ОЮУТНУУДАА. Жагсах яах вэ, хичээлээ л давт

Олон нийтийн харилцааны томоохон хэрэгсэл болох Фэйсбүүкээр дамжуулан МУИС-ийн оюутны холбоо нийт оюутнууддаа хандаж жагсаал хийхийг уриалсан бололтой. Тэдний жагсаал хийх шалтгаан нь лав л эхний ээлжинд унасан хичээлийнхээ кредитийг бүтнээр төлөх үү, актлагдсан байранд хичээллэх нь зөв үү гэх мэт байж. Мэдээж тэдний жагсаал болдгоороо болоод өнгөрсөн биз. Харин Оюутны холбоод зүгээр хичээлээ хийгээд явж байгаа оюутнуудыг ингэж аар саархан зүйлээр далимдуулан жагсаал цуглаанд уриалах нь хэр зохимжтой байдаг юм бол доо.

Нэг талаас нь харахад чөлөөт ардчилсан нийгэмд жагсаал цуглаан хийх нь эрхийн асуудал мэт боловч нөгөө талдаа арай өөр. Төр засаг чинь оюутан та нарт зориулж сар бүр 70 000 төгрөг өгдөг болох гэж байна. Энэ нь нийтдээ 130 орчим тэрбум төгрөг. Бас сургалтын төлбөрийн чинь бараг тал хувийг төлж өгч байна. Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиж байгаа. Ингээд байхад та нар зөвхөн сайн сурахаа урьтал болгох хэрэгтэй биш үү. Ер нь оюутнууд та нар энэ мэтээр мөнгө авсаар хэтэрхий үлбэгэр, сул дорой болоод байх шиг. Алба аятай хичээлээ тасалж, зугаа цэнгэл хөөж яваад шалгалтандаа уначихаад дараа кредит цагийн төлбөрөө төлөхгүй ээ гээд байгаа чинь хэр зөв юм бэ. Сайн боловсролыг хичээл зүтгэлээр л олж авна. Оюутны холбоод өөр хийх ажил мундсан биш ингэж жагсаал цуглаан хийж байхаар наад оюутнуудаа хичээлийг нь хийлгэж, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй дээ. Олон шилдэг оюутнууд гадны тэмцээн, олимпиадад амжилт үзүүлж байна. Ядаж л тэд нарыгаа нийгэмд таниулж, авьяасыг нь үнэлэхээс эхлээд хийх ажил их л байгаа харагдах юм.

Я.БАЯРБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих