Ж.Батмөнхийн тухай уран бүтээл нээлтээ хийх гэж байна

1460353403570b397b1d3d5Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны  ажил, амьдарлын тухай өгүүлсэн “Бүү март” уран сайхны кино энэ сарын 15-ны өдөр 18.00 цагаас “Хүннү молл”-д нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Бүү март” киноны уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Уг киноны ерөнхий найруулагч А.Мөнхсүх хэлэхдээ “Хүмүүн фильм ээлжит уран бүтээл болох “Бүү март” уран сайхны киногоороо үзэгч түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Бидний гурван жилийн хүч хөдөлмөр өнөөдөр кино болон биежиж, дэлгэцэнд гарах гэж байна. Одоогоос гурван жилийн өмнө зохиолч Ж.Мөнхбат бид хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тухай түүхэн кино хийхээр ярилцсан.  Манай кино уран бүтээлчид монгол хэв шинжит дүрийн тухай их ярьдаг. Хятад хүнийг багаар ажиллах чадвартай, герман хүн цаг сайн барьдаг,  япон хүнийг шударга хичээнгүй хэмээн ярьдаг. Үүнтэй адил монгол хүн ямар мөн чанартай вэ гэдэгт нэлээд эрэл хайгуул хийж судалсан. Монгол хүн уужуу сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, хүнд нөхцөлд асуудалд тайван ханддаг зан чанартай юм байна гэж тодорхойлсон.  Энэ зан чанар жирийн нөхцөлд биш хүнд, эгзэгтэй шийдвэр гаргахад илэрдэг. Энэ шинжийг харуулсан түүхэн үйл явдал 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Өнөөдрийн бидний байгаа энэ цагийг авчрах зоригтой, эгзэгтэй шийдвэр гаргасан Ж.Батмөнх гэж хүнийг бүү мартаасай хэмээн хүссэн учраас энэ киног бүтээлээ. Түүх бол давтагддаг зүйл. Тэгэхээр түүхээ судалж мэдээд эндээс сургамж аваасай гэдэг үүднээс хийсэн” гэлээ. “Бүү март” уран сайхны кинонд тоглосон уран бүтээлчид ингэж ярьж байна.

Ц.Төмөрбаатар: Ю.Цэдэнбалын дүрд хоёр дахь удаагаа тоглолоо

- Манай “Бүү март” кинонд Ю.Цэдэнбал даргын амьдралын сүүлийн мөчүүдийг харуулж байгаа. Сонирхуулж хэлэхэд Ю.Цэдэнбалын дүрд тоглосон зургаа нүүр номондоо оруулахад хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Ю.Цэдэнбалын дүрд тоглож, төрийн шагналаа эргүүлж өгчихөөд ямар нүүрээрээ  түүний дүрд  дахиж тоглож байгаа юм бэ гэсэн байна лээ. Би уран бүтээлч хүн. Надад ямар үүрэг ноогдоно би түүнийг нь хийх ёстой. Чаддаг чаддагаараа үзэх хэрэгтэй. Инээмсэглэл алга гэж шүүмжлээд байна лээ. Ямарваа нэгэн хүн маш хүнд нөхцөлд байхдаа инээгээд байвал тэнэг харагдана.  Үзэгчид уран бүтээлчийн нүдийг харах гэж орж ирдэг. Тиймээс тэр нүд нь хэцүү, хүнд үеийн зовлон, баяр баясгалан тухайн үеийн байдлыг харуулж байх ёстой. Тэр хүн Зөвлөлт холбоот улсад эмчилгээ хийлгэх нэрийн дор хараа хяналтад байхдаа өөрийнхөө сэтгэлийг хуваалцах үгийг хэлэх эрхгүй сууж байгаа хүний хувьд ямар их сэтгэл, туулж өнгөрүүлсэн амьдрал,  эх орныхоо зүтгэсэн итгэл, сэтгэлтэй байсныг түүхэнд бичиж үлдээсэн байдаг. Одоо болтол бидэнд мартагдаагүй байгаа. Би хоёр дахь удаагаа Ю.Цэдэнбал даргын дүрд тоглож байна. Нас маань Ю.Цэдэнбал даргынхтай ойролцоо болж дээ.

 

Г.Мягмарнаран:-  Би дүрээ өмөөрч тоглосон

Энэ бүтээлд тоглох нь нэр төрийн хэрэг байлаа. Аливаа нийгэмд болж байгаа том үзэгдэл өнгөрөөд түүх болон хувирдаг. Тэр дундаа хоёр нийгэм солигдож байх энэ түүхэн үйл явдал эргээд аажуу уужуу харах  боломжийг энэ кино олгож байна. Мэдээжийн хэрэг аливаад алдаа, оноо бий. Энэ бүтээлээс шүүмжлэл, магтаалын аль алиныг нь сонсох нь ойлгомжтой. Гэхдээ ийм бүтээл хийх ёстой. Цаг хугацаа өнгөрөөд удвал зарим үнэн түүх бүдгэрэх, мартагдах аюултай. Тиймээс тухайн үед шийдвэр гаргаж байсан улс төрийн товчоо, ямар шийдвэр гарч байв гэдгийг уран сайхны аргаар харуулах ёстой. Бид дандаа түүх өгүүлээд байвал ямар ч уран сайхангүй болчихно. Уран сайхны тал нь Туяагийн дүр, миний тоглосон Гомбо генералын дүр байгаа юм. Энэ дүрийг түүхэн бодит дүр гэж харж болохгүй. Тухайн үед шийдэмгий арга хэмжээ аваад жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс байсан. Тэр байж болох хүнийг дүр болгож, зохиолд бичсэн. Би өөрийнхөө дүрийг өмөөрч тоглосон. Улс төрийн товчооны шийдвэрийг эсэргүүцэж зогссон хүний дүрийг уран сайхны аргаар гаргасан.

“Бүү март” уран сайхны кино түүхэн үйл явдлын нарийн мөрөөр орж, хуучин системийн сүүлчийн удирдагчийн түүхэн үнэнийг үзүүлэхийг зорьсон байна. Энэхүү киног архивын протокол дээр тулгуурлан зохиолыг нь бүтээсэн аж. “Бүү март” түүхэн уран сайхны киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн бол Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь компьютер графикаар бүтээсэн байна. Мөн ОХУ-д зураг авалт хийсэн аж. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. “Бүү март” киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ.

Ц.Оюунтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих