Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадаж байна уу

2991Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль:

3 дугаар зүйл. Ерөнхийлөгч

1.Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

2.Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.

3.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээн хуульчилсан байдаг.

Ийм үүрэгтэй Ерөнхийлөгч маань энэ үүргээ биелүүлж чадаж байна уу. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадаж байна уу гэдэг их эргэлзээтэй болж орхилоо. УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол намуудыг хагалган бутаргагч, улс орны бус өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллагч, увайгүй бодлого гаргаж байна гэхчлэн ярьж эхэлсэн нь ийнхүү эргэлзэхэд хүргэж байна. Парламентад суугаа, эрх барьж буй гишүүд нь яагаад Ерөнхийлөгчийг ингэж шүүмжлэх болов.

Улстөржсөн намуудыг эвлүүлж нэгтгэх, нэг эрх ашгийн төлөө ажиллах нөхцөлөөр Ерөнхийлөгч хангаж, тэдэнд дэмжлэг үзүүлэх ёстой ч, хөшигний цаана арай өөр тохироо, өөр үйл явц өрнөж байгааг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг лав дэлгэсэн. Үүнийх нь хариуд түүнд ямар нэг дайралт ирж мэдэх юм шүү гэдгийг ч сануулаад авсан. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг иймэрхүү үйлдэл гаргадаг болохыг тэр нотлох гэв үү гэж бодоход хүргэсэн юм. Улсын хувьд сонгууль ойртож, улам л улстөржсөн яриа, шүүмжлэл гарч байна. Энэ байдлыг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд зөөлрүүлэх учиртай санагдана. Гэвч өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар. Магадгүй УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч рүүгээ үг дайж байгаагаас харахад тэр ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадахгүй байгаад учир байх шиг.

М.Төр


URL:

Сэтгэгдэл бичих