улсын өр болоод бусад асуудлыг аль болох эергээр тайлбарлаж, хямралд гүнзгий автаагүй хэмээн мэтгэсээр…
ХЯМРАЛ БУЮУ ҮНЭНТЭЙ , НҮҮРЭЛДЭХҮЙ
Эрх баригчид эдийн засаг “хямраагүй”, “хүндэрсэн” хэмээн үгээр тоглож буй. Харин эдийн засагчид харьцангуй гутранги байр суурьтай байна. Тухайлбал, докгор Б.Алтанцэцэг “Хямралын циклд манай улс хэдийнэ орсон. Нэмж зээл авахын хэрээр зээл төлөх хугацаа уртасч, хямрал даамжирна. Ойрын зургаан жилд эдийн засагт огцом өсөлт ажиглагдахгүй болов уу” хэмээсэн бол дэд профессор, эдийн засагч Б.Бат “2009 оны хямралтай харьцуулахад эдийн засгийн хүндрэл харьцангуй урт хугацаанд үргэлжилж байгаа нь үүнээс гарах боломжийг улам хумьж байна. Хямрал ойрын дөрвөн жилд үргэлжилнэ” хэмээсэн. Манай ДНБ-ий өсөлтийг олон улсын байгууллага (АХБ, Дэлхийн банк)-ууд ойрын хоёр жилд 0.1-2.7 хувиар өснө гэсэн таамаг гаргасан. “Экономист” сэтгүүлийн нэр томъёоны тайлбарт тэмдэглэснээр аливаа улсын эдийн засаг хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарвал эдийн засаг унаж байна хэмээн тодорхойлдог. Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт тэг рүү дөхөж, нэг хүнд ногдох ДНБ ойрын хоёр жилдээ лав өсөхгүй нь. 2009 оны эдийн засгийн хямралын үеийнхээс эдийн засгийн зарим голлох үзүүлэлт хэдийнэ давжээ. Хямрал бодитоор нүүрлээд буйг илэрхийлэх зарим статистик тоог (ҮСХ) иш татья.
Эдийн засаг хумигдаж буйн тод илрэл компаниудын орлого ашиг буурч, энэ нэрээр ажилгүйдэл өсдөг. Ажилгүйдлийн төвшин сүүлийн таван жилд дунджаар 7.9 хувьтай байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 8.3 хувь болж өссөн байна. Өмнөх жилүүдэд жилд дунджаар 4000 хүн шинээр ажилд ордог байсан бол энэ тоо огцом буурчээ. Ажилгүй иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60 мянга орчимд хэлбэлздэг байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 10 мянга болж, 40 хувиар өсчээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээл хумигдаж байна. Банк, санхүүгийн салбарт энэ хандлага сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, нийт өрийн үлдэгдэлд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл сүүлийн хоёр жил дараалан нэмэгджээ. 2009 оны хямралын үед хугацаа хэтэрсэн зээл 7.7 хувьд хүрч байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 8.2 хувьд хүрээд байна. Чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь 2013 онд 10 хувьтай дүйж байсан бол эхний гурван сарын байдлаар 15.7 хувь болжээ. 2009 оны хямралын үед төгрөгийн ханш ам.долларын эсрэг 37 хувиар унаж байсан бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 67.9 хувиар унажээ. 2009 онд төгрөгийн ханшийн уналт цөөхөн сар үргэлжилсэн бол сүүлийн 60 сар бууралт ажигаагдсан хэвээр байна. Цаашид ч ам.долларын ханшийн өсөх хандлага үргэлжлэхээр байгаа юм. ТОП-20-ийн хөрөнгийн үнийн индекс 2009 онд уналтын оргил үедээ 39 хувиар унаж байсан бол 2011 оны хоёрдугаар сараас хойш одоогоор 64 хувиар унажээ.
Түүнчлэн гадаад худалдааны эргэлт огцом буурч, төсвийн ачаалал нэмэгдэж, зээлийн эргэн төлөлтийн дарамт учраад буйг дурдах илүүц биз. Ийнхүү эдийн засагт хямрал бодитоор тулгараад буйг эдийн засгийн голлох үзүүлэлтүүд харуулж байна.
СУЛЬДСАН ЭДИЙН ЗАСГАА ӨРӨӨР ДОМНОХ ОРОЛДЛОГО
Засгийн газар бодит эдийн засгаа дэмжиж, хямралыг домнохоор олон улсын зах зээлээс өндөр хүү, богино хугацаатай, 750 сая ам.долларын арилжааны зээлийг өнгөрсөн сард татаж амжсан. Тодруулбал, “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын таван жилийн хугацаатай 7.2 хувийн хүүтэй, олон улсын зах зээлээс 500 сая ам.долларыг 10.8 хувийн хүүтэйгээр босгосон. Энэхүү зээлээрээ 3.2 их наяд төгрөгт хүрээд буй 16-17 хувийн хүүтэй банкуудад зарсан дотоод бондоо санхүүжүүлэхээр болсон. Энэ нь ил биш боловч цаад утгаараа төсвийн алдагдлыг шууд нөхөж буй хэлбэр билээ. Энгийнээр хэлбэл Засгийн газар сүүлийн гурван жил банкинд тавьсан өндөр хүүтэй өрөө ийнхүү овжноор төлж байна.
“Засгийн газар өрийн үйлчилгээний төлбөрт 2000 оны үеийн төсвийн орлого, зарлагынхаа долоо орчим хувийг төлдөг байсан бол оны эхний гурван сарын байдлаар төсвийн зарлагын 10, орлогын 12 орчим хувийг төлж буй нь өрийн дарамт илт нэмэгдэж буйг илтгэж байна” хэмээн МУИС-ийн багш, докгор Б.Алтанцэцэг онцолсон. Олон улсын валютын сангаас Засгийн газар нь өрөнд орох магадлалтай 14 улсын нэгээр манайхыг нэрлэжээ. Гана, Этиоп, Мозамбик, Танзани, Уганда зэрэг Африкийн голдуу улс багтсан энэхүү жагсаалтын наймдугаарт Монгол жагсч байна.
Улсын нийт өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.доллар, үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 14 орчим их наяд төгрөг нь Засгийн газрын өр болохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын дундуур мэдээлсэн. Гэхдээ шинээр авсан зээлээ нэмэхээр энэ тоо одоо 22.3 тэрбум ам.доллар болж өснө. Улсын өрийн тал буюу 10 тэрбум ам.доллар нь компани хоорондын зээллэг гэсэн нэрийн дор явж байгаа ч энэ нь Засгийн газартай хамаарах өр байж болзошгүйг эдийн засагчид хэлж буй. Олон улсын зах зээлээс хөрөнгө татаж, эдийн засгаа дэмжих гэж оролдож буй нь гүнзгий хямралыг аргацаасан төдий алхам болохыг судлаач Г.Рагчаасүрэн онцолсон. Учир нь, Засгийн газар ахин олон улсын зах зээлээс хөрөнгө татах орон зай байхгүй болсныг судлаачид сануулж байгаа юм. Тэглээ ч жил ахих тусам манай өрийн дарамт нэмэгдэж, Эдийн засаг улам хумигдаж, энэ хэрээр санхүүжилтийн өртөг өснө.
АВРАЛ ЭРЭХ ҮҮ, АЛГАА ТОСОХ УУ
Шинэ Засгийн газар энэ асуултын өмнө улаан нүүрээрээ тулах нь. “Аврал эрэх үү, алгаа тосох уу”. Монгол Улсын алгаа тосох “эрх” хумигдаж байгааг дээрх хэсэгт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсын зах зээлээс зээл авах орон зай болж, өртөг өсч буй. Тэгэхээр аврал эрэх хувилбарыг дараагийн Засгийн газар хүссэн хүсээгүй сонгохоос өөр аргагүйг эдийн засагчид хэлж байна. Доктор Б.Алтанцэцэг “Засгийн газар арга мухардаж байж л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана. Гэхдээ одоо энэ хугацаа их ойртчихоод байна” хэмээсэн. Олон улсын валютын сан (ОУВС) нь гишүүн улсууддаа “standby credit facility” буюу бага орлоготой улсуудад нэн хямдралтай, “standby arrangement’ буюу бага дунд орлоготой улсуудад жилийн тав орчим хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгодог стандарт зээл гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай улс тус хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж нийт 195.7 сая ам.долларын зээл авч байсан. Тухайлбал, 1991, 2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай.
“Стэнд бай” хөтөлбөрт өндөр хөгжилтэй улсуудад шалгуур багатайгаар зээлээ олгодог бол засаглал муу, эдийн засаг нь хүндэрсэн манайх шиг улсуудад хатуу шаардлага тавьдаг. Тухайлбал, төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлээ хумих зэргийг тулгадаг. Тиймээс жилийн өмнөөс хамрагдах шаардлагатай хэмээн яригдаж эхэлсэн “Стэнд бай” хөтөлбөрт манай улс өдийг хүртэл хамрагдахгүй байгаа нь хоёр гол шалтгаантайг эдийн засагчид онцолж байгаа юм. Эхнийх нь, эрх барьж буй нам сонгуулийн жил эдийн засгаа дампууруулсан гэсэн муу нэр зүүхгүйн тулд ийнхүү олон улсын зах зээлээс өндөр хүүтэй зээл авч эдийн засгаа “угжиж”, өнөө маргаашаа аргацааж байна. Дараагийнх нь, “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд ОУВС тухайн улсын эдийн засаг хямралд хүрсэн гол шалтгааныг ул суурьтайгаар шинжлэн гаргаж ирдэг. Энэ байдааас алдаатай, эдийн засагт үр өгөөжгүй боддого явуулсан нь илрэх, эсвэл эрх мэдлээ алдахаас Засгийн газар, Монголбанк эмээж, хөтөлбөрт хамрагдахаас зайлсхийж байна хэмээн зарим шинжээч хардаж буйгаа илэрхийлсэн. Энэ нь тун ч магадлалтай хардлага гэдгийг нотлох баримт байна. Тухайлбал, Засгийн газар Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулж “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дөрвөн их наяд орчим төгрөгийг зах зээлд нийлүүлснээ нуухыг эмээж байж болох юм. Нөгөө талаас төсвөө жилд 2-3 удаа тодотгож, зарцуулалтдаа тохируулан өөрчилдөг тогтворгүй бодлого, үр ашиггүй зарцуулалт, элдэв төсөл хөтөлбөрийг ОУВС-гаас хумих шаардлага тавих нь Засгийн газар, Монголбанкны эрх мэдлийг хумих тул ийнхүү эсэргүүцэж байж болох юм. Манай улс 2009 оны дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй хямралыг даван туулахаар ОУВС-гаас 122.6 сая ам.долларын зээлийг таван хувийн хүүтэйгээр авч 18 сарын хугацаанд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан. Тухайн үед дэлхийн эдийн засаг сэргэж, түүхий эдийн ханш огцом өссөнөөс -1.6 хувиар унасан эдийн засаг хямралаас богино хугацаанд гарч чадсан туршлагатай. Энэ удаад байдал тухайн үеийнх шиг богино хугацаанд эергээр эргэхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Эдийн засагчдын тодорхойлж байгаагаар, хямралын циклдээ дөнгөж ороод буй эдийн засаг ёроолдоо хүрч, үүнээс гартлаа ахиад 4-6 жил шаардах нь. Тэгэхээр эцсийн зогсоол “Стэнд бай” хөтөлбөр байх нь.
Шинэ Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн асуултад зарим эдийн засагчийн байр суурийг авлаа.
“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД НЬ ӨӨРӨӨ ХАВХ ЮМ
Х.БАТСУУРЬ (Тогтвортой хөгжлийн стратегийн хүрээлэн захирал, эдийн засагч)
-Бид ОУВС-г “lender of last resort” буюу зээл авах хамгийн сүүлчийн найдвар гэдгээр нь мэднэ. Тийм ч учраас эдийн засаг нь хямарч, олон улсын зах зээлээс мөнгө босгох бүх л нөөц, бололцоогоо шавхсан хойно ОУВС руу ханддаг. Бидэнд үнэгүй бяслаг болж ирэх гээд байгаа “Стэнд бай” хөтөлбөр тодорхой болзол нөхцөлүүдтэй ирнэ.
Чухам энэхүү болзол, нөхцөлүүд л хавх болж байгаа юм. Энэхүү хавх болсон зээлийн нөхцлүүд зээл авагч улс орны эдийн засгийг хэрхэн боомилон өрийн дампууралд оруулж, улмаар өндөр хөгжилтэй үйлдвэрлэгч улсуудын түүхий эдийг бэлтгэгч, мөн боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч болгон хувиргасан жишээг Нигери, Мозамбик, Болив, Аргентин гээд Африк, Латин Америкийн олон орны жишээн дээр дурдаж болно. Өнөөдөр манай экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, өргөн хэрэглээний барааныхаа 70 хувийг гаднаас авдгаас харахад Монгол Улс Нигери улсаас хол дутахааргүй түүхий эд бэлтгэгч, мөн хэрэглэгч гэсэн тодотголыг “бардмаар” зүүсэн улс гэж хэлэхэд давуудуулсан болохгүй. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаа харахаар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж л хямралаас гарах байх гэсэн гарц харагдаж байна. Энэ нь төрийн эрх баригчид макро эдийн засаг, улсынхаа бодлогыг хэрхэн удирдаж буйн бодит илрэл.
ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСАГТ ХОНОЦЫН СЭТГЭХҮЙТЭЙГЭЭР ХАНДАЖ БАЙНА Б.БАТ (Дэд профессор, эдийн засагч)
-Засгийн газар одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд өнөөдөр бид болж байвал дараагийн Засгийн газар яах вэ гэсэн хоноцын сэтгэхүйтэйгээр хандаж байна.
Эцсийн эцэст Засгийн газрын өрийг иргэн бид төлөх учраас хариуцлагатай байх ёстой. Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт сонгуулийн дараа хамрагдахаас өөр аргагүй нөхцөл үүсэхээр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, зээл хумих зэрэг шаардлагыг тулгадаг. Засгнйн газар, Монголбанк задгай явж ирсэн бодлогоо ил гаргахыг хүсэхгүй, нөгөө талаас эрх мэдэл нь хумигдах учраас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах сонирхолгүй байна гэж би хардаж байна. Зээл хүсч байгаа улсын хувьд бид хүчин мөхөс байх нь тодорхой. Тиймээс ОУВС-гийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байж, 3-5 жилийн хугацаатай энэ хөтөлбөрт Засгийн газар нь хэлэлцээр хийсний дүнд хамрагддаг. Ирэх жилүүдэд дотоод санхүүжилт цалин тэтгэврээ хэрхэн тавих вэ, хувийн хэвшлийн өр, цаашлаад гадаад өрийн асуудал Засгийн газрын өмнө гарч ирнэ. Бондынхоо өрийг дахин санхүүжилт хийж, өрөөр өрийг дарах, эсвэл хугацааг нь сунгах нь манай улсын зээлжих зэрэглэл улам муудна. Энэ байдлаас харахад ойрын 3-4 жилд эдийн засгийн байдал улам хүндэрнэ.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: