Ц.Ганхуяг: ИЗНН мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан

4cc2deb3ea8f8377404956bcf7a1b9b6

ИЗНН-ын зүгээс Үндэсний хорооны хурлаа маргааш буюу Бямба гарагт хийхээр товоо зарлаад буй. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Үндэсний хорооны  хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудлуудын талаар?

- Сонгуулийн хууль, дагаж гарсан журмуудад зааснаар энэ сарын 20-ноос өмнө улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгуулагад хүргүүлэх ёстой. Аудитын байгуулага мөрийн хөтөлбөрүүдийг хянаж үзсэнээр хориглосон амлалтууд байгаа эсэх, төсвийн  тогтвортой байдлын хуулиас хальсан асуудлууд байна уу гэдгийг нь  шалгана. Үүнийг дагуу ганцхан манай нам ч биш бусад намууд мөн хуралдаа зарлаад байна. Нэг ёсондоо хурлаар сонгуульд хэрхэн яаж оролцох уу гэдгээ тодорхойлно гэсэн үг. Тэр дундаа манай намын хувьд дангаараа орох уу, эвсэх үү гэдгээ шийднэ.

ХҮН болон бусад нэр бүхий намуудаас танайд эвсэх санал тавьсан. Одоогоор ажлын хэсгүүд дүгнэлтээ эцэслэн гаргасан уу? 

- Манай нам ХҮН-тай эвсэх асуудлаар уулзалтууд хийж байсан. Энэ бол бүр цагаан сараас өмнө яригдсан асуудал. Сүүлийн үед ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн, энэ ажил түр зогсчихоод байна. Мөн МҮАН, Эх орон намуудаас эвсэх санал ирсэн. Өөр улстөрийн намууд бас эвсэх байдлаар хамтран сонгуульд орох асуудал яригдаж байгаа. Энэ бүх саналуудыг хурлаар яриад эвсэхээр бол эвслийн гэрээ хэрхэн хийх,  сонгуульд яаж оролцох уу гэдгээ  тодорхойлно.

Тэгэхээр эвсэх эсэхээс шалтгаалж, мөрийн хөтөлбөрийн жанжин шугам гарч ирнэ гэсэн үг үү?

- ИЗНН сонгуульд дангаараа оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулчихсан байгаа. Ганц манай нам гэлтгүй, бусад намууд ч мөн тийм байгаа байх. Хэрэв эвсэх тохиолдолд нөгөө талтайгаа суугаад нийлэх асуудлуудаа нэгтгэж, харилцан ярилцах зүйл дээрээ санал солилцох  замаар мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн үг. Гэхдээ үүнийг нам намын төлөөллийн байгууллагууд, манайхаар бол Үндэсний  хороо  нь мөрийн хөтөлбөрөө нэгтгээд батлах замаар процесс явагдана.

ИЗНН  дангаараа боловсруулсан мөрийн хөтөлбөрийн гол агуулгын талаар цухас мэдээлэл өгвөл?

- Би мөрийн хөтөлбөрөө задруулж ярих эрх байхгүй. Ажлын хэсгийн хүрээнд боловсруулагдаж, улстөрийн зөвлөлөөр орж, Үндэсний хороонд хэлэлцэгдэх учиртай. Тийм  учраас бидэнд бас нууцлах асуудал байна. Ерөнхийдөө төсвийн тогтвортой байдлын  тухай хууль, Үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийн гол санаа нь Монгол төрд үнэхээр хямрал нүүрлэсэн байна, энэ төрийг засаж сайжруулах,  тогтвортой, хүчтэй чадварлаг болгох зорилтод зангигдсан гэж болно. Ер нь дээрээ суудлаа олохгүй доороо гүйдлээ олохгүй гэдэг үг бий. Одоо энэ үг байнга  давтагдаж байгаа. Уг нь өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэтэл манайд өөрийгөө засахыг өөртөө эд хөрөнгө цуглуулж, баяжих гэж ойлгоод байдаг. Тэр сургаалийн мөн чанар нь зөв хүн болж төлөвшсөнөөр өөрийгөө засах  хэлбэр гэж үздэг. Зөв хүмүүжил, үзэлтэй хүмүүс улс эх ороныхоо төлөө ажиллахдаа хүрвэл зөв оюун санаатай байдаг. Харамсалтай нь буруугаар ойлгоод гурван баяны эрдэм мэдлэг, үр хүүхэд, эд хөрөнгө гурвын хамгийн сүүлийнхийг нь чухалчилсаар байна. Яг ийм хүмүүс улстөр лүү зүтгэх, өөрийгөө  зөвтгөх гэж дайрдаг гэхчлэн төрд засах зүйлүүд зөндөө байна.

- ИЗНН дангаараа сонгуульд оролцсон тохиолдолд гишүүнчлэлийн хүрээнд бүх аймаг, дүүргүүдэд нэр дэвших боловсон хүчний нөөцийн хувьд боломжтой юу?

- Бид хуучин гишүүнчлэлээ бүртгээд л айхтар яваг болсон. Одоо бол гишүүнчлэлийг нэг их шүтэхээ больсон. Сүүлийн үед намууд  гишүүдээрээ уралдаад, гэтэл үнэн хэрэгтээ 200 мянган гишүүн бйна уу үгүй юу гэдэг асуудал хүртэл яригддаг. Энэ гажуудлыг ч гэсэн бусад намууд анзаарч байгаа байх. Тиймээс ч бид хатуу гишүүнэчлэлээс татгалзахыг уриалдаг. Энэ утгаараа өмнөх сонгуульд манай намыг хичнээн хүн дэмжсэн бэ гэдэг тэр статистимкийг түлхүү барьдаг. Биднийг өмнөх сонгуульд манай намыг  67 орчим мянган хүнд эмжсэн. Тэгэхээр бид ИЗНН 67 мянган дэмжигчтэй гэж ойлгож байгаа.

Хуулийн хүрээнд бидэнд  хангалттай гишүүд байна. Бид бүх аймаг, дүүрэгт намын хороодоо ажиллуулж байна. Бид нар 16 жилийн турш сонгуульд оролцож байна. Тасралтгүй шүү. Ийм  гурван нам байдаг, тэдний нэг. Бүлгийн хэмжээнд хүрээгүй ч гэсэн төлөөллөө хадгалаад явдаг. Орон нутгуудад Иргэдийн хурлуудад гишүүд маань сонгогдоод ажилладаг байгаа. Нэг ч сонгууль таслаж үзээгүй намын хувиар бидэнд бүх аймаг, дүүрэгт нэр дэвшигчдээ илгээх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

ИЗНН  сүүлийн 16 жилийн  турш сонгууль алгасахгүй оролцсон хэдий ч бүлэг байгуулах хэмжээнд суудал авч байгаагүй учир хэт бөөрөнхий, тодорхой шийдэлд нөлөөлөх чадамжгүй явсан ирсэн гэж шүүмжлүүлдэг. Энэ удаагийн сонгуульд  улстөрийн хэд хэдэн намтай эвсэх замаар бүлэг байгуулах зорилт тавьж байгаа гэж ойлгож болох уу?

- Бид одоо байгаагаасаа илүү амжилтай байдлаар сонгуульд оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгж л хариулна. Хамгийн гол нь  уг ийм хуулийн орчинд  аль болох намууд эвсэж, хамтарч орвол их зүгээрбайна. Тэр зарчмыг барьж байгаа учраас манай намын хувьд бусад улстөрийн намуудтай уулзах, яриа хөөрөө хийх, ажлыг нэлээд эрчимтэй явуулж байгаа. Үнэхээр бүлэг байгуулж чадахгүй бол буруу явж байгаа үйл ажиллагаа, төрийг засах, Үндэсний эрх ашгийн асуудлуудыг шийдэж чадахгүй  хэвээрээ л үлдэнэ. Эцэст нь энэ бүхэнд иргэд хохиросоор байгаа.

АН-тай нэгдэх асуудлыг танай намын зүгээс боломжгүй гэж үзэн байр сууриа нэтгэчихсэн юм уу?

- Ер нь бол энэ асуудал  байхгүй болсон. Цаг хугацааны хувьд ч гэсэн боолцоогүй зүйл. Манай нам дотор энэ асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагууд болсон. Гишүүд тийм ч таатай хүлээж авахгүй  байгаа.Нэгдэхээс бусад хэлбэрээр АН-тай хамтрахад нээлттэй. Нэгдэх асуудал бол дэмжигдэхгүй.

Жагсаалтыг танай намын зүгээс хэрхэн баримжаалж байгаа юм бол?

- Бид  таван хувийн босгоо давах хэрэгтэй. Тойргоос гишүүн нь сонгогдсон байх ёстой. Энэ хоёр гол шалгуур буюу МАНАН-гийн нөхдүүдийн хийсэн заалт байна. Одоо харин үүнийгээ болих асуудал ч сөхөж байх шиг. Жижиг 76  болно гэдэг ч юм уу, ер нь манай төрийн бодлого маш их савлагаатай байгаа учраас  тодорхойлж ярихад хэцүү. Намууд  хурлаа зарлачихсан байдаг. Нөгөө талд нь сонгуулийн хуулийг өөрчлөх гээд бужигнаж  байна. Тэгэхээр эвсэх, дангаараа орохоос хамаараад жагсаалтын тоонууд их хэлбэлзэх байх. Ямар ч байсан бидэнд хангалттай боловсон хүчин байгаа.

Өмнөх сонгуулийн хуулиудаас сурталчилгаа хийх хугацаа богиноссоор байна. Энэ нь өөрөө жижиг намуудын хувьд хэт халгаатай гэж үзэх нь бий?

- Бидний байр суурь маш богино хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулах биш, урт хугацаанд иргэд сонголтоо хийхүйц мэдээлэл олгохоор сурталчилгааг явуулах хэрэгтэй гэж үзэж байсан. Одоо ч хууль өөрчлөгдөх талаар яригдаж л байна. Гэтэл арван хэдхэн хоногийн сурталчилгааны хугацаанд олны танил бус хүмүүс гарч ирэхэд  төвөгтэй болж байна. Уг нь сайн, чадварлаг улс өчнөөн байгаа. Энэ нь өөрөө иргэд зөв хүнээ сонгоход нэг талаараа хуулиар саад учруулж байгаа хэлбэр. Ардчилал хөгжсөн гээд жишээ аваад байгаа Америкт л гэхэд хоёр жилийн  хугацаанд рөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил явагдаж байна. Нам дотроо өрсөлдүүлж,  тэгээд орон даяараа өрсөлдүүлнэ. Энэ хооронд тэр хүн ямар үзэл бодолтой, юу бодож санаж, төлөвлөж байга юм гэдийг сонгогчид таньж мэдсний үндсэн дээр саналаа өгөх эрхтэй. Сонгогч хэдхэн хормын хугацаанд төрөө барих эрхийг саналын хуудсаар дамжуулан эдэлдэг.  Тэр  эрхийг нь олгохын тулд урт удаан хагцаанд сурталчилгаа  явагдаж байх учиртай. Заавал тийм их зардал шаардахгүйгээр намууд мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцээн явуулж, маргалдаж болно шүү дээ. Одоогийн энэ хуулинд сонгогчдыг мэдээллээр хангах ямар ч бололцоог олгохгүйгээр хаасан. Энэ нь өөрөөолны танил хэдхэн хүн дахиад сонгогдох тактикийн байдлаар сонгуулийн хууль хийгдсэнийг харуулж  байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа. 


URL:

Сэтгэгдэл бичих