Шалгалтын синдромоос төрсөн ажилгүй “Дипломтонгууд”
Хавар бүр л төгсөлт болж шалгалтын синдром хөдөлдөг. Гэхдээ энэ жил төгсөж байгаа мянга мянган залуусыг өрөвдмөөр ч юм шиг. Тэднийг ажилд шинээр авах албан байгууллага байхгүй л болов уу. Учир нь эдийн засгийн хямрал, улс төрийн бужигнаан, сонгууль, улсын өр гээд компаниуд үй олноороо хаалгаа барьж байгаа үе шүү дээ. Сураад төгссөн шинэхэн боловсон хүчнүүдэд буруу байхгүй л дээ.
Эцэг, эх, гэр орныхныгоо 4-8 жил зовоож төгссөн иргэн ажилгүй нийгэмд “лааз” өшиглөхөөр бэлтгэгдэж байна. Гэхдээ шинэхэн төгсөгчид юу ч хамаагүй хийх л хэрэгтэй. Заавал дипломын дагуу ажиллана гэвэл хэдэн жил ч ажилгүй сууж магадгүй. Хүн ажлыг голохоос ажил хүнийг голдоггүй юм гэдэг. Тиймээс наймаа, хувийн бизнес, өөр ажил, хог цэвэрлэх, сонгуулийн ухуулагч, малчин, гутал тослогч, ачаа зөөгч гээд та гарт тааралдсанаа хийх хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг юм.
“Залуу хүн завгүй тусмаа гялалздаг” гэдэг байхаа. Гэртээ дөрвөн хана ширтэн ар гэрийнхэндээ “ад үзэгдэж” байхаар цөөхөн ч болов авдаг хэдэн төгрөгтэй ажлыг хэсэг ч болов хийгээд үз. Ядахдаа л нийгмийн даатгал төлөгдөж эхэлнэ. “Муу ажил гэж байдаггүй муу хийсэн ажилтан” гэж байдаг гэдэг байхаа. Энэ жил хөдөө орон нутгийн зам барилга, уул уурхайн ажлууд нэлээд сонсогдож байгаа.
Та хайгаад нэг үзээрэй. Сургалтын төлбөрийн дарамтанд орсон гэр бүлээ бага ч гэсэн цалинтай ажил түр хийж “ачаанаас” нь хөнгөлөөрэй. Насан туршид чинь эдийн засаг хямралтай улс нийгэм “дорой” байхгүй. Тиймээс өөрт таарсан ажлаа гололгүй олж хийгээрэй.
Энэ жил мэргэжилтэн болон бэлтгэгдэж байгаа шинэхэн боловсон хүчнүүдэд сонгуулийн ухуулагчийн ажлыг төлхүү өгвөл яасан юм бэ? Оюутны ширээнээс зөв бичиж, зөв ярьж чадахгүй төгсөж байгаа иргэдэд жинхэнэ дадлага болох юм бишүү.
Б.Саран
URL: