Улаанбурханаар 70 гаруй хүүхэд амиа алдсаныг тас нууцалсан уу

1461659558571f27a611c7cУрд зүгээс угшилтай улаанбурхан өвчин улс орныг минь сүйрүүллээ хэмээн халаглаж, дээр дооргүй сандралдаж, уг өвчний тархалтыг бууруулж, зогсоохын тулд ХӨСҮТ-ийн эмч нар тамираа барагдтал ажиллаж, тэмцэж байгаа нь үнэн. Гэтэл энэ өвчний өвчлөл буурахгүй харин ч даамжирсаар уг өвчнөөр нас барсан хүүхдүүдийн тоо нэмэгдээд байна.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна. Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна. Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна. Мөн түүнчлэн ХӨСҮТ-д анагаахын оюутнуудыг дайчлан жижүүрт хонон ажлуулж байгаа юм.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулжээ. Харин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ярьж буйгаар амиа алдсан нялхсын тоо нэмэгдсэн гэдгийг хэлж байна. Гэвч хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн удирдлагууд болоод салбарын яамны удирдлагууд мэдээлэл хийхдээ “59 хүүхэд уг өвчнөөр эндсэн нь үнэн” гэх албан ёсны тайлбарыг өгсөн. Харин түүнээс хойш хэчнээн хүүхэд уг өвчний улмаас эндсэн гэх тоог хэлэхгүй байна.

ХӨСҮТ-ээс болохоор тооны араас хөөцөлдөх нь чухал биш ээ, хамгийн гол тархалтыг бууруулж, иргэдийг вакцинжуулалт идэвхтэй хамруулах нь чухал гэж яриад байгаа юм. Тэгвэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ярьж буйгаар “Эндсэн хүүхдийн тоо 70 хол гарсан. Холбогдох газруудаас нь нууцлаад байна. Саяхан хэдхэн хоногийн өмнө гэхэд нярай хоёр ихэр хүүхдийн нэг нь эндсэн. Мөн энэ сарын 22-23-нд шилжих шөнө гэхэд хоёр хүүхэд эндсэн. Ингээд хүүхдүүд өвчнөө дийлэхгүй, эмчилгээ авч чадахгүй эндээд байхад Эрүүл мэнд спортын яамнаас албан тоог нуух, нууцлах шаардлага баймааргүй юм даа. Эсвэл иргэдийг хямраахгүй гэсэн дээ хэн нэгнээс авсан нууц тушаал юмуу. Энэ айхтар өвчин чинь улс орны аюулгүй байдалд нөлөөлж заналхийлж байгааг эрх баригч, улстөрийнхөн мэдэж ойлгож байна уу” хэмээн халаглаж байна.

ХӨСҮТ-д нас барсан хүүхдийн тоог хэлснээс улс орон даяар буюу орон нутагт хэчнээн хүүхэд улаанбурхан өвчнөөр өвчилж нас барсан тоог мэдээлэхгүй байгаа юм. Түүнээс гадна Нийслэлийн 19 дүгээр сургуулийн нэг ангийн хүүхэд гэхэд бүгдээрээ улаанбурханаар өвчилсөн байдалтай байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд цусаар шээсэн хүүхэд цөөнгүй байгаа тул тэднийг яаралтай Сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн байгаа гэдгийг ч эх сурвалж хэлэв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих