Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫГ АН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮҮ

e068a237-0508-4ed9-92c4-d21ac6870eadОлон нийт АН-ын дотоод зөрчил тэмцэл хурцадлаа хэмээн дээгүүрх хэдэн хүмүүс болох тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг хараад байна. Тэднийг харах нь зүйтэй, зөвхөн тэд л АН-ын гишүүд биш хамгийн гол тоглолт бусад идэвхтэй гишүүдийнх нь хүрээнд л явагдана.

Тиймээс эдгээр нэр дурдсан хүмүүсийн доод хүмүүс нь ч гэдсэндээ хөлөө жийлцэхийн хамт болж л өгвөл дээдсийнхээ маргаан, тэмцлийг улам л өрдөхийг бодож байх шиг.

АН-ын гол нүүр царай болох лидерүүд нь одоогоор хоёр гурван талд гараад хоорондоо үзэлцэж эхэлсэн. Тэгвэл тэдний доорх нөхдүүд ч яг дарга лидерүүдээ даган байлдаж байна гэсэн үг л дээ.

Энэ дунд АН-ынхан одоо Засгийн эрх барьж байгаа Ч.Сайханбилэг, түүний салшгүй анд С.Баярцогт нарт үнэхээр аллергитэж байгаа нь тун тодорхой байна.

Эдүгээ АН-ыг цаашлаад Монголын төрийг хуваачихсан мэт харагдаж буй Х.Баттулга “Жудагт Монгол” хэмээх хөдөлгөөний цуглаан дээр үг хэлэхдээ 10 гаруй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй байхыг уриалсан. Түүн дунд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын АН-ынхан байсан.

Тэгвэл өчигдөр бас нэг хэсэг нөхдүүд хэвлэлийн бага хурал хийж Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг УИХ-ын сонгуульд дахин бүү нэр дэвшүүлээч хэмээн АН-ын дарга З.Энхболдод бичиг явуулж байгаа тухайгаа мэдэгдлээ.

АН-ынхан дундаа “тарвага” Ж.Батболд гэгддэг тарвага судлаач байсан дараа нь Н.Алтанхуягийн зөвлөх, түүний “Шинэчлэлийн” Засгийн газрын үед БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласан нөхөр тэргүүтэн уг мэдэгдлийг хийсэн. Тэр бол мэдээж Н.Алтанхуягийн “Алтангадас” фракцийн гишүүн билээ.

Ингээд харахаар эдүгээ АН дахь хүчний хуваарилалтаар З.Энхболдын “Шонхор”, Х.Баттулгын МоАХ, Н.Алтанхуягийн “Алтангадас” нэг цэг дээр ирж байх шиг. Тэдний эсрэг талд Ц.Элбэгдоржийг өмнөө барьсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар болон тэдэнтэй нэг завинд суусан Г.Батхүүгийн байгуулсан МоАН санаачилга зэрэг байгаа бололтой.

Энэ байдлаас харвал ирэх амралтын өдрүүдээр болох АН-ын ҮЗХ-ны хурал тун их хэл ам, хэрүүл тэмцэлтэй болох магадлал өндөр байна. Тиймээс аль аль тал нь нэгнийгээ унагахын тулд наана нь ийм их хэрүүл шуугиан тарьж байгаа бололтой.

Үүнээс гадна, тун удахгүй МЗХ УИХ-д нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн хар жагсаалтаа зарлана. МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Засгийн газрын тэргүүн нарын “номын дүү” гэгдэж ирсэн нэгэн.

Энэ нь нөлөөлсөн үү хамгийн эхлээд зарласан “10 том хулгайч”-ийн нэрс дунд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын нэр байхгүй байна билээ.Үүнд олон хүн гайхаж байгаа. Учир нь С.Баярцогт бол эхний 10 дотор ч хамгийн дээгүүр орох хүн гэх яриа дуулдсаар байна. Гэхдээ тэдний нэрийг уг хар жагсаалтдаа оруулахгүй бол хэний эсрэг ажиллаж байгаа санаа нь илрэх учир ёс төдий оруулах байх гэлцэж байгаа юм.

Үүнээс гадна АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо ч намаасаа сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргаж, намынхаа удирдлагад явуулна гэсэн. Сураг сонсоход тэд ч гэсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогтыг уг жагсаалтдаа оруулах бололтой.

Энэ бүхнээс харахад Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт АН-ын гишүүд хамгийн их дургүйцэж байгаа нь харагдаж байна.

Г.Самбаа


URL:

Нэр: зочин Огноо: 13 April 2016

хужаа нарыг нутагт нь буцаа

Сэтгэгдэл бичих