Б.Хурцыг сулласанд Б.Болор буруутай гэж үү

Бүтэн жилийн турш дуулиан шуугианы дунд байсан Монгол Улсын иргэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц Германаас суллагдан эсэн мэнд эх орондоо ирээд байна. Түүнийг суллагдан эх орондоо ирсэнд баярлах нэгэн байхад бас түүнтэй холбоотой хэн нэгнийг буруутгах үзэгдэл ажиглагдаж байна.

Б.Хурцыг сулласан талаарх мэдээлэл олон нийтэд ирээгүй, мэдээлэл нууцалсан зэргээр ГХЯ, тэр дотроо дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Болорыг захиалгатайгаар буруутгах хэвлэлийнхэн байна. Уг нь Монгол Улс иргэнээ харийн оронд эрхээ хасуулан хоригдож эхэлсэн цагаас бүх боломжоо дайчлан ажилласан гэж болно. Иргэн бүр түүнийг суллуулахын төлөө байж, Английн элчин сайдад удаа дараа шаардлага хүргүүлж өнгөрсөн бүтэн жилийн турш түүнтэй зүрх сэтгэл нэг байв.

Засгийн газраас ажлын хэсэг томилж, томилогдсон ажлын хэсэг ч амжилттай ажилласан гэж дүгнэж болохоор байна. Учир нь Монгол Улс иргэнээ эх оронд нь авчирж чадлаа. Үүргээ Ажлын хэсгийхэн сайн гүйцэтгэлээ. Гэтэл юуны учир Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийхэнийг буруутгах болов гэдэг нь үл ойлгогдохоор байна.

Эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц харийн нутагт доромжлогдон хоригдох нь зөв байсан юм болов уу. Монголын ард түмэн лав үүнийг хүсээгүй, харин хэсэг бүлэг эрхмүүд улс төрийн зорилгоор түүнийг “битгий суллагдаасай” гэсэн хүслээ шивнэж байсан байхыг үгүйсгэхгүй. Б.Хурц хүн хулгайлсан, олон улсын хууль дүрэм зөрчсөн ч бай, манай улс иргэнээ эрх зүйн хувьд хамгаалах ёстой.

Тэр л үүргийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг амжилттай гүйцэтгэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг мэдээлэлгүй байсан, ташаа мэдээлэл өгсөн зэргээр буруутгаж байна. Монгол Улсад нууц гэж байх ёстой. Тэр болгоныг олон нийтэд мэдээллэх ёстой гэж үү. Тэр тусмаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өндөр дээд албан тушаалтныг харь орноос суллагдан ирэх талаар мэдээллийг тоочны хэлэх аюултай ч байж мэднэ. Тиймээс Ажлын хэсгийнхэн энэ тал дээр болгоомжтой ажилласан байх учиртай.

Харин ч өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд нээлттэй байж, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж байсаныг сайшаах хэрэгтэй биш үү.

Т.Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих