Офшор гэх үл ойлгогдом үг ба С.Баярцогтын заль
С.Баярцогт офшор дансанд сая доллартой…. Офшор данс бол нууц данс. Нууц дансанд сая доллар нуусан байна. Оюутолгойн гэрээнээс “Эх орноо” зарж олсон мөнгөө гадаадад нууц дансанд байрлуулсан байна гэх мэтчилэн яриа олны амнаас ам дамжин түүнийг үзэн ядагчдын давлагааг хуйлруулан ихээхэн хүчийг авч байгаад намжсан. Энэ асуудал босч ирэхдээ УИХ-ын дэд даргын суудлыг хөмрүүлж орхисон. “Муу нэр мянга хусавч арилахгүй гэдэгчлэн” сонгуулийн сезон эхэлж байгаатай холбогдоод С.Баяцогтын сая долларын данс дахиад олны сэдэв, амны зугаа, хар пи арын амттайхан өгөөш болж байна. Гэхдээ сая долларын дуулианыг хүч нэмэгдүүлж байгаа нэг зүйл нь офшор гэх гадаад үг. Нэг л бүрхэг, санхүүгийн нарийн нууц үг мэт санагдана. Ихэнх хүн энэ үгний шууд утгыг мэдэхгүй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдагчлан энэ дансны утгыг мэдэхгүй хүмүүс С.Баярцогтын гол асуудлыг өлгөн авч чадалгүй наагуур нь хийдүүлээд, хөөсрүүлээд байгаа талтай. Офшор гэдэг үгийг анхнаасаа нууц данс гэж орчуулсан нь энэ бүхний эхлэл болсон. Нууц данс гэхээр нууц мөнгө гэж санагдана. Нууц мөнгө гэхээр хууль бус орлого, цаашлаад авилгал гэсэн сэжиг төрүүлнэ. Мэдээж 24 наснаас хойш төрийн ажилд махарч явсан этгээд сая доллартой байна гэдэг сэжигтэй зүйл. Тэр хэрээрээ түүний гэх байгууллагуудад тусгайгийн гучин залуу оруулж санхүүгийн шалгалт хийхэд буруудахгүй л болов уу. Өөрөө бол 250 мянгаар дөрвөн найз нийлж компани байгуулсан гээд байгаа. Уг нь бол 250 мянган доллар гэдэг манайд байтугай баян тансаг Америктаа ч их л тоо. 44 жил Монголын төрийг атгасан их удирдагч Ю.Цэдэнбал хаан сэнтийгээс буухдаа хэдэн хайрцаг номоос өөр эд хөрөнгөгүй байсан гэж ярьдаг. Төрийн хүнээс ийм л чанарыг Монголчууд хүсэж хүлээж байгаа. 20 гаран жил төрийн ажилд нухлагдсан, Сэлэнгэд тариалангийн компанитай этгээд хэрхэн 250 мянган доллароор хувь нийлүүлж чадав? Олон асуултын хариуг тодорхой ойлгомжтой өгөх хэрэгтэй. Хулгай хийгээгүй, авилгал аваагүй бол айх юмгүй нүүр бардам шалгуулаад, тайлбарлаад явчхаж болно. УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн төдийгөөр хариуцлагаас, асуултуудаас бултаж болохгүй. Ядаж байхад нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж нэг үг бий. УИХ-ын дэд даргын суудлаа ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргын суудлаар сольсон төдий харагдахаас биш хариуцлага үүрч албан тушаалаа өгсөн гэж яавч санагдахгүй байна. Гэхдээ энд түүний асуудалд олон талаас хандах үүднээс офшор дансны тухай багахан мэдээлэл оруулах нь зүй биз. Офшор гэх бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны ойлголт юм. Маш бага татвар, хураамжаар олон орны бизнес эрхлэгч нарыг татах офшор бүс бол тухай орныхоо эдийн засагт ч үлэмж хувь нэмэр оруулдаг. Өнөөдөр дэлхийн хамгийн баян орнуудын нэг гэгдэх Люксенбургийн вант улс маш таатай орчин бүхий офшор бүс байгуулж чадсаныхаа ачаар өдий зэрэгтэй яваа гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу. Офшор данс бол нууц данс гэдэг тайлбар нь өөрөө үнэнийг хэлэхэд ойгүй тэнэг ойлголт. Офшор мөн бусаас үл хамааран хувь хүний эзэмшдэг ямар ч данс тэртээ тэргүй нууц байдаг. Хүний нууцыг хуулиар хамгаална гэсэн үг бий юм шүү. Жишээ нь иргэн Ч-гийн “Голомт банк”-н дахь данс зөвхөн тухайн хүн, банк хоёрын л мэдэх ёстой нууц. Дэлхийн аль ч банкны систем хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламжийн хэмжээ, нэр усыг зарладаггүй. Шилэн данс гэх үг хувь хүн, хувийн байгууллагад байдаггүй нь ийм учиртай. Харин Монгол болон улс төрийн хараат, тогтворгүй улсад банкны дансны мэдээллээ найдвартай нууцлагдаж чадна гэх баталгаа ховор. Нөгөө талаас зарим нэг улс хадгаламжаас татвар авдаг. Энэ зэрэг шалтгаануудаас офшор дансны хэрэгцээ шаардлага үүсэн гарч тэр даруй эрэлттэй бизнес болсон хэрэг. Харамсалтай нь дансны мэдээллээ үнэхээр нууцлах хүсэлтэй хүн нь яав ч зүгээргүй этгээд байдаг нь сүүлийн үед олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ухан гаргаж буй баримтуудаас харагдана. Дэлхийн том том орнуудын улс төрийн том том тоглогчид офшорт мөнгөө “нуужээ”. Түүнээс гадна алан хядах байгууллагууд, хар тамхи, хүний наймаа болон зүүн европын хуучин коммунист орны удирдагчид. Тэд мөнгөө офшор дансанд нууна. Офшор бүст мөнгө угаасан компани байгуулна. Энэ үүднээсээ офшор систем гэх эрүүл саруул татвар, хураамжийн тогтолцоо, зах зээлийн инкубатор гэгч нь өөрөө дэлхий дахины бузар булайг нуун халхлах тогтолцоо болж хувирсан нь анзаарагдана. Өнөөдөр дэлхий даяар офшор данстай нэр холбогдсон төрийн түшээд ёс зүйн хариуцлагаа ухамсарлан улс төрөөс гарч байна. Нэр холбогдож, улс төрөөс буусан тэр бүх хүний мөнгө хууль бус байсан гэж үзвэл эндүүрэл болно. Зүгээр л энэ бол дэлхийн улс төрд буй ёс зүй, хариуцлагын жишиг юм. Энэ жишгийн дагуу улс төрөөс гараа С.Баярцогтоо. Таны мөнгө цэвэр үгүй нь хамаа алга. Танаас илүү нэр цэвэр, чадал арвин улс төрч Халхын хавтгайд олдож л таарна.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бурхан баярцогтыг биш харин түүний гэр бүл үр хүүхдийг гэсгээх болно. Энэ л хамгийн аймаар