Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж эхэлжээ
СБД-ийн I хороо, “Баянгол” зочид буудал, “Төгөл” хотхоны дундах дулааны шугамыг яаралтай засварлах болсонтой холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг нурааж эхэлсэн юм. Гэвч иргэдийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулж байгаа гэнэ.
Энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Өнгөрсөн оноос хойш хөөцөлдсний эцэст шүүхийн шийдвэр гарч ажлаа эхлэж байна. Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж байгаа нь хууль зөрчсөн зүйлгүй. Иргэдийн зүгээс мэдээж гомдол санал ирж байна. Тэрхүү гомдолд нь зохих хариултыг нь өгөөд буцааж байгаа. Иргэдтэйгээ харьцангуй ойлголцож болоод байна. Манай дүүргийн гэр хорооллоос бусад бүх газарт зөвшөөрөлгүй гараашууд их байгааг тогтоосон. Тиймээс шат дараатайгаар зөвшөөрөлгүй тоосгон гараашуудыг буулгах ажлыг зохион байгуулна” гэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд буулгасан гараашуудын оронд дахин шинээр гараш барих зөвшөөрөл олгохгүй ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: