Бууны овоо хараан доорхи ард түмэн

2013

Монголчууд бид бие биерүүгээ буу чиглүүлэх нь битгий хэл хутга ч далайдаггүй ард түмэн.

Гэтэл ардчилал, хүний эрх, эрх чөлөө яригч эрх баригчид ард түмнийхээ толгойд бууны ам “тулгаж”, эртнээс нааш нэг нэгэн дээ хүйтэн зэвсэг далайдаггүй Монголчуудын цээрлэх ёсонг уландаа гишгэв. Өчигдөр өдөр 16:00 цагийн үед цагдаагийн тусгай хүчнийхэн Баянгол зочид буудлыг бүсэлж УИХ-ын Х.Баттулгын оффисыг нэгжиж, компанийг нь шалгах үйл ажиллагаа явуулсан.

“Санхүүгийн шалгалтыг татварын болон аудитын байгууллага л хийдэг. Хуулиараа бол цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд шалгалт хийж болдог. Гэхдээ тусгай хүчнийхэн шалгалт хийх ёсгүй. Тэднийг онц аюултай, эсэргүүцэл үзүүлж болзошгүй гэмт этгээдийг баривчлахад л ашигладаг” хэмээн Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тэрбээр мөн “Хамгийн ноцтой нь Баянгол зочид буудлын урд талын Гэрэг цамхаг дээр мэргэн буудагч байрлуулсан байсан. Эндээс үзэхэд ард түмний эсрэг эсвэл тэнд цугласан хүмүүсийн эсрэг зэвсэг хэрэглэхэд бэлдсэн байсан гэсэн үг. Шалгалт хийхээр ирэхдээ цагдаа, тусгай хүчнийхэн буу зэвсэг агсаж, тоноглосон байгааг хэн ч харсан ноцтой байдал үүсчээ гэж ойлгоно. Тэнд жүдочдоос гадна эх орныхоо төлөө санаа зовдог хүмүүс нэлээд ирсэн. Энэ үйл явдлыг миний хувьд шалгалт биш өөр зорилготой ажиллагаа буюу дайчлан баривчлах ажиллагаа явуулах гэж байсан гэж үзэж байна гэсэн юм”.

Өөрөөр хэлбэл, өчигдөр Баянгол зочид буудлын урд очсон жирийн иргэд, ард түмэн мэргэн буудагчийн овоо хараан доор байсан гэсэн үг. 2008 оны 7 сарын 1-ний шөнө ард түмнийхээ эсрэг гал нээж, гартаа зэвсэггүй таван сайхан залууг хөнөөчихөөд уучлалт ч гуйгаагүй байгаа төр засаг энэ мэтчилэн жирийн иргэдийнхээ эсрэг бууны ам чиглүүлсээр байх уу.

Хөөрхий дөө, бууны хараанд орсон бугыг хайрлаад гохь дарж чаддаггүй нэгэн байхад бусдын амийг юман чимээ тоохгүй хэсэг байх юм.

Ингэж иргэд бидний тархинд бууны ам “тулгаж” байгаа нь үнэхээр айдас хүргэмээр зүйл мөнөөсөө мөн. Ард түмнийхээ тархинд буу “тулгадаг” энэ мэт үзэгдэл өнгөрсөн хугацаанд нэлээд хэд гарлаа. Нийслэлд зохиогдсон Ардчилсан орнуудын сайд нарын уулзалтаас хойш дээвэр дээрх мэргэн буудагчийг зөндөө л үзлээ, харлаа.

Энгийн иргэдэд харагддаг энэ мэт мэргэн буудагчид нь тэгээд гэнэтийн аюул ослоос удирдагчдыг, иргэдийг хамгаалж чадах болов уу. Хэн дуртай нь харчихдаг мэргэн буудагчид ядаж нууц байдалд ажиллах ёстой биз дээ. Ямартай ч, төр засаг хэн дуртайгаа овоо хараандаа оруулж тархинд нь буу “тулгадаг”, мэргэн буудагчид нь хэн дуртай руугаа бууныхаа амыг чиглүүлж, овоо хараандаа оруулдаг байж болохгүй л байх.

 

Төгс

 

 


URL:

Сэтгэгдэл бичих