Солонгосын хойгийн дайн
Энэ дайн бол Хойд Солонгос, БНХАУ-ын армиуд нэг талаас, нөгөө талаас Өмнөд Солонгос болон АНУ-ын арми Солонгосын хойгт хяналтаа тогтоохын төлөө явуулсан дайн юм. 1950 оны 6-р сарын 25-нд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт халдсанаар энэхүү дайн эхэлсэн. Хойд Солонгосын армийн довтлох санааг ЗХУ өгсөн хэмээн түүхчид ярьдаг нь ортой. Хойд Солонгосын цэрэг 38-р өргөрөгийг давж, богино хугацаанд давшин Сөүл хотыг эзлэн авчээ.
Энэ үед НҮБ-ын АЗ хуралдаж Хойд Солонгосыг түрэмгийллийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардав. НҮБ-ын гишүүн орнууд Өмнөд Солонгост тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд Англи, Филиппин, Турк, Грек, Бельги, Тайланд, Колумбын цэргүүд НҮБ-ын далбаан доор Өмнөд Солонгосын талд тулалдаж эхлэв. 1950 оны 7-р сарын 1-нд АНУ-ын 2 дивиз Генерал Дуглас Макартураар удирдуулан Сологосын хойгт буужээ. Эхний дивиз Хойд Сологосын армид бутцохиулж олон хүн олзлогджээ. Харин 2 дахь дивиз Өмнөд Солонгосын армитай хамт Пусан хотын хамгаалалтанд тулалджээ. Өмнөд Солонгосын бараг бүх газар эзлэгдэж ганцхан Пусан боомт л үлдсэн байв. Энэ үед Генерал Макартур нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь Инчонд десант буулгаж Хойд Сологосын армид цохилт өгөх байв.
АНУ-ын флот далайд хүчирхэг, Агаарын хүчин нь тэнгэрт ноёрхож байсан учраас ямар ч эсэргүүцэлгүйгээр Инчонд газардаж, улмаар Сөүлийг эзлэн авчээ. Пусаны ойролцоо байлдаж байсан Хойд Сологосын арми ар талаасаа таслагдаж, улмаар партизаны дайн өрнүүлэх болов.
1950 оны 10-р сарын 1-нд АНУ болон НҮБ-ын арми 38-р өргөрөгийн даван Хойд Солонгосын нутагт цөмөрч 10-р сарын 19-нд Пхеньяныг эзлэн, 10-р сарын 27-нд Ялузан голд тулж ирсэн ба Хятад-Солонгосын хилд ойртов. АНУ-ын энэхүү үйл ажиллагаа Хятадуудад таалагдаагүй, Хятадын нутаг дэвсгэрт халдахыг оролдож байна хэмээн үзэж Хятадын ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/ 500000 цэргээ оруулжээ. 11-р сарын 27-нд Хятадын арми Америчууд руу гэнэт довтолж тэднийг 38-р өргөрөгөөс урагш нь шахаж гаргав.
1951 оны 1-р сард ХАЧА болон Хойд Солонгосын арми Сөүл хотыг эзлэн авчээ. Харин 1-р сарын сүүлээр АНУ-ын 8-р арми сөрөг давшилтад орж 3-р сар гэхэд Хятад болон Хойд Солонгосын армийг 38-р өргөрөгийн ар талд гаргажээ.
Энэ үед АНУ-ын Генерал Макартур Хятадын хотуудад цөмийн цохилт өгөх саналыг гаргаснаар хэрэг жинхэнэ манджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Х. Трумэн АНУ-ын энэ үйл явдалд нь ЗХУ-ын эсрэг дэлхийн 3-р дайныг эхлүүлэх болно хэмээн үзэж Макартурыг албан тушаалаас нь буулган оронд нь Генерал Мэтью Рижуэйг томилжээ.
1951 оны 4-р сард Хятад-Хойд Солонгосын арми давшилтад орсон боловч амжилт олсонгүй. Дайны явцад байлдагч хоёр тал газрын минна их хэмжээгээр ашигладаг байв. Хятадын цэргүүд минны талбайгаар давшдаг байсан учраас хохирол ихээхэн амсдаг байжээ. АНУ-ын нисгэгчид агаар ноёлж байсан боловч Зөвлөлтийн нисгэгч нартай тулгарах үед байдал арай өөр байдаг байжээ.
ЗХУ-ын зүгээс Хойд Солонгост нисгэгчид болон байлдааны сургагч нарыг их хэмжээгээр илгээдэг байсан боловч фронтын шугамд хэт ойртож очихыг хориглодог байв.
1953 онд Д. Эйзенхауэр АНУ-ын Ерөнхийлөгч болсон ба талуудыг найрамдал байгуулахыг уриалж байв. 1953 оны 6-р сарын 27-нд гал зогсоох гэрээ хийгдсэнээр Солонгосын дайн зогсов. Ийнхүү 38-р өргөрөгөөр хилийн шугамыг тогтоож, урагшаа Өмнөд Солонгос буюу албан ёсны нэрээр БНСУ, харин 38-р өргөрөгөөс хойшоо Хойд буюу БНАСАУ улс байгуулагдав. 2 Солонгосын хооронд гал зогсоох гэрээ хийгдсэн байдаг ч гэсэн өдгөө хүртэл найрамдлын гэрээг хийгээгүй байдаг нь Солонгосын хойгийг яг л дэлбэрхэд бэлэн дарьтай торх болгож байгаа юм. Тиймээс энд байнга л асуудал үүсдэг.
Солонгосын дайны үед нийт 2,5 сая хүн амь алдсан байдгаас 1 сая орчим нь Хятадууд, хагас сая орчим нь Хойд Солонгосын цэргүүд, Өмнөд Солонгосын тал 300000 орчим цэргээ алджээ. АНУ-ын тал амь үрэгдсэн, шархадсан, ор сураггүй алга болсон цэргүүд нийлээд 110000 орчим болдог байна. Харин Хойд болон Өмнөд Солонгосын 60000 орчим энгийн иргэд энэхүү дайны хөлд эрсджээ.
Их гүрнүүд яг үнэндээ хоёр Солонгост нэгдэх нөхцлийг бүрэлдүүлэхийг хүссэнгүй бололтой. Солонгосын дайн бол 20-р зууны хамгийн утга учиргүй дайн болж түүхэнд үлдсэн юм. Өдгөө Солонгосын хойг нь дэлхийн хамгийн их цэрэгжсэн бүсүүдийн нэг болсон ажээ.
Эх сурвалж:
1. Барбара Демик. “Атаархах зүйл үгүй”
2. Б. И. Соколов. “100 великих войн”
URL: