“Барь, хорь, цагд” гэдэг тушаал л өгдөг болжээ
Монгол Улс ардчилсан орон болоод 26 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд төлөвшвөл төлөвшихөөр болсон. Хүнээр бол 26 жил төлөвшихөд хангалттай хугацаа. Харин Монгол Улсын хувьд яагаа ч үгүй байгаа бололтой, юм л бол барь, хорь, цагд, шалга, нэгж, шийтгэ, айлга гэдэг болж. Улстөр, бизнесийнхний буруутай ажиллагаанаас болж төр, түмэн хохирч, түүнээс нь болоод иргэд олон нийт бухимдахад буруутнууд бурууг өөрөөсөө хайхын оронд “Надруу зохион байгуулалттайгаар дайрлаа, би ямар ч буруугүй, намайг ингэдэг тэр хэн юм, нэр төрөө сэргээлгэнэ, хуулийн байгууллагад хандана” гэдэг. Саяхан л гэхэд, Сайханбилэг сайд Эрүүл мэндийн сайдыг томилохгүй байгаагаас чинь болоод улаанбурхан өвчнөөр олон хүүхэд нас барлаа хэмээх олон нийтийн бухимдлын дараа “Надруу зохион байгуулалттайгаар дайрлаа. Тагнуулын Ерөнхий газраар шалгуулна” хэмээн сошиал ертөнцийнхнийг айдаст автуулж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд ноцтойгоор халдсан.
Түүнчлэн сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн бухимдлын шалтгааныг олохын оронд тэднийг “лаларууд” хэмээн ил цагаанаар доромжилдог болж. Энэ мэтчилэн хэлтэй амтай явсаар сонгууль хаяанд туллаа. Энэ үед эрх баригчдаас бололтой хууль, хүчний байгууллагад дээрээс “Хамаагүй шууд шалга, хорь, барь, айлга” хэмээх чиглэл өгснийг эх сурвалжууд маань хэлж, болгоомжтой байхыг санууллаа.
Тэгвэл дөнгөж саяхан шахуу ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газраас тандалт хийх нууц тасаг байгуулсан байна. Энэ тасаг нь сонгууль ойртсон, АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор жагсаал цуглаан гарах, олон нийтийг хамарсан үймээн самуун болохоос сэргийлэх цаашлаад олон нийтийг эрх баригчдын эсрэг уриалж болзошгүй хүмүүсийг илрүүлэх, сошиал ертөнцөд хэн их эрх баригчдыг муулж байгааг олж тогтоох зорилготой аж. Энэхүү тасгийг түр хугацаанд байгуулж байгаа бөгөөд сонгуулийн дараа татан буулгана. Харин ажилтнуудыг нь Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдаас бүрдүүлсэн аж.
Гэхдээ эрх баригчдын “барь, хорь, цагд, шалга” гэдэг тушаал зөвхөн энгийн иргэдэд л үйлчилж, эсрэгээрээ эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын өмнө сөхөрч байна. Үүний шинэхэн жишээ нь, Г.Дэнзэн, Л.Гансүх, Н.Энхбаяр нарын хүмүүс болж, өршөөгдөх нь бараг тодорхой боллоо.
URL: